UBLife Logo
Дэлхий

80 настай Трампын эрч хүчтэй байдгийн этгээд 4 нууц

80 настай Трампын эрч хүчтэй байдгийн этгээд 4 нууц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр 80 нас хүрлээ. Наян нас хүрсэн ч тэрээр эрч хүч дүүрэн, энэ дэлхийг бужигнуулан, сандаргасан хэвээр байна. Холбоотон түнш орнууддаа өндөр татвар оноож айлган, хөрш орныхоо Ерөнхийлөгчийг “хулгайлж”, уурыг нь хүргэсэн улсад довтолж, хэдхэн өдрийн дотор онгоцоор тив дамжин айлчилсаар л. Энэ бүх ачааллыг тэрээр яаж дааж байна вэ? 80 настай хүн битгий хэл идэр 40-тэй хүн ч барахгүй мэт. Ямар нууц байна вэ, түүнд.

Дональд Трамп өнгөрсөн жилийн сүүлээр тангараг өргөж байхдаа АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч болж байсан. Тэр үед Трамп “2026 оны зорилго маань амьд мэнд байх гэж тоглож байлаа. Түүний намынхан Трампыг ямар ч хүнд дэглэмд ажиллаж чадах, эрч хүчтэй удирдагч гэж хардаг. Харин сөрөг хүчнийхэн үе үе нас дээр гарсан шинж тэмдгийг нь дурдан, оюун ухааны чадварт нь эргэлздэг. Харин бид өдий хүртэл уйгагүй ажиллаж ирсэн, цаашдаа ч дэлхийн хамгийн том гүрнийг удирдан авч явах, энэ Ерөнхийлөгчийн амьдралын хэв маягийг нь судалж, нууцыг нь тайлахыг хичээлээ.

Нянгаас айдаг, архи уудаггүй

Трамп хэргэлдэг хоол хүнсээ хэзээ ч нууж байгаагүй. Түргэн хоол, өндөгтэй бекон, мөхөөлдөс, сахаргүй кока-коланд дуртай. Өдөртөө “Oreo” жигнэмэг, чипс амандаа хийнэ. Өглөөний хоол заримдаа идэхгүй, идлээ гэхэд өндөгтэй бекон. Өдөр ч гэсэн заавал хоол идэх гээд байхгүй. Трампын ажилтнуудын хэлснээр Ерөнхийлөгчийн оройн хоол нь “Big Mac” хоёр хамбургер, “Filet-O-Fish” хоёр сэндвич, сүүтэй шоколадан Коктейлиос бүрдэх явдал байдаг гэнэ.

“McDonald’s” зэрэг түргэн хоолны сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэдэг нь тэр эртнээс нянгаас айдагтай нь холбоотой. Трампын намтрыг бичсэн зохиолчид захиалан худалдаж авсан хоол хүнсийг аюулгүй гэж үздэг. Учир нь захиалагчийг мэдэхгүй тул хэн ч хорлох гэж оролдохгүй гэж боддог. Трамп тамхи татдаггүй, коце уудаггүй, согтууруулах ундаанаас хол. Яагаад архи дарс уудаггүй вэ гэдгээ тэр ,архинд орж, 42 настайдаа нас барсан Фред ахтайгаа холбон тайлбарладаг. Трампын ийнхүү хоол идэхгүй уддаг зуршил нь бодисын солилцоог сайжруулдаг мацаг барихтай ижил үүрэгтэй болдог гэж шинжээчид үзэж байна. Ерөнхийлөгч анх болж байхдаа Трамп зарим үед 16 цаг хоол идэлгүй явдаг байсан гэнэ. Тэрээр санаатайгаар мацаг барьж, эрүүл мэндээ бодоогүй ч хувийн зуршил нь эрч хүчтэй байхад нь тус болдог байна.

Урт наслах удамшилтай

Ерөнхийлөгч Трамп эмнэлгийн үзлэгт байнга хамрагддаг. Сүүлийн 13 сарын доторх гурав дахь шинжилгээгээ тэрээр өнгөрсөн тавдугаар сард өгсөн. Шинжилгээгээр түүний “зүрх судас нас” нь жинхэнэ наснаас нь 14 жилээр бага гарчээ. Цагаан Ордны эм нарын мэдээлснээр Трампын танин мэдэхүйн үйл ажиллагаа хэвийн хэвээр байна. Түүний оюун ухааны чадварыг Монреалийн сэтгэцийн эрүүл мэндийн хэмжүүрээр үнэлсэн бөгөөд энэ нь зөнөгрөл, Альцгеймерийн өвчин болон бусад эмгэгийн шинж тэмдгийг илрүүлэх арван минутын тест байлаа. Харин Трамп хамгийн их боломжит оноо буюу 30 онооноос 30 оноо авчээ. Цагаан Ордны эмч асан Ронни Жексон Трампын эрүүл мэнд сайн байгааг удамшилтай холбон тайлбарласан. Ронни “Энэ бол генетик. Зарим хүн төрөхөөсөө ген сайтай байдаг. Би Ерөнхийлөгчид “Хэрэв та 20 жил эрүүл хооллосон бол 200 наслах байсан” гэж хэлдэг байсан” гэж 2018 онд хэлж байжээ.

