Японд жил ирэх тусам халуун болж, агаарын дундаж хэм өссөөр байгаа. Энэ зун ч гэсэн тун халуун байгаа тул Токио хотын захиргаанаас компаниудыг ажилтнуудаа костюм, зангиатай биш богино цамц, шорт, сандаалтай ирэхийг зөвшөөрөхийг уриалж байгаа юм. “Tokyo Cool Biz” нэртэй энэ арга хэмжээ нь нэг талаас ажилтнуудад сэрүүхэн байх, нөгөө талаас зузаан хувцаснаас үүсдэг хүлэмжийн хийг багасгах, сэрүүцүүлэгч, сэнс үлээлгэх цахилгааныг хэмнэх зорилготой алхам юм.
Харин энэ шийдвэр эмэгтэйчүүдэд таалагдсангүй. Оффис дээр шорттой эрчүүд гарч ирэх нь тэдний хувьд үл хүндлэл, бусад ажилтнуудын хувийн орон зайд халдсан хэрэг гэж эмэгтэйчүүд үзжээ. “Tokyo Cool Biz” арга хэмжээний үр дүнд оффис өрөөгөөр амралтад байгаа мэт богино өмд, цамцтай эрчүүд холхиж, тэднийг харахаас өөр аргагүй байдалд орсон эмэгтэйчүүд эсэргүүцэл зарлаж байгаа юм. Үсэрхэг хөлтэй эрчүүдтэй цуг байхаас өөр аргагүй болсон эмэгтэйчүүд үүнийг “ажлын байрны бэлгийн дарамт” гэж үзэж байна. Цахим ертөнцөд “Сүнэхара” (すねハラ) гэсэн тусгай үг хүртэл үүсжээ. Сүнэ гэдэг нь өвдөг, шилбэ бол Хара нь харассмент буюу бэлгийн дарамт. Сүнэхара гэж хэлүүлэхгүйн тулд олон эрчүүд гоо сайхны газарт очиж, хөлнийхөө үсийг хусуулдаг болсон байна.

“Gorilla Clinic” гоо сайхны газрын судалгаагаар санал асуулгад оролцогчдын 53,5 хувь нь хэчнээн халуун байсан ч ажилдаа шорттой ирэхийн эсрэг байсан бол 46,5 хувь нь шинэ дүрмийг дэмжсэн байна. Эсэргүүцэгчдийн ихэнх нь хамт ажиллагсдынхаа үсэрхэг хөлийг харахаар дотор муухайрдаг гэжээ.

Токио хотын дарга Юрико Коикэ халуунд нимгэн хувцастай ирэх төслөө 2005 онд анх эхлүүлж байлаа. Тэр үед гаргасан “Cool Biz” нь ажилтнууд оффист богино цамцтай, зангиагүй байх хөтөлбөр байлаа. Ерөнхий сайд Коизүми энэ саналыг дэмжиж, зуны цагт пиджак, зангиагүй явдаг байлаа. Энэ арга хэмжээний хүрээнд эрчим хүч хэмнэсэн гэж ярьдаг. Харин 2011 оны газар хөдлөлтийн дараа засгийн газраас Тохокү мужид “Super Cool Biz” хөтөлбөр хэрэгжүүлж, цахилгаан эрчим хүч хэмнэж байсан билээ.
