UBLife Logo
Newsfeed

"Зогсоол" Бусаны кино наадамд нээлтээ хийлээ

"Зогсоол" Бусаны кино наадамд нээлтээ хийлээ

Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй цорын ганц бүтээл болох С. Бямбын “Зогсоол” уран сайхны кино 10-р сарын 11-нд дэлхийн нээлтээ Бусан хотын Синема Центрт амжилттай хийлээ.

Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтсэн уг киноны дэлхийн нээлтэд найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, гол дүрийн жүжигчид болох Ч.Булган, Д.Цолмон, “Nomadia Pictures”-ийн хамт олон, Тайланд, Камбожоос ирсэн кино багийн гишүүд оролцлоо. Монголын өнөөгийн нийгмийг Ковид19 цар тахлын дэвсгэр дээр ёжлон өгүүлэх “Зогсоол”-ийг олон улсын үзэгчид өндрөөр хүлээн авсан бөгөөд үзвэрийн дараа кино багийнхантай хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Найруулагч С. Бямба бүтээлийнхээ талаар “Бид ихээхэн төвөгтэй бөгөөд тогтворгүй цаг үед амьдарч байна. Их гүрнүүд болон үндэстэн дамнасан корпорацуудын ашиг сонирхлоос үүдсэн зөрчил мөргөлдөөнөөс ангид улс орон гэж бараг алга. COVID-19 цар тахал орчин үед улс гүрнүүд хийгээд хүмүүс хоорондоо урьд өмнө байгаагүйгээр нягт холбогдсоныг ойлгуулсан. Ийм болохоор орчин үед хүмүүс эдийн засаг, мэдээлэл технологийн сүлжээгээр дамжин өөр хоорондоо хэрхэн гүнзгий холбогдсон талаар өгүүлэх нь чухал болжээ. Би алс бөглүү нэгэн сумын төвөөр дамжуулан энэ цагийн нэг нэгнээсээ хүчтэй хамаарах болсон дэлхий ертөнцийн тухай өгүүлэхийг зорьсон. Киноны үйл явдал өрнөх тусгаарлагдсан бяцхан орон зай улс төрийн жүжиг хувь хүний амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй эсрэгцэх утгагүй атлаа гүнээ хүмүүнлэг эсрэг тэсрэгээр баялаг нэгэн ертөнц болон хувирна. Зогсоол бол эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх юм.” хэмээсэн.

Бусаны наадмын хүрээнд “Зогсоол” бүтээл ахиад гурван удаа толиулагдах юм. Харин Монголын үзэгчдэдээ зориулан ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...