Гэрэл зурагчин, зураглаач Б.Ирээдүй есдүгээр сарын 17-24-ны өдөр “Unposed” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн талаар болон гудамжны гэрэл зургийг яагаад сонирхох болсон талаар ярилцлаа.
— Анхны бие даасан үзэсгэлэн болон шинэ ном оо олны хүртээл болгож байгаад баяр хүргэе. Үзэсгэлэнгийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
— Миний хувьд сүүлийн жилүүдэд Улаанбаатарын гудамжны гэрэл зургуудаас бүрдсэн “Unposed” үзэсгэлэнгээ энэ намар гаргаж байна. Мөн эдгээр гэрэл зургаа “In passing Ulaanbaatar” буюу “Улаанбаатарыг дамжин өнгөрөхүй” гэх ном болгон эмхэтгэлээ.

-Үзэсгэлэнгээ яагаад номтой хамт гаргахаар шийдсэн юм бэ?
— Өнгөрсөн жил сэтгэл зүйн хувьд нэлээд хоосорсон гэх үү дээ. Олигтой зураг дарахгүй, зураг авах хүсэл ч төрдөггүй байлаа. Мөн энэ жил ”Noise art media”-гийн маань таван жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс үүсгэн байгуулагчдын нэг Б.Заяажаргал бид хоёр бие даасан үзэсгэлэнгүүдээ дэлгэхээр шийдсэн. Өмнөх бүтээлүүдээ нэгтгэн дүгнэе гэх үү дээ. Заяа хавар “Нутгийн зүг” үзэсгэлэнгээ гаргасан бол би энэ намар үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байна. Бид хоёр үзэгчдийг ердөө үзэсгэлэн үзээд буцах биш, дараа нь дурсгал болгон хадгалах, эргэн санах зүйлтэй үлдээсэй гэсэндээ заавал ном болгохоор зорьсон.
Үүнд 2018 оноос хойш авсан Улаанбаатарын тухай 160 гаруй гэрэл зураг багтсан. Миний номыг үзсэн хүмүүс Улаанбаатараар бяцхан аялал хийсэн мэт, хотод зочлоод гарсан юм шиг мэдрэмж аваасай гэж зорьсон. Анхны ном болохоор өөрийнхөө сэтгэлд нийцүүлээд л өрж бэлтгэсэн. Улаанбаатарын гудамжны гэрэл зураг учраас томоохон сэдэв, нийгмийн хүнд асуудал хөндсөн бүтээлүүдийг хамруулсангүй. Гудамжны гэрэл зураг гэхээр л талбай, жагсаал зэрэг хүнд сэдэвтэй зургууд байх албагүй шүү дээ. Тиймээс номдоо аль болох өөрийнхөө хайртай зургуудаас сонгож, хөнгөн сэдэвтэй бүтээлүүдийг түлхүү багтаасан.
-Яагаад заавал Улаанбаатар хотын амьдралыг онцлов?
-Мэдээж би хөдөө орон нутгийн ахуй амьдралын зургийг ч бас авах дуртай. Гэхдээ сүүлийн 2-3 жилд хотын амьдрал, гудамжны гэрэл зургийг илүү таашаах болсон. Барилга байшин гэхээсээ илүүтэй зөрөн өнгөрөх хүмүүс, тэдний хувцаслалт, гудамжны муур, нохойг хальсанд буулгах нь сонирхолтой санагддаг. Мөн хүмүүсийн тэр бүр анзаардаггүй хотын жижигхэн хэсгүүд, деталь дүрсүүдийг буулгахыг хичээдэг.
Гадны гудамжны гэрэл зургуудыг харахад ч мөн хүн голчилсон байдаг шүү дээ. Би зураг авахдаа заавал гүн гүнзгий сэдэв, далд утга бодож дарахыг урьтал болгодоггүй. Сонирхолтой хувцасласан хүн эсвэл сонин сүүдэрт сууж байгаа хүмүүс тааралдвал рефлексээрээ л зургийг нь дарчихдаг. Магадгүй гаднын гэрэл зургийн ном, бүтээлүүдийг нэлээд үзсэнтэй холбоотой байх.
