UBLife Logo
Спорт

Голландчууд Хондагийн өвөрмөц тайлбарыг “Хошин шог” гэв

Голландчууд Хондагийн өвөрмөц тайлбарыг “Хошин шог” гэв

ДАШТ-ий Нидерланд, Японы багийн тоглолтыг NHK телевиз шууд дамжуулж, алдарт хөлбөмбөгч Хонда тайлбарласан билээ. Тоглолт 2:2 өндөрлөж, өрсөлдөөнөөс гадна Хондагийн өвөрмөц тайлбар фенүүдийн сэтгэлд үлдсэн юм. Хондагийн тайлбар одоо ч цахим ертөнцөд шуугиан тарьж, хоёр улсын хооронд гал асаагаад байна гэхэд болно. Үзэгчид одоо болтол Хонда албаар хошин шог аястай тайлбарласан уу гэж эргэлзэн, гайхсаар байна. Хонда бол маш олон багт тоглож байсан хөлбөмбөгч бөгөөд гадаадын замналаа Нидерландын “ВВВ-Венло” багаас эхэлсэн юм. За ингээд Хондагийн тайлбарт эргэн оръё. Түүний тайлбар угаасаа сонирхолтой болсон тус тоглолтыг улам чимсэн билээ.

● Усны завсарлагыг мэдсэнгүй. Энэ жилийн ДАШТ-д үе болгоны дундуур тамирчдад ус уух 3 минут олгож байгаа. Тэмцээн эхлээд 9 тоглолт өнгөрсөн байсан боловч Хонда тун их гайхаж, “Яагаад тоглолт зогсов? Яах гэж ус ууна гэж? Ёстой дэмий зүйл байна” хэмээн хэлж байв.

● Шүүлтийн VAR-ыг Хонда үргэлж VTR гэж нэрлэж байв.

● Коди Гакпо түүний уурыг ихэд хүргэсэн. Хонда эхлээд Нидерландын 11 дугаарыг хэн гэдгийг асуугаад дараа нь “Энэ Гакпо ёстой ядаргаатай, залхмаар этгээд юм аа. Захын довтлогч 193 см өндөр байж болохгүй. Тэдэнд өөр тоглогч байсангүй юу? Ер нь Нидерландад жорлонгийн суултуур нь ч угаасаа өндөр байдаг юм” гэжээ:

● Дараа нь Хонда Дензел Думфрисийг заагаад юун тоглогч вэ гэж асуув. Дензел олон жил Италийн “Интер”-т тоглож, одоо Мадридын “Реал” багт орох гэж байгааг дуулаад туйлын их гайхлаа.

● Тоглолтын Ерөнхий шүүгч талбай дээр Японы тоглогчтой мөргөлдөхөд “Түүнд шар карт өг. Чөтгөр алга” гэж шүүгчийг шийтгэхийг шаардлаа.

● Энэ үед дэлгэцээр үзэгчдийг гаргахад нэгэн эмэгтэй дуранд өртлөө. Хонда ихэд сонирхож “Энэ бүсгүй хэн бэ” гэж тун шаргуу асуув. Тэр үзэгч нь алдартай мэргэжлийн бөх Лив Морган байлаа.

● Японы баг тэнцээний гоол хийсэн булангийн цохилтын өмнө “Одоо нэг юм болно гэдгийг би мэдэрч байна” гэж зөнчийн авьяасаа харуулжээ.

● Гэхдээ тоглолтын эхний үе түүнд таалагдаагүй. Хонда “Аймшигтай муухай байна. ДАШТ үзэхэд их ядрах юм. Дөнгөж 40 минут өнгөрөөд байгаа юм уу? Би үзэж чадахгүй нь” гэж байсан юм.

Үзэгч япончууд ихэд сонирхон үзсэн ч өрсөлдөгч голландчуудад Хондагийн тайлбар огт таалагдсангүй. Нидерландын “Sportnieuws.Nl” сайт “Манай “ВВВ-Венло”, Италийн “Милан” багийн од, Японы шилдэг тоглогч байсан Хонда ДАШТ-ий түүхэнд үлдэх хошин шогийн үзүүлбэр үзүүллээ. Тэрээр дургүй, сэтгэлд таалагдаагүй зүйлээ хээв нэг хэлж, Нидерландын шигшээ багийг доош нь хийж, доромжиллоо. Цаашдаа дахин тайлбарлагчаар уригдахгүй нь лав” гэж бичээд гомдол гаргасан байна.

Манай уншигчид Хондаг эртний тоглогч гэж бодож байвал эндүүрэл шүү. Хонда зодог тайлаагүй байгаа, одоо Сингапурын лигт хүч үзэх гэж байгаа. Энэ нь түүний хөлбөмбөгчийн хувиар очсон 13 дахь орон болно. Хонда олон улсын дээд лигт гоол оруулсан хөлбөмбөгчийн рекордыг тогтоож, Гиннесийн номд бичигдэх зорилготой. Одоогийн байдлаар Хонда Европ, Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали тивд гоол оруулсан анхны  тоглогч. 13 орны лигт тоглохдоо лиг бүрд гоол оруулж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...