Өчигдөр шөнө энэ жилийн ДАШТ-ий эхний сенсаац бүр супер сенсаац гэж болохуйц үйл явдал боллоо. Алдарт Армада, дэлхий, Европын аварга Испанийн шигшээ баг дэлхийн чансааны 67 дахь багийг ялж чадсангүй. Кабо-Верде багийн хаалгач Возиньягийн гавьяагаар тус баг түүхэн дээд амжилт тогтоолоо. Возинья (жинхэнэ нэр нь Жозимар) 7 аюултай цохилтыг хааж, Sofascore-аас 9,7 гэсэн өндөр үнэлгээ авсан байна. Испани - Кабо-Верде тоглолтын шилдэг тоглогч нь Возинья байсан нь гарцаагүй. Испанийн алдартнуудыг өдөн, чаддаг юм бол ирээд бөмбөг ав гэж байгаа мэт л байсан энэ хаалгач хэн бэ?

Возинья!
● Возинья энэ сарын 3-нд 40 нас хүрсэн. Португалын хоёрдугаар лигийн “Шавеш” хэмээх дундаж багт тоглодог.
● Ангол, Молдав, Словак, Португал, Кипр гээд олон оронд тоглож байсан. Киприйн Цомд түрүүлж, амьдралынхаа цорын ганц цомыг өргөсөн. Гэхдээ Африкийн Цомын тэмцээнд 4 удаа оролцсон туршлагатай.
● Арлынхаа шилдэг хаалгачдын нэгд тооцогддог байсан ч нуруу намхан тул ямар ч баг авахгүй байлаа. Харин 16-17 насандаа 190 ам болж өсчээ.
● Молдавд нэлээд алдаршсан. “Зимбру” багийн ахлагч Штефан Бургиу нэгэн ярилцлагадаа “Би Возиньяг шүтдэг. Өмнө нь түүн шиг хаалгач харж байсан удаагүй. Арагшаа түүнд дамжуулалт өгөхгүй байхаар их уурладаг. Ихэнх хаалгач дамжуулалт авахаас эмээдэг шүү дээ” гэж байлаа.

Ингээд бага зэрэг дэлгэрэнгүй түүх сонирхоцгооё.
Түүний жинхэнэ нэр нь Жозимар. Мексикт болсон ДАШТ-д тоглосон Бразилын багийн тоглогчийн нэрийг түүнд өгсөн юм.
Эхлээд аав нь түүнд Аргентины багийн дэлхийн аварга Хорхе Вальданогийн нэрийг өгсөн ч Кабо-Вердегийн орон нутгийн захиргаа бүртгэж авахас татгалзжээ. Ингээд “Мексик-1986” тэмцээний Бразилын багийн Жозимарын нэрийг өгсөн байна. Ориг Жозимар эхлээд Бразилын шигшээд дуудагдсангүй. Харин хагас хамгаалагч Ренато Гаушо дасгалжуулагч Теле Сантанатай муудалцаад шигшээг орхиход түүний найз Леандро хамтдаа явжээ. Ийнхүү Жозимар шигшээд сэлгээгээр дуудагдаж, гуравдугаар тойрогт Хойд Ирландад гоол оруулж, плей-оффт Польшийн хаалганд дахин нэг гоол хийж, эцэст нь ДАШТ-ий бэлгэдлийн шигшээд багтсан байна.
Кабо-Вердегийн хэсгийн тоглолт АНУ-ын Атланта, Майами, Хьюстонд болж байгаа. Хэрэв тэд хэсгээсээ шалгарвал Мексикт хасагдах шатны тоглолтоо хийнэ. Бразилын Жозимарын тоглож байсан газар гэсэн үг.

Эмээ Возинья
Возинья бол түүний хоч бөгөөд “Эмээ” гэсэн утгатай. Багадаа тэр энэ хочоо үзэн яддаг байлаа. Яагаад ийм хочтой болсон юм бол? Возинья хоёр жилийн өмнөх ярилцлагадаа “Би аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаагүй. Төрсөн цагаасаа хойш аав үргэлж хаа нэг газар ажилтай, ээж ч гэсэн гэртээ байдаггүй байсан. Би өвөө, эмээтэйгээ өссөн. Дүүрэгтээ дандаа өөрөөсөө ах хүүхдүүдтэй тоглодог байлаа. Хөлбөмбөг сайн тоглоно, ялагдах дургүй. Хор шартай хүүхэд байсан. Намайг унагаана, дэгээдэнэ, хариугаа авч чадахгүй бол би их ууртай харьдаг байсан. Хүүхдүүд намайг эмээдээ ховлохоор явж байна гэж дооглодог байлаа” гэж хэлж байв. Ингээд тэр “Эмээ” хочтой болсон. Алдартай хөлбөмбөгч болсон хойноо л энэ хочноос салж болох мэт л санагдаж байв. Анголын багт тоглохоор очтол тэнд Жозимар нэртэй хаалгач байж байх юм гэнэ. Өмсгөл дээрээ ямар нэр бичүүлэх вэ гэж асуухад хүү “”Хэзээ ч Жозимар II гэж нэр бичүүлэхгүй. Кабо-Вердед намайг Возинья гэж мэддэг болохоор Возинья” гэж хариулсан байна.
Олон нийтийн сүлжээний од
ДАШТ-ий өмнө Возиньягийн аккаунтыг 100 мянган хүн дагадаг байлаа. Испанийн эсрэг тоглолтын үеэр Бразилын “Caze TV” телевизийн хөтлөгч нар үзэгчдэд хандан, Возиньяг дагахыг уриалсан байна. Тоглолт дуусахад “Эмээ” хаалгач 400 мянган дагагчтай болсон байв. Харин одоо 3,5 сая болсон. Тоглолтын дараах ярилцлагын үеэр сэтгүүлч түүнд шууд эфирээр түүнд харуулсан юм.

Возинья маш их гайхсан. Дөрвөн өдрийн өмнө оруулаад хэн ч тоохгүй байсан пост нь хэдхэн цагийн дотор 500 мянган лайк авсан байлаа.
Одоо тэр энэ арлын хамгийн аллдартай хүн болсон.
