UBLife Logo
Newsfeed

“IDEATHON” гарааны бизнесийн санаа хөгжүүлэх хакатоны бүртгэл эхэллээ

“IDEATHON” гарааны бизнесийн санаа хөгжүүлэх хакатоны бүртгэл эхэллээ

Нийслэлийн Бизнес, инновацын газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй “SPARK – UB STARTUP TOWN” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийн санаа хөгжүүлэх “IDEATHON” арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 17–18-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг дэмжих, өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг шинэлэг санаа, шийдлээр шийдвэрлэх, түүнийгээ бизнесийн загвар болгон хөгжүүлэх мэдлэг, ур чадвар олгох зорилготой.

Оролцогчид бизнесийн санаагаа хөгжүүлж, менторуудаас зөвлөгөө авна

Арга хэмжээнд мэдээллийн технологи, инновац, гарааны бизнес эрхлэх сонирхолтой 18-аас дээш насны иргэд, их, дээд сургуулийн оюутан, залуус оролцох боломжтой. Бизнесийн бэлэн төлөвлөгөөтэй байх, өмнө нь бизнес эрхэлж байсан туршлага шаардахгүй бөгөөд өөрийн бизнесийн санаа хараахан тодорхой болоогүй ч шийдвэрлэхийг хүсэж буй асуудал, шинэ санаачилгатай хүмүүс бүртгүүлэх боломжтой.

Нийт 30 орчим оролцогчийг сонгон шалгаруулж, сонирхол, ур чадвар, гүйцэтгэх үүрэгт нь үндэслэн 3–4 хүний бүрэлдэхүүнтэй багуудыг бүрдүүлнэ.

Хоёр өдрийн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шинэлэг санаа боловсруулах, зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа хийх, бизнесийн загвар гаргах, санаагаа танилцуулах зэрэг үйл ажиллагаанд хамрагдана. Мөн БНСУ-ын болон бусад менторуудаас мэргэжлийн зөвлөгөө авч, боловсруулсан санаа, шийдлээ шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулна.

Арга хэмжээний үеэр оролцогчид нэг байршилд байрлан, багаар хамтран ажиллаж, бизнесийн санаагаа хөгжүүлэх юм.

Шилдэг гурван багийг шалгаруулж, 6 сая төгрөгийн шагнал гардуулна

“IDEATHON” арга хэмжээ нь оролцогчдод бизнесийн санаагаа бодит шийдэл болгон хөгжүүлэх арга барилд суралцах, олон улсын менторуудын туршлагаас хуваалцах, гарааны бизнесийн экосистемийн төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоох боломж олгоно.

Арга хэмжээний төгсгөлд шилдэг гурван багийг шалгаруулж, нийт 6 сая төгрөгийн шагнал гардуулах юм.

Бүртгэл, зохион байгуулалт

Бүртгэл 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр хаагдах бөгөөд сонгон шалгаруулалтын хариуг аравдугаар сарын 14-нд мэдэгдэнэ. Оролцогчдыг асуудал тодорхойлох чадвар, шинэ санаа, оролцох хүсэл эрмэлзэл, багаар ажиллах хандлага болон багтаа хувь нэмэр оруулах боломжид үндэслэн сонгон шалгаруулна. Шалгарсан оролцогчидтой тус бүрчлэн холбогдох юм.

Арга хэмжээний мэдээлэл:

  • Хугацаа: 2026 оны аравдугаар сарын 17-ны 09:00 цагаас аравдугаар сарын 18-ны 15:00 цаг хүртэл

  • Байршил: Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн 8 дугаар байр, 12 дугаар давхрын хурлын танхим

  • Хэл: Монгол хэл. БНСУ-ын менторуудтай ажиллах үед орчуулгын дэмжлэг үзүүлнэ.

  • Бэлтгэх зүйлс: Зөөврийн компьютер, дулаан хувцас, аяны хөнжил

Бүртгүүлэх: энд дарж бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

Шинэлэг санаагаа хөгжүүлж, гарааны бизнесийн эхний алхмаа хийхийг хүссэн залуусыг “IDEATHON” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...