Японы шигшээ багт барилдаж байсан жүдоч Машияма Косүкэ Монголын иргэншил авч, олимп, ДАШТ-д оролцох болсон мэдээ жүдогийн ертөнцөд шуугиан тариад байна. Япончууд шигшээ багтаа орж чадахгүй байсан ч иргэншлээ сольдог тохиолдол тун цөөхөн байдаг билээ.
Машиямагийн хувьд 27 настай, 90 кг жинд барилддаг бөх. Тэрээр энэ сарын 28-нд инстаграм хуудсандаа “Монголын иргэн болж, Монголын шигшээ багт багтан дэлхийн дэвжээнд барилдах шийдвэр гаргалаа” гэж бичсэн байлаа. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор бол ирэх оны дөрөвдүгээр сараас Монголын нэр дээр барилдах боломжтой болох юм.

Машияма Косүкэ гэж хэн бэ?
Токио хотын уугуул тэрээр 7 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэсэн. Эрэгтэй 90 кг жинд Мүрао Санширо, Гоки Тажима нартай шигшээ багийн эрхийн төлөө өрсөлдөж байлаа. 2021, 2022 оны ДАШТ-д багийн дэлхийн аварга болж байсан. 2022 онд Токиогийн Их Дуулга тэмцээнд түрүүлж, 2023 оны ДАШТ-д оролцох Японы шигшээ багт сонгогдоод байв. Гэвч 2023 оны хоёрдугаар сард олон улсын тэмцээнд оролцохоор очихдоо жиндээ орж чадалгүй хасагдсан тул Японы жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор шигшээ багаас хасагдсан. 100 кг жинд шилжиж, олимп, ДАШТ-д оролцох боломж эрэлхийлсэн ч 2024 оны Парисын олимпод оролцож чадаагүй. Ингээд 90 кг жиндээ эргэн ирж, өнгөрсөн зургаадугаар сард харьяалагддаг компаниасаа гараад байв.
Машияма “Урьд өмнө гарч байгаагүй сорилтыг даван туулж, дэлхийн шилдэг нь болно. Монголын иргэн болох шийдвэрийг жүдо бөх, тамирчны хувьд л гаргасан юм биш. Энэ бол үлдсэн замнал, ирээдүйн амьдралаа бодсоны эцэст үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан гаргасан шийдвэр билээ. Надад Монголтой холбоотой зүйл байхгүй ч оюутан цагийн харилцаа холбооны ачаар Монголын жүдогийн холбоо надад шинэ сорилтод орх боломж олголоо. Монголд олон хүнтэй уулзлаа. Намайг тамирчны хувьд тун нухацтай хүлээн авсан тул энд би дэлхийн шилдэг болж чадах юм байна гэсэн шийдэлд хүрсэн” гэж бичжээ.

Мөн “Би япон аав, ээжтэй, Японд төрж өссөн хүн. Японы жүдо бөхийн ачаар өдий зэрэгт хүрсэн. Дасгалжуулагч багш нар, анд нөхөд, дэмжигчид минь байгаагүй бол одоогийн Машияма байхгүй байсан. Тийм болохоор Японд сурсан бүхнээ авч яван, дэлхийд өрсөлдөхийн төлөө гаргасан шийдвэр юм. Эргэлзэх үе их байлаа. Гэхдээ тамирчны замнал богинохон тул өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч амьдрахаар шийдлээ. Энэ боломжийг ашиглан, дахин нэг удаа дэлхийн тавцанд гарахын тулд хичээмээр байна. Дэлхийн аварга, олимпын аварга болохын тулд ийм зам сонголоо. Хэн ч хийж байгаагүй зүйл тул хичээн сориод үзэх хэрэгтэй. Энэ бүхнийг даван туулж байж би дэлхийн оргилд зогсох болно. Мөн Япон, Монгол, дэлхийг холбосон гүүр болох болно” гэжээ.
Машияма Косүкэ – 1999 оны гуравдугаар сарын 9-нд Токиод төрсөн. 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт. 180 см өндөр. Үүрэх дархан мэхтэй. 2021 оны Баку, 2022 оны Токио Их дуулга тэмцээний аварга. 2019 оны Ази, Номхон далайн орнуудын наадмын аварга. 2021 оны Баку Их Дуулгад манай Г.Алтанабаганатай барилдаж, ялж байжээ.
