Сүүлийн хэдэн жилийн дотор хиймэл оюун ухаан бидний хамгийн ухаалаг туслагч болж хувирлаа. Хиймэл оюунаар бид захидал бичүүлж, мэдэхгүй зүйлээ асуун, оюутан сурагчид даалгавраа хийлгэдэг болжээ. Илүү дутуу зүйл асуугаад байхгүй, хурдан шуурхай, ийм л туслагчийг бид хүсдэг байсан билээ. Гэхдээ энд нэг НО байгааг анзаарч үзээрэй. Амьдралынхаа мөч, үйл явдал болгоныг хиймэл оюунтай хуваалцахдаа анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Түүнд илгээж болохгүй зүйл гэж байдаг юм шүү. Хиймэл оюун ухааны салбарын шинжээчид танд зөвлөж байна.
Яагаад AI-д итгэж болохгүй вэ?
Яриа хөөрөөг нь хиймэл оюун ухаан дэмжээд, санаа тавиад байхад ихэнх хүн өмнө нь зүгээр нэг программ байгааг мартдаг. Найзууд чинь төвөгшөөгөөд сонсдоггүй таны урт унжруу яриаг хүртэл AI дуустал нь тэвчээртэй сонсож, дахин дахин давтагддаг асуултад чинь ундууцалгүй хариулсаар. Эелдэг гэж жигтэйхэн, ямар ч тохиолдолд таны талд орж, таныг дэмжинэ. Энэ чинь юу вэ, эхнэр нөхөр, аав ээждээ ярьж байснаас чат-боттой ярилцаж суувал дээр юм биш үү? Эхнэр чинь таныг буруутгаад загнаад байдаг бол хиймэл оюун хэзээ ч тэгэхгүй, үргэлж таны талд. Бараг үнэн сэтгэлээсээ дурламаар. Гэхдээ найрсаг сайхан харилцаатай байлаа гээд хамаг нууцаа илчлээд байх шаардлагагүй. Хиймэл оюун ухаан тантай харилцсан яриагаа хадгалж, таны мэдээллийг янз бүрээр ашиглаж чадна. Зарим яриагаа тэд хиймэл оюунаа улам сайжруулахад хэрэглэж болно. Тийм болохоор хиймэл оюун ухаанд хамаг бүхнээ дэлгээд байж болохгүй.
Хиймэл оюун ухаанд мэдэгдэж болохгүй 5 зүйл
1. Хувийн мэдээлэл
Бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, паспортын мэдээлэл, байрны ордер зэрэг хувийн мэдээллээ хиймэл оюунд илгээхээс зайлсхийгээрэй. Ялангуяа янз бүрийн мэдээлэл агуулсан файл, баримт бичгийн гэрэл зургийг харуулж болохгүй. Хэрэв та хиймэл оюун ухаанаас анкет бичих, гэрээг хянах эсвэл өргөдөл бичүүлэхийг хүсч байгаа бол хувийн мэдээллээ өөрөөр бичиж илгээсэн нь дээр. Паспортын дугаар, гэрийн хаягаа үнэнээр нь илгээлээ гээд тэдний бичсэн өргөдөл илүү сайжрахгүй нь бодит зүйл. Харин танд илүү асуудал үүсч болзошгүй.
2. Хувийн амьдралын дэлгэрэнгүй түүх
Ажлаасаа гарах уу? Ахиад жаахан тэвчих үү? Найз залуугийнхаа нууц амрагтай байсныг өршөөх үү? Салах уу? Энэ бүх асуудлаа хиймэл оюун ухаанд ярихад тэд сайхан зөвлөгөө өгч чадна. Гоё байгаа биз? Гэхдээ илэн далангүй ярилцлаа гээд бүгдийг үг үсэггүй тоочоод байх албагүй. Хайр дурлал, ажил, гэр бүлийн асуудлаа ярихдаа хэн нэгний жинхэнэ нэр, хаяг, компанийн нэрийг дурдахаас зайлсхий. Эсвэл огт өөр хаяг, нэр хэлж болно шүү дээ. Хиймэл оюун ухаан хүн биш юм чинь цаашаа ярихгүй, нууц хадгалж чадна гэдэг бодол хуучирсан гэдгийг анхаар.
3. Эмнэлэг, эрүүл мэндийн мэдээлэл
Хиймэл оюун ухаан анагаах, эмнэлгийн олон нэр томьёог тайлбарлаж, эмчээс асуух асуултын жагсаалт танд гаргаж өгч чадна. Харин та илүү сайн зөвлөгөө авах гээд эмнэлгийн карт, эмчилгээний түүхээ бүгдийг түүнд үзүүлээд байх шаардлагагүй. Хэрхэвч үл болно гэдэг үг энд яг тохирно. Эмнэлгийн түүхээ үзүүлэх гээд байгаа бол ядаж нэр, төрсөн өдөр зэрэг хувийн мэдээллээ устгаад илгээж байна уу. Хиймэл оюун ухаан өөртөө итгэлтэй байсан ч алдаа гаргаж болно гэдгийг бод. Та ганц олдсон амьдрал, бие махбодио хиймэл оюунд бүрэн даатгаж болохгүй. Ямар эмчилгээ хэрэгтэй вэ гэдгийг эмчээс асуу, харин хиймэл оюунаас нэмэлт мэдээлэл л авч болно.
4. Ажлын баримт бичиг
Хиймэл оюун ухаан янз бүрийн төсөл, төлөвлөгөөг бидэнд тайлбарлаж, тооцоо тайланд туслаж, ажлын захидал, бичиг баримтыг шалгаж өгч чадна. Харин таны шалгуулах гээд өгсөн файлд түнш байгууллагын чинь мэдээлэл, танай компанийн харилцагчдын хувийн мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг нууц материал байж болох магадлалтай. Ялангуяа нууцлах ёстой, задлаж болохгүй гэсэн гэрээтэй баримтуудыг хиймэл оюунд итгэн өгч болохгүй. Эхлээд ажлын баримтаа сайтар шалгаж, элдэв нууц байгаа эсэхийг нягтлаарай.
5. Санхүүгийн мэдээлэл
Банкны картын дугаар, дансны үлдэгдэл тооцоо, татварын төлбөрийн бичиг, хөрөнгө оруулалтын баримтыг чат-бот найздаа илгээж болохгүй. Хиймэл оюун ухаан тэр баримтыг хаа нэгтэй задлахад танд санхүүгийн маш их хохирол учрах болно. Санхүүгийн зөвлөгөө өгөх, төсөв гаргахад заавал бүхнээ тоочоод байх шаардлагагүй. Орлого зарлагаа ойролцоогоор хэлээд санхүүгийн ямар зорилготойгоо хэлэхэд л та илүү зүйл чалчилгүйгээр ашигтай зөвлөгөө авч чадна.