Трамп өөрөө ч эрүүл энх байгаагаа удамшилтай холбон тайлбарлаж байсан. 2020 онд Миннесотад болсон сонгуулийн өмнөх сурталчилгаагаар тэр “Уралдааны хурдан морийг аваад үзье. Сайн азарга, сайн гүүнээс хурдтай, хүчтэй үр төл гардаг. Би удмын ялагчийн гентэй” гэж хэлж байлаа. Үнэхээр удамшсан зарим ген нь зүрх судасны өвчин, чихрийн шижингээс хамгаалдаг байна. Трампын эцэг эх нь урт насалснаараа алдартай. Аав нь хэдий Альцгеймерийн өвчтэй байсан ч 93 настайдаа уушгины хатгалгаагаар нас барсан. Хорт хавдар, зүрх судасны хүнд өвчин тусаж байгаагүй. Ээж нь 88 насалсан. Ясны сийрэгжилтээс өөр өвчин зовлон  тусаагүй хүн. Энэ удамшлын ачаар Трамп өдөрт 4-5 цаг унтсан ч даралт нь 105/71 хэвийн байдаг байна.

Гольф, гольф, гольф...

2025 оны дөрөвдүгээр сарын шинжилгээнээс хойш энэ жилийн үзлэгийн хооронд Трамп 6,4 кг жин нэмж, 108 кг жинтэй болсон. Энэ нь эмнэл зүйн таргалалтад ойртож байгаа юм. Эмч нар түүнд спортоор хичээллэхийг зөвлөсөн ч Трамп зөвхөн гольф л тоглодог. Тэр хэзээ ч зааланд дасгал хийх сонирхолгүй. Харин эсрэгээрээ спортоор хичээллэх нь эрч хүчийг барагдуулдаг гэж үздэг байна. CNN агентлагийн бичсэнээр Трамп “Цэнэглэлтийн онол”-д итгэдэг. Түүний бодлоо хүн төрөхдөө хязгаарлагдмал хэмжээний амьдралын эрч хүчтэй төрдөг байна. Харин биеийн ачаалал авах нь энэ эрч хүчний нөөцийг багасгадаг. Тиймээс гольф тоглохдоо Трамп талбайд алхдаггүй, тусгай машинаар явахыг илүүд үздэг.

“Trump Revealed” номд “Коллеж төгсөөд Трамп спортын сонирхлоо орхисон. Тэр спортоор хичээллэх нь цаг алдаж байгаа хэрэг гэж үздэг болсон. Трамп хүний бие хязгаарлагдмал хэмжээгээр цэнэглэгдсэн зай гэж тооцон, цэнэгээ алдахгүйн тулд спортоо хаясан юм. Нэгэн казиногийн эзэн Жон О’Доннелл триатлоны тэмцээнд орох гэж байгааг сонсоод Трамп “Чи залуугаар үхнэ шүү” гэж анхааруулж байсан” гэж бичсэн байдаг.

Хэзээ ч уучлал гуйдаггүй

Жексон эмч Трампыг стресст ордоггүй, өглөө болгон өөрийгөө дахин шинээр цэнэглэж, өдрийг ямар ч дарамтгүй эхлүүлж чаддаг өвөрмөц чадалтай хүн гэж үздэг.

“Ерөнхийлөгчийг гүн стресст орсон байхыг би хэзээ ч харж байгаагүй. Тэр ямар ч юм тохиолдсон өглөө босоод л зүв зүгээр шинэ өдрийг эхлүүлдэг. Энэ чанар нь түүнийг стресст орохгүй байхад тус болдог байх” гэж Жексон ярьж байна.

Трамп өөрийгөө нэг бус удаа “Том тархитай, тайван амгалан суутан” гэж нэрлэж байлаа. Наян нас хүрсэн ч Трамп өдөрт 12 цаг ажиллаж чаддаг. Түүний багийнхан өглөө эрт Трампын “Truth Social” сүлжээндээ шөнө юу бичсэнийг, бичсэн зүйл нь улс төрийн ямар нэг асуудал үүсгэх эсэхийг нь хянадаг гэнэ. Трампын рекорд амжилт нь нэг шөнө 160 пост бичсэн амжилт.

Мөн Трампын эрүүл энх байгаа нэг шалтгаан нь ямар нэг алдаа гаргасандаа санаа зовдоггүй, хэзээ ч уучлал гуйдаггүйд оршдог байна. Зарим шинжээч энэ чанарыг нь нарциссист шинж тэмдэг гэж үздэг бол нэг хэсэг нь сэтгэл санааны маш тогтвортой байдал гэж хардаг.  

“Би буруу юм хийсэн бол хэзээ нэг цагт уучлал гуйх болно. Гэхдээ тийм цаг ойрдоо ирэхгүй байх гэж найдаж байна” гэж 2015 онд ярилцлагадаа хэлж байлаа.

Трамп өөрөө 80 насныхаа талаар “Надад 80 насны төрсөн өдөр гэж битгий баяр хүргэ. Баяр хүргээд байх юм байхгүй. Би энэ тооны талаар юу ч бодож байгаагүй. Надад 80 нас гэдэг үг таалагдахгүй байна” гэж Цагаан ордонд болсон арга хэмжээний талаар хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...