Үзэсгэлэнд ч гэсэн хүн, амьтдын зураг голчилж байгаа. Дээр дурдсанчлан нийгмийн томоохон асуудал хөндсөн бүтээлүүд байхгүй. Би ер нь ямар нэгэн асуудал хөндөх зорилгоор зураг авдаггүй. Байнга хүнд сэдэв, асуудал хөндөөд байвал стресстэй шүү дээ. Улаанбаатар хот маань жижигхэн. Жишээ нь, хажуугийн энэ гудамжтай холбоотой дурсамж хүн бүрд л бий. Тиймээс үзэгчдэд дурсамжийг нь сануулах, дотоод сэтгэлд нь ямар нэгэн дулаан мэдрэмж үлдээх зургуудыг л буулгахыг хичээдэг.
— Гудамжинд зургаа даруулж байгаа хүмүүсийн хариу үйлдэл ямар байдаг вэ? Дургүйцэх тохиолдол гардаг уу?
— Нью-Йорк зэрэг гаднын орнуудад гудамжинд гэрэл зураг авах нь хуулиараа бүрэн зөвшөөрөгдсөн байдаг нь үнэхээр атаархмаар санагддаг. Манайд бол ахимаг настай хүмүүс ихэвчлэн дургүйцэх талтай. Гэхдээ сүүлийн үед гудамжны гэрэл зургийн талаарх хүмүүсийн ойлголт, хандлага хамаагүй эерэг болсон шүү. Гэхдээ асуудал үүсэх гээд байвал “Та үнэхээр гоё харагдаж байсан болохоор л зургийг нь авчихлаа” гэж тайлбарлаад зөрдөг.
Би аль болох хүмүүсийн анхаарлыг татахгүй жижигхэн, халаасны камертай явахыг хичээдэг. Хүн урдаас ирэх бүрд камер шагайгаад байж болохгүй шүү дээ. Манайхан камер хармагцаа л биеэ бариад, эвгүйцэж эхэлдэг. Тийм болохоор гадуур зураг авахдаа дэлгэц, дурангаа харахгүйгээр авах тохиолдол олон гарна. Яваандаа баримжаатай болчихдог юм байна лээ. “Эндээс ингэж дарвал иймэрхүү зураг гарна даа” гээд баримжаагаар буулгахад яг л санаснаар гараад ирдэг.
— Улаанбаатар хотоор их явсан байх даа.
— Тийм ч сүйдтэй хэсээгүй ээ. Ихэнхдээ нэг газраас нөгөө газар руу явж байхдаа таарсан агшнуудаа л дардаг. Тэр болгондоо заавал зорьж, төлөвлөж авдаг гэсэн үг биш. Зарим зургуудыг бол зүгээр л аз гэж боддог.
Гэхдээ цаг агаар гоё байвал, эсвэл бороо орж байвал “Шүхэртэй хүний зураг даръя” гээд зориод гардаг. Ер нь сэдвээ бодолгүй гарчихвал зураг дарахад хэцүү. Удаан хугацаанд зураг дарсан болохоор ч тэр үү, ямар нэгэн газар очихдоо “энд иймэрхүү зураг дарна даа” гэдгээ мэддэг болчихсон. Тэгээд тэр зургаа авахын тулд зориод очдог.
-Улаанбаатар хотыг саарал, царай муутай гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Улаанбаатар угаасаа буйдхан, хүмүүс нь ч жаахан уйтгартай юм шиг санагддаг. Тэр бүр сонирхолтой зүйл тохиолдоод байдаггүй. Тэр энгийн зүйлсийг илүү сонирхолтойгоор харуулах нь зурагчин хүний нүд, мэдрэмжээс л хамаарна. Уг нь сайн ажиглавал Улаанбаатар өөрөө сонирхолтой хот шүү дээ.
—Тэгвэл танд хэзээ ч очсон уйдахааргүй, дахин дахин зураг авах дуртай газар байдаг уу?
