UBLife Logo
Newsfeed
COP17 |  34 шийдвэр баталж, Монгол Улсад 1.4 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

COP17 |  34 шийдвэр баталж, Монгол Улсад 1.4 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын төлөөлөгчдийг нэгтгэсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр өндөрлөлөө.

Хаалтын үеэр COP17-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар хурлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв.


Ногоон болон цэнхэр бүсэд 110 мянга гаруй хүн зочилжээ

COP17-ын 12 өдрийн хугацаанд цэнхэр бүсэд 25 мянга гаруй, ногоон бүсэд давхардсан тоогоор 85 мянга гаруй хүн зочилж, нийт 110 мянга гаруй хүнийг хамарч чаджээ.

Мөн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулсан 53 байгууллага дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 38 тэрбум төгрөгийн санхүүжилт татах боломж бүрдүүлсэн байна.

34 шийдвэр баталж, Улаанбаатарын тунхаглалыг баталлаа

COP17-ын Ерөнхийлөгч Б.Батцэцэгийн мэдээлснээр, хурлын хугацаанд нийт 34 шийдвэрийг төлөөлөгчид хэлэлцэн баталсан байна. Үүнээс Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” Улаанбаатарын тунхаглалыг бүх төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан нь онлцог байлаа. Тэрбээр хэлэхдээ “COP17-ыг даргалагч орны хувьд 200 орчим талын зөвшилцлийг бий болгох, маргаантай асуудлуудад дундын шийдэл олох, талуудын хамтын ажиллагааг хангах чиглэлээр ажилласан” гэдгээ онцолж байв. 

Бэлчээрийн санаачилга тэргүүлэх чиглэл болов

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын санаачилсан Бэлчээрийн тэргүүлэх санаачилга олон улсын анхаарлын төвд орсон бөгөөд газрын доройтол, бэлчээрийн менежмент, ган, шуурга, хүнсний аюулгүй байдлын асуудлыг COP-17 хурлын үер хэлэлцсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн оролцоо, газрын нөхөн сэргээлт зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид эдгээр чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжихийг UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад дурдав. 

Монгол Улсад 1.4 гаруй тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Нийт 12 хоногийн хугацаанд 18 тэрбум ам доллар санхүүжилтээр босгосон байна. Үүнээс Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 1.4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татах гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүд байгуулжээ. Үүнд: 

  •  Европын хөрөнгө оруулалтын банк – 200 сая евро

  • Дэлхийн банк – 100 сая ам.доллар

  • Уул уурхайн компаниудын газрын нөхөн сэргээлт, 5000 га гаруй талбайд заган ой байгуулах ажил – 130 сая ам.доллар

  • Монголын Ногоон санхүүгийн корпораци, ХААН Банк – 50 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр зэрэг багтаж байна.

Эдгээр хөрөнгө оруулалтыг ойжуулалт, газрын нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх, усны хомсдлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.

863 мегаваттын хүчин чадалтай ногоон хиймэл оюуны дата төв хөгжүүлнэ

COP17-ын хаалтын хурлын үеэр 863 мегаваттын хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчид түшиглэсэн хиймэл оюуны дата төв хөгжүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээлэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр томоохон гэрээ, хэлэлцээрүүд байгуулсан байна. Тус ногоон хиймэл оюуны дата төвийг хөгжүүлснээр Монгол Улсад 16 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шууд орж ирэх боломжтой гэж тооцоолж байгаа аж.

Уул уурхайн компаниуд 5000 га гаруй талбайд заган ой байгуулна

COP17-ын хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг газрын нөхөн сэргээлттэй уялдуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд уул уурхайн компаниуд 5000 га гаруй талбайд заган ой байгуулах, газрын нөхөн сэргээлт хийхэд 130 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Богдхан уулын орчимд экологийн нүхэн гарц байгуулна

“Номин” ХХК Богдхан уулын орчимд экологийн нүхэн гарц байгуулахад 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон бөгөөд төрөөс татварын хөнгөлөлт болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Эдгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт нь маргааш гэхэд шууд орж ирэх мөнгө биш. Харин урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, гэрээ, хэлэлцээрүүд гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Иргэний нийгэм, залуучуудын оролцоог цаашид үргэлжлүүлнэ

COP17-ын хүрээнд иргэний нийгмийн байгууллага, залуучууд, уугуул болон орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, өндөр түвшний хэлэлцүүлгүүдэд тэдний асуудлыг тусгасан. Эдгээр асуудлыг хурлын тайланд тусгахын зэрэгцээ дараагийн COP18-ын хэлэлцүүлэгт үргэлжлүүлэн авч үзэхээр болжээ.

Ийнхүү COP17-ын 12 хоногийн хугацаанд цэнхэр бүсэд 447, ногоон бүсэд 309 буюу нийт 756 арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Монгол Улс газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын хэлэлцүүлгийг эх орондоо зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг бүрдүүлсэн үр дүнтэйгээр хурлыг өндөрлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...