ОХУ болон ХБНГУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй хурцадмал байдалд ороод байна. Германы Лейпциг хотын нисэх буудалд тэсрэх бөмбөгтэй нисэгчгүй аппарат илэрсэн явдалд Германы Засгийн газар ОХУ-ын засгийн газрыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан юм. Германы ГХЯ-ны сайд Йохан Вадефуль энэхүү явдлын хариуд Бонн дахь ОХУ-ын Консулын газар, Берлин хотын Оросын соёлын төвийг хааснаа мэдэгдсэн билээ.
ОХУ-ын сөрөг арга хэмжээ удсангүй. ГХЯ-ны сайд Сергей Лавров Орост байгаа бүх Гётегийн хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаагаа зарлав. Лавров Владивостокт болж байгаа Дорнын эдийн засгийн форумын үеэр “Манай соёлын төвийг хөөсний дараа бид тэдний хүрээлэнг хаах нь мэдээжийн хэрэг. Энэ бол нэр төрийн асуудал. Москва, Питер, Екатеринбург хотуудад гурван Гётегийн хүрээлэн байсныг хаалаа. Одоо тэдэнд манай ард түмэнтэй шууд харилцах арга хэрэгсэл үлдээгүй” гэж албан ёсоор мэдэгдлээ.
Харин Гётегийн хүрээлэнгийн мэдээлснээр ОХУ дахь нэг салбар нь Екатеринбург биш Новосибирск хотод байдаг ажээ.
Гётегийн хүрээлэнгийн ОХУ дахь анхны салбар ЗХУ задарсны дараа 1992 онд Москвад байгуулагдаж байлаа.
Гётегийн хүрээлэн нь Германы төрийн бус байгууллага бөгөөд гадаадад герман хэлийг сурталчлах, олон улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Дэлхийн 100 оронд салбартай. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын соёлын байгууллага болох Гёте хүрээлэнгийн Монгол улс дахь салбар 2009 оноос хойш Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.