-Манай ажил Бага тойрууд байдаг. Тэр хавиар алхахдаа хүмүүсийг харах их дуртай. Өглөө ажилдаа явж байгаа хүмүүс, өдөр хичээлдээ явж байгаа хүүхдүүд гээд хүний хөл тасардаггүй. Хотын төвд бужигнаж, бужигнаж байгаад Бага тойрууд ирэхээр тайван орчин угтдаг даа. Ер нь их сонирхолтой газар. Өглөөний нарны сүүдэр, оройн сүүдэр нь хүртэл шал өөр. Зураг дараад байхад уйддаггүй газар гэвэл Бага тойруу л гэнэ.
Ер нь гэрэл зураг авахад хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байх тусмаа л үзэмжтэй, амьд байдаг. Олон давтагдашгүй агшнуудын дундаас сонгож буулгана гэсэн үг шүү дээ. Эрж хайх шаардлагагүй, эргээд л харахад нэг агшин байж байна. Зурагчид зам хаасан өдрүүдэд зураг их авдаг. Тийм үед эргэн тойронд хаа сайгүй сонирхолтой агшнууд ундарч байдаг болохоор зураг авахад кайфтай байдаг.
-Дуртай улирал байдаг уу? Зурган дээр илүү гоё гардаг ч юм уу?
-Намрын улиралд дуртай. Тийм болохоор үзэсгэлэнгээ ч бас намар нээж байгаа. Салхитай, бүүдгэр орой модод жаахан шарлачихсан үе их таалагддаг. Ер нь ийм үед кино үзсэн ч, үзэсгэлэн үзсэн ч илүү гүн сэтгэгдэл үлдээдэг юм шиг санагддаг.
-Таны гэрэл зураг, видео бүтээлүүд ч тэр ихэвчлэн баримтат бүтээлүүд байдаг шүү дээ. Баримтат бүтээлүүдэд яагаад илүү дурлах болов?
— Манай Монголын нөхцөлд дан ганц гудамжны гэрэл зураг эсвэл баримтат зургаар дагнаад амьдралаа залгуулах боломж тун хомс. Хэрэв өөр өндөр хөгжилтэй оронд байсан бол боломжтой байх. Тиймээс миний хувьд бүхий л төрлийн гэрэл зургаар ажилладаг.
Би кино зураглаач мэргэжилтэй. Баримтат гэрэл зургийг илүү сонирхох болсон маань манай ангийн багш Д.Даваанямтай холбоотой. Өөрөө гэрэл зурагчин хүн. Гэрэл зураг гэж юу болохыг ойлгуулж, энэ чиглэл рүү намайг хөтөлж, чиглүүлсэн хүн. Тийм болохоор манай ангийн бараг тал шахуу нь гэрэл зурагчин болсон.
-Анх яагаад камер барьдаг хүн болно гэж шийдээд, кино зураглаач мэргэжлийг сонгосон юм бол?
-Арван жилд байхдаа харандаагаар зураг зурдаг хүүхэд байсан. Тэр үедээ зураач болно гэж боддог байлаа. 2015 онд манай эгч гэртээ жижигхэн камер авчирсан юм. Түүнээс хойш ангийнхаа хүүхдүүдийн зургийг их дардаг болсон. Тэгээд нэг кино үзээд “Кино зураглаач гэдэг бас гоё мэргэжил юм байна” гэж бодож эхэлсэн. Гэхдээ тэр үедээ яг шийдчихсэн байгаагүй. СУИС-д Медиа анимейшны анги байдаг юм. ЕБС-иа төгсдөг жилдээ тэр ангид орохоор шийдчихсэн явж байсан. Тэгсэн манай найз “Чамд зураглаачийн мэргэжил илүү тохирно” гэж хэлсэн. Тэгээд найзынхаа зөвлөгөөг дагасан даа.

-“Noise Art Media”-г хэзээ, хэрхэн үүсгэн байгуулж байв?
