UBLife Logo
Спорт

ДАШТ-д оролцохгүй болсон 23 од

ДАШТ-д оролцохгүй болсон 23 од

Канад, Мексик, АНУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Багууд албан ёсны бүрэлдэхүүнээ зарлаж, нөхөрсөг тоглолтуудаа хийж байна. Харамсалтай нь олон гялалзсан од энэхүү тэмцээнд орж чадахгүй болжээ. Гэмтэл бэртэл, сонгон шалгаруултад ялагдсан, улс төр гээд олон шалтгаан бий.

Хвича Кварацхелия

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Гүржийн шигшээ баг тун тааруухан тоглож, шалгараагүй. Энэ жил ДАШТ байгаагүй бол “Алтан бөмбөг” шагнал авах хүн бол Хвича байлаа. Аваргуудын лигийн шилдэг тоглогч. 16 тоглолтод 10 гоол, 6 дамжуулалттай.

Жанлуижи Доннарумма

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Италийн шигшээ хэсэгтээ Норвегид ялагдаад, халз тулаанд Боснид хожигдоод сүүлийн жилүүдийн “уламжлал” ёсоор шалгараагүй. 27 настай Доннарумма ДАШТ-д нэг ч тоглож үзээгүй.

Ян Облак

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Евро-2024 дээр гялалзсан тэднийг 48 багийн тоонд багтах байх гэсэн ч чадсангүй.

Роберт Левандовски

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. ДАШТ-д хамгийн үгүйлэгдэх од бол яах аргагүй Лева. Барсатай хамт хоёр цом өргөсөн улирал байлаа.

Доминик Собослаи

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Энэ улиралд чадах чинээгээрээ “Ливерпуль” багаа аварсан ч шигшээ баг нь шалгарч чадсангүй. Англид хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч гээд бүх байрлалд тоглож, торгуулийн цохилтоос гоолын хур буулгаж байлаа.

Бриан Мбемо

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Камеруны хүчирхэг баг хэсгийн тэргүүн байраа  Кабо-Вердед алдаад халз тоглолтод Конгод ялагдаад мултарсан. МЮ багийн шилдэг мэргэн бууч тэрээр Премьер лигт 11 гоол оруулсан байв.

Виктор Осимхен

Яагаад – Сонгон шалгаруулах тэмцээнд ялагдсан. Нигерийн баг мөн л Ардчилсан Конго улсын нударгыг амссан баг. Хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнээ алгасаж байгаа нь энэ.

Фермин Лопес

Яагаад – гэмтэл. Улирал дуусах дөхөөд, баг нь аварга болчихсон байхад тун харамсалтай гэмтэл. ДАШТ-ээс нэг сарын өмнө гэмтсэн ч хүнд гэмтэл тул эдгэрч амжихгүй нь тодорхой болсон.

Юго Экитике

Яагаад – гэмтэл. Аваргуудын лигийн ПСЖ-тэй хийсэн тоглолтод бүдэрч унаад ахиллын шөрмөсөө тасалсан.

Хави Симонс

Яагаад – гэмтэл. “Тоттенхэм” баг нь лигээс хасагдахгүй гэж амь тавьж байх тэр үед өвдгөө хүнд гэмтээсэн.

Эстевао

Яагаад – гэмтэл. Хямралд орсон “Челси”-д ганц гялалзаж байсан нь тэр. Даанч хавар гэмтээд талбайг орхисон.

Родриго

Яагаад – гэмтэл. Гуравдугаар сард гэмтсэн. Эдгэрэх хугацаа нь 10 сар гэж байгаа.

Серж Гнабри

Яагаад – гэмтэл. Улирал дуусахад ганцхан сар үлдээд байхад гэмтсэн. Уг нь шигшээдээ довтолгоонд хэрэгтэй тоглогч байлаа.

Каорү Митома

Яагаад – гэмтэл. Тавдугаар сард гэмтээд дахин талбайд гараагүй. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахаас хэдхэн хоногийн өмнө болсон явдал.

Марк-Андре тер Стеген

Яагаад – гэмтэл. Нойер шигшээ багаас зодог тайлж, түүний үе ирсэн мэт байлаа. Гэвч “Барса”-д сэлгээнд суугаад, “Жирона”д шилжээд тэр дороо хүнд гэмтсэн.

Лои Опенда

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Урьдчилсан шатны хэсгийн тоглолтод шигшээ багт дуудагдаж байсан ч энэ удаад сонгогдсонгүй.

Жуан Педро

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Карло Анчелотти дасгалжуулагч бидэнд өөр тоглогч хэрэгтэй гэж хэлсэн.

Пауло Дибала

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Улирал дуусахаас өмнө гэмтлээ эдгээгээд талбайд гарсан. Гэвч Аргентины дасгалжуулагч Лионель Скалони түүний байрлалд ирээдүйтэй залуу тоглогчийг дуудахаар шийдсэн.

Коул Палмер

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Дасгалжуулагч Томас Тухель түүнийг урьдчилсан шатанд ашиглаагүй ч хаврын нөхөрсөг хоёр тоглолтод дуудсан. Харин Коул Уругвай, Японтой хийсэн тоглолтод тодорч чадаагүй.

Трент Александер-Арнолд

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Тухелийн хохирогч гэхээсээ илүү өөрөө лигийн тэмцээнд тааруу байсан. Мадридын Реал багийн сэлгээнд суусаар таарсан.

Фил Фоден

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. Нэгэн цагт Английн шигшээ багийн ирээдүй гэгдэж байсан Фил гэмтэл бэртлээр биш форм муутайгаасаа болж, дотоод өрсөлдөөнд ялагдсан.

Юссеф Эн-Несири

Яагаад – дасгалжуулагч дуудаагүй. 2022 оны ДАШТ-ий Мароккогийн гол довтлогч дотоод өрсөлдөөнд ялагдсан.

Сердар Азмун

Яагаад – улс төр. Гуравдугаар сард АНЭУ-ын Ерөнхий сайдтай хамт зураг авахуулсан нь Ираны томчуудад таалагдаагүй. Урьд өмнө ч засгийн газрын эсрэг жагсагчдыг дэмждэгээ илэрхийлж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...