UBLife Logo
Спорт

F хэсгийг “Хөх Самурай” тэргүүлэх үү?

F хэсгийг “Хөх Самурай” тэргүүлэх үү?

Японы шигшээ багийн ур чадвар жилээс жилд өссөөр байгааг бүх шинжээчид хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр өглөө “Хөх Самурай” энэ ДАШТ-ий анхны тоглолтоо хийж, Нидерландтай 2:2 тэнцлээ. Өнгөц харахад хүчирхэг Нидерландтай тэнцсэн нь сайн үзүүлэлт мэт боловч өнөөгийн Наран орны хувьд чамлахаар зүйл байлаа. Дасгалжуулагч Хажимэ Мориясү ДАШТ-д ирэхээсээ өмнө дэлхийн аварга болох зорилготой гэж хэлж байсан бол өнөөдрийн тоглолтын дараа сэтгүүлчдэд “Ялж чадаагүйдээ тун их харамсаж байна. Гэхдээ бид хоёр удаа тоо дутуу яваад тэнцүүлж чадлаа. Тоглогчид нэг цул хамт олон гэдгээ харууллаа. Ганцхан оноо авна гэдэг харамсалтай ч багаараа авсан оноо” гэж хэлжээ.

Мориясү хоёр ДАШТ дараалан багаа удирдаж байна. Энд ирсэн шигшээ багийн дасгалжуулагч нараас багт удаан ажилласнаараа Францын Дешам, Хорватын Далич хоёрын ард л орж байна. Тэрээр гадаадын шилдэг багуудад тоглодог тамирчдад тулгуурлаад байхыг боддоггүй. Дотоодын лигийн залуусаа их ашигладаг. 2025 онд шигшээд нийт 65 тоглогч дуудаж, сонголт хийсэн. Туршлагатай ахмадуудаа үлдээж, шинэ авьяаслаг залуустай тэнцвэртэй баг босгохыг хичээсэн. Мориясү тоглогчдоо прессинг хийхийг шаардаж, хүчирхэг багтай тоглохдоо 30 хувь бөмбөг эзэмшсэн ч ялж чаддаг байх арга барилд дасгаж чаджээ. Нидерландтай тэнцсэнээр Японы баг Европын багийн эсрэг сүүлийн 10 тоглолтдоо 8 ялж, 2 тэнцсэн гэсэн гайхамшигтай амжилт үзүүлээд байна. Герман, Испани, Англи, Бразилыг ялсан япончууд итгэлтэй байх нь аргагүй.

Нидерланд – Япон – 2:2

 Гоол: Ван Дейк (51), Саммервилл (64) – Накамура (57), Камада (89)

Шар хуудас: Саммервилл (61), Депай (83)

Нидерланд: Вербругген, Дюмфрис, ван де Вен, Ван Дейк, ван Геке, Гравенберх (Аке, 81), де Йонг, Рейндерс (Тимбер, 70), Саммервилл (Копмайнерс, 70), Мален (Депай, 70), Гакпо (Бробби, 85).

Япон: Сүзүки, Ватанабэ (Томиясү 75), Танигүчи, Х.Ито, Доан (Сүгавара, 75), Камада, Сано, Накамүра, Күбо (Огавара, 75), Маэда (Д.Ито, 66), Үэда (Шиогай, 84).

Шүүгч: Исмаил Эльфат (США)

Стадион AT&T Stadium (Арлингтон, АНУ)

Японы шигшээ ДАШТ-д орох эрхээ хамгийн түрүүнд авсан баг. Гэхдээ тэмцээний өмнө багийн ахлагч Эндо, “Брайтон” багийн Митома, “Монако”-гийн Минамино гэсэн гурван чухал тоглогчоо гэмтлээр алдсан. Супер од байхгүй ч жигд, ихэнх нь Европын багийн гарааны тоглогч нар. Довтлогч Үэда энэ улирлын Нидерландын лигийн мэргэн бууч бөгөөд 24 гоол оруулсан. Камада бол “Кристалл Палас” багтайгаа энэ жил Конференц лигт түрүүлсэн. 39 настай Нагатомо цагтаа Миланы “Интэр” багт гялалзаж явсан тоглогч. Хаалгач Сүзүки Италийн “Парма”-д, “Япон Месси” Күбо Испанид гялалзаж байгаа гэхээр Японы шигшээ энэ ДАШТ-д ихээхэн хол явах нь гарцаагүй.

Японы хөгжөөн дэмжигчид хогоо цэвэрлээд явдгаараа төдийгүй өрсөлдөгч багаа хэзээ ч муулдгүйгээрээ алдартай. Харин япон хүний энэ зан л шигшээ багт гай болж магадгүй юм. 2018 оны ДАШТ-д Бельгийн багтаа тоглохдоо хамгаалаад л ялчих үед самурай хүний зангаараа довтолсоор ялагдаж байлаа. Өмнөд Америк, Европын хашир тоглогчид шиг шүүгчийн нүдний далдуур хорлонтой зүйл хийдэггүй, ил тод дэгээдэж унагаахгүй, түлхэхгүй, гээд “томоотой зан”-гаа орхичих юм бол юм дуулгах Азийн баг бол яах аргагүй Наран орон билээ.  

Японы шигшээ баг

Хаалгач: Заион Сүзүки ("Парма"), Кэисүкэ Осако ("Санфречче Хирошима"), Томоки Хаякава ("Кашима Антлерс").

Хамгаалагч: Юто Нагатомо ("Токио"), Шёого Танигүчи ("Сент-Трюйден"), Ко Итакүра ("Аякс"), Цүёши Ватанабэ ("Фейеноорд"), Такэхиро Томиясү ("Аякс"), Хироки Ито ("Бавари"), Аюмү Сэко ("Гавр"), Юкинари Сүгавара ("Вердер"), Жюнносүкэ Сүзүки ("Копенгаген").

Хагас хамгаалагч: Ватарү Эндо ("Ливерпуль"), Жюня Ито ("Генк"), Даичи Камада ("Кристал Пэлас"), Рицү Доан ("Айнтрахт"), Ао Танака ("Лидс Юнайтед"), Кэито Накамүра ("Реймс"), Каишю Сано ("Майнц"), Такэфүса Күбо ("Реал Сосьедад"), Юито Сүзүки ("Фрайбург").

Довтлогч: Коки Огава ("НЕК Неймеген"), Дайзэн Маэда ("Селтик"), Аясэ Үэда ("Фейеноорд"), Кэнто Сиогаи ("Вольфсбург"), Кэисүкэ Гото ("Сент-Трюйден").

Энэ хэсгийн хоёрдугаар тойрогт Нидерланд Шведтэй (6-р сарын 20), Япон Тунистэй (6-р сарын 21) тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...