-Анх гэрэл зурагчин Б.Заяажаргал, Д.Давааням багш бид гурав 2021 онд үүсгэн байгуулсан. Өөрсдийн уран бүтээлийг хүмүүст үзүүлж, хүргэе гэж шийдээд эхэлсэн юм. Харин одоо бид зургуулаа болсон байна. Олон сайн зурагчин нэг дор байдаг болохоор “Noise Art Media”-гийн бүтээлүүд чанартай байдаг гэж боддог. Бас бид нэг төрлийн зурагчид биш. Өөр өөрийн гэсэн арга барил, сэдэвтэй болохоор хүмүүст сонирхолтой байдаг байх. Багшийн хүчтэй баримтат зургууд, түүнийг нь зөөллөх Заяагийн байгаль, хөдөөгийн амьдралыг харуулсан зургууд, миний хотын зургууд, Д.Энхтэмүүжингийн бүтээлүүд гээд бүгд өөр өөр өнгө аястай. Манай ганц охин Н.Мөнхцэцэгийн эстетик кадрууд ч бий. Энэ бүх ялгаатай бүтээл нийлж байж “Noise Art Media”-г бүрдүүлдэг. Бүгдээрээ нийлж байж л хүмүүст хүрдэг гэж боддог.
Үүсгэн байгуулагчдын нэг Давааням багш өөрөө мундаг зурагчин. Зурагчид зарим зургаа хадгалаад л явдаг шүү дээ. Багшийн олон жил хадгалсан зургуудыг олж, хүмүүст хүргэхийг бид хичээдэг. Давааням багшийн 2006 онд авч байсан арван жилийн хүүхдүүдийн зураг байдаг. Миний үеийн жоохон хүүхдүүдийн зураг. Тэр хүүхдүүд зураг даруулсан үеэ аль хэдийн мартчихсан. Харин тэр үеийг зурагчин багш маань хадгалаад үлдчихсэн байгаа юм. Дараа нь тэр зургуудыг олонд үзүүлж, хүргэсэн чинь зураг дээрх хүүхдүүд өөрсдөө холбогдоод зургаа авч байсан. Тэр хүмүүсийн өмнөөс бодохоор их гоё санагддаг. Намайг бага байхад нэг зурагчин зураг аваад, тэр зургийг 20 жилийн дараа олонд гаргаад ирвэл ямар сайхан байх вэ гэж боддог. Тиймээс тухайн агшныг зүгээр нэг дараад өнгөрөх биш, ирээдүйд хэн нэгэнд дурсамж нь болж үлдэх зураг бүтээх нь их үнэ цэнтэй санагддаг.

-Тэгвэл таны гэрэл зургууд дундаас өөрт тань онцгой мэдрэмж төрүүлдэг бүтээл бий юү?
-Үзэсгэлэндээ бараг бүх хайртай зургуудаа дэлгэж байгаа даа. Гэхдээ тэр дундаас гэх юм бол нэг нохойны зураг ерөөсөө мартагддаггүй. Бороотой өдөр гулсуур дээр өрөвдөлтэй харчихсан нохойны зураг. Одоо ч харсан сэтгэгдэл үлдээдэг. Нохой хэр нь сэтгэгдэл үлдээчихсэн.
Угаасаа нохой, муур бол гудамжны гэрэл зургийн нэг хэсэг шүү дээ. Ялангуяа эзэнгүй муур, нохойны төрх, зан байдал нь хүртэл илүү зэрлэг байдаг. Эзэнтэй амьтдаас илүү зурган дээрээ амьтанлаг, зэрлэг, яг байгалиараа байгаа мэт харагддаг нь сонирхолтой санагддаг.
— Цаашид төлөвлөсөн өөр ямар ажил, уран бүтээлүүд байна вэ?
-Тэгж их нарийн төлөвлөсөн зүйл одоохондоо алга даа. Гэхдээ мэдээж зургаа орхихгүй. Энэ бол дөнгөж эхлэл гэж бодож байгаа. Анхны үзэсгэлэн болохоор цаашдаа хийж байгаа ажлуудаа улам чанаржуулж, илүү сайн зургууд үзүүлэхийг хүсэж байна. Мөн ямар нэгэн тодорхой сэдэв сонгож аваад, түүнийгээ удаан хугацаанд ажиглаж, цуврал бүтээл болгох сонирхол бий.
