Хөлбөмбөгийн ДАШТ эхлэх дөхсөөр. Үндэсний холбоод шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлаж дууслаа. Эрт дээр цагт багийн дасгалжуулагч хэвлэлийн бага хурал зарлан хийлгэж, сэтгүүлчдийн өмнө цаас харан, тамирчдынхаа нэрсийг уншдаг байлаа. Харин одоо цаг өөрчлөгдсөн. Олон нийтийн сүлжээ, онц сонирхолтой видео контентын эрин үед эгэл жирийнээр мэдээ уншдаг үе өнгөрсөн. Алдарт “Битлз” хамтлагаас эхлээд Африкийн ширэнгийн бичлэг гаргаж, зарим улс Хааны гэр бүлийн гишүүдээ авчирчээ.
Англия, Beatles... Come Together
Английн шигшээ багийн бичлэгийн гол нь “The Beatles” хамтлагийн “Come Together” дуу. Энэхүү бичлэгт Үндэсний шигшээ багаа эх орныхоо түүхтэй холбон, хөлбөмбөг Английн нийгэмд ямар үүрэгтэйг тод харуулжээ.
Кюрасао дэлхий дахинд папьяменто хэл заалаа
155 мянган хүн амтай, Карибын тэнгисийн жижигхэн арал Кюрасаогийн шигшээ баг ДАШТ-д оролцохыг мөрөөддөг байлаа. Үндсэн бүрэлдэхүүнээ тэд нутгийнхаа папьяменто хэлээр зарласан. Зорилго нь бяцхан ч омог бардам ард түмнийхээ хэлийг дэлхийд таниулах.
Шинэ Зеланд: киви шувуу
Шинэ Зеландын хөлбөмбөгийн холбоо бүрэлдэхүүнээ зарлахдаа хошин шог, үндэсний өнгө аястай тааруулжээ. Тоглогчдоо гол болгон харуулахын оронд жирийн ахуйн дүрсүүд гаргаж, киви шувуугаа онцолжээ. Энэхүү эрч хүчтэй бичлэгт Аотеароагийн соёл, байгаль, амгалан тайван амьдралыг хөнгөхөн үзүүлсэн байна.
Норвег: Эзэн хаан Харальд V
Норвегийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг Эзэн хаан Харальд V зарласан. Хаантан зарлаж байх хооронд Норвегийн өдөр тутмын амьдрал дэлгэцэд гарч байна. Хүүхдүүд хөлбөмбөг тоглох гэх мэт. Тоглогчдын нэрийг шууд хэлэлгүй энэ бичлэгийн дээд хэсэгт гаргаж байгаа нь шигшээ баг энэ улстай салшгүй холбоотой гэдгийг илэрхийлжээ.
Испани: Эзэн хаанаас ард түмэндээ
Испани шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлах явцаа үндэсний эв нэгдлийн баяр болгон хувиргасан. Эзэн хаан Фелипе VI шигшээ багаа “Бүх улс орны мэдүүлэг” хэмээн ард түмэндээ хандана. Үүний дараа янз бүрийн мэргэжлийн хүмүүс ээлж дараалан багийн тоглогчдын нэрсийг дуудаж байна.
Португал: Уламжлалт ч сэтгэл хөдөлгөсөн ёслол
Португал улс тоглогчдод гол анхаарлаа хандуулсан сонгодог хэлбэрийг сонгосон. Туршлагатай удирдагчид, залуу одод, мэдээж 6 дахь ДАШТ-дээ оролцох гэж байгаа Криштиану Роналдуд онцгой анхаарал хандууллаа. Энэхүү бичлэгт Диогу Жотаг дурсан санаж, Жоту одоо ч шигшээ багийн гишүүн гэдгийг тодотгожээ.
Герман: Тоглогчдын хүүхэд нас
Германчууд алдарт тоглогчдоо биш тамирчдын хувийн түүхийг онцолжээ. Зүгээр нэг нэр зарлах биш тэдний хүүхэд насны зураг, бичлэг гаргаж, шигшээ багт дуудагдахаас өмнө хэн байсныг нь харууллаа.
Аргентин: Скалонигийн захидал
Ерөнхий дасгалжуулагч Лионель Скалони нутаг нэгтнүүддээ хандан бичсэн, сэтгэл хөдөлгөм захидлаар бүрэлдэхүүнээ зарлалаа. Жирийн ч утга учир дүүрэн энэ захидлаар тэр ДАШТ-д Аргентины нэрийг хамгаалах тамирчдаа ээлж дараалан нэрлэсэн юм.
Нидерланд: Шинэ киноны трейлер?
Нидерландын үндэсний холбоо багаа шинэ кино, цувралын трейлер хэлбэрээр зарласан. 26 тоглогч жүжигчид болсон энэ бичлэг жинхэнэ энэ цаг үеийн бүтээгдэхүүн байлаа.
Шотланд: Юэн Макгрегортой богино хэмжээний кино
Багийн бүрэлдэхүүнийг зарлах гэхээсээ илүү богино хэмжээний кино байлаа. 1998 оноос хойш ДАШТ-д эргэн ирж байгаа Шотланд, сэтгэл хөдөлгөсөн текст, түүхэн бичлэгүүд. Алдарт жүжигчин Юэн Макгрегор үзэгчдэд багаа танилцуулна.
Узбекистан: Узбекийн хөлбөмбөгийн шинэ эрин
Хиймэл оюун ашигласан шинэ технологитой видео танилцуулга. Узбекистаны уламжлалт хээ угалз, шигшээ багийн хөх цагаан өмсгөл болон хувирч, багийн бэлтгэл, цэнгэлдэх хүрээлэн, хөгжөөн дэмжигчид үзэгдэнэ. Энэ бол Узбекийн хөлбөмбөгийн шинэ эрин гэдгийг тодотгосон байна.
АНУ: Тоглолтын дүрстэй эрч хүчтэй бичлэг
26 тоглогч тоглолтын эгзэгтэй агшин, хөгжөөн дэмжигчдийн уухай дор гарч ирэх юм. Кристиан Пулишич, Уэстон Маккенни, Тайлер Адамс, Жио Рейна зэрэг алдартнуудаа илүү онцолсон ч шинэ залуусыг мартаагүй.
Бразил: Карло Анчелоттигийн уламжлалт заншил
Бразил улс шигшээ багаа амьд арга хэмжээгээр танилцуулсан. Ерөнхий дасгалжуулагч Карло Анчелотти ёслолыг нээж, дараа нь сэтгүүлчдийн өмнө тамирчдаа нэг нэгээр нь дуудна.
Колумби: Уламжлалт ёслол
Ахлах дасгалжуулагч тамирчин болгоноо тоглолтын бичлэгтэй нь танилцуулсан сонгодог хэлбэр.
Франц: Орчин үеийн танилцуулга
Жирийн хэвлэлийн бага хурлын оронд үндэсний онцлогоо харуулсан хөгжилтэй бичлэг хийжээ. АНУ-д байгаа бэлтгэлийн бааз дээр болж байгаа зохиомол цуврал кино. Түгжрэл, барбекю гээд л америк амьдралыг ёжилжээ.
Канад: Баг, хотуудаа танилцуулав
Зохион байгуулагч орон гэдэг утгаараа хотууд, цэнгэлдэх хүрээлэнгүүдээ харуулж, хажуугаар нь канад хөлбөмбөг хэр хөгжиж, амжилт олсныг илтгэжээ.
Сенегал: Бид Африк
Энэ бичлэгт Африкийн байгаль, арслан, Африкийн цомд түрүүлж байгаа дүрс, бичлэг гарна. Маш их хандалт авсан бичлэг.
