Жил бүрийн аравдугаар сарын 15-нд Дэлхийн хөхний хорт хавдрын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдөр олон нийт, ард иргэдийн хөхний хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болон хөхний хорт хавдрын эсрэг даван туулагчдын тэмцэлд итгэл найдвар, хүч чадал, эв нэгдлийг илэрхийлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг. Жил бүр дэлхийн сая сая эмэгтэйчүүд энэ оношийг сонсдог. Тэдний дунд алдартнууд олон. Зарим нь бусдаас нууж амьдардаг бол нэг хэсэг нь нийтэд зарлаж, ижилхэн өвчин туссан бүсгүйчүүдээ дэмждэг билээ. Энд бид хөхний хорт хавдрыг ялан дийлсэн 8 алдартны түүхийг хүргэж байна.
Кайли Миноуг

2005 оны тавдугаар сард Австралийн дуучин Кайли Миноуг дэлхий тойрох “Showgirl” яалан тоглолтоо зогсоосон. Тэр үед 36 настай дуучин бүсгүй хөхний хорт хавдар гэсэн онош сонсоод байсан юм. Миноуг хавдар авах хагалгаанд орж, хэдэн курс химийн эмчилгээ хийлгэж, 1,5 жилийн дараа тайзандаа эргэн ирсэн билээ. Түүний өвчний түүх олон мянган эмэгтэйд эрүүл мэнддээ анхаарах жишээ болж өгсөн юм. Миноуг хорт хавдар туссанаа зарласны дараа Австралид эрт илрүүлэгт орох эмэгтэйчүүдийн тоо 40 хувь өсөж байв. Дуучин бүсгүй ч хөхний хорт хавдрын эсрэг олон арга хэмжээнд оролцож, хандив өргөдөг болсон.

Линда Евангелиста

