Энэтхэгт сүүлийн хэдэн долоо хоног газар авсан эсэргүүцлийн жагсаал үр дүнгээ өгч эхэллээ. Тус жагсаалыг Энэтхэгийн “Жоомнуудын нам” зохион байгуулж байсан бөгөөд Боловсролын сайдаа огцрохыг шаардаж байсан юм. Хэрэг явдал тавдугаар сарын элсэлтийн ерөнхий шалгалтаас эхтэй. Тэр үед шалгалтын сэдэв задарсан байх магадлалтай гэж үзсэн Боловсролын сайд шалгалтын үр дүнг хүчингүйд тооцсон. Энэ шийдвэрээс болж, олон хүн амиа хорлосон юм.

Зургаадугаар сард дахин шалгалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Боловсролын яамнаас телеграм сүлжээг түр зуур хаасан. Энэ шийдвэрээ тэд шалгалтын үеэр хуулах явдал гарахаас сэргийлсэн гэж тайлбарласан. Гэвч үнэндээ энэ сүлжээ нь олон арван сая залууст шалгалтад үр дүнтэй бэлтгэх гол хэрэгсэл нь байлаа.
Ингээд улс орон даяар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн эхэлсэн билээ. Боловсролын сайд Дхармендра Прадхан Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газрын олон нийтийн эсэргүүцлээр ажлаа өгсөн анхны сайд болж байгаа юм.

“Жоомнуудын нам”-ын тавьсан шаардлагыг Засгийн газар биелүүлсэн тул жагсаалаа тараах болсноо тэд мэдэгдсэн. Боловсролын сайд огцорсноос гадна амиа хорлосон залуусын гэр бүлд мөнгөн төлбөр төлөх, жагсаалд оролцогчдыг мөрдөн шалгахгүй байх шаардлагыг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрчээ.
“Жоомнуудын нам” гэдэг нь албан ёсны нам биш нийгмийн хөдөлгөөн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан. Энэтхэгийн Дээд шүүхийн дарга Сурья Кант ажилгүй залуусыг жоом хэмээн нэрлэж, хийх юмгүй юмнууд сэтгүүлч болж, улс төрийн идэвхтэн болох юм гэж хэлсний дараа тус хөдөлгөөн үүссэн юм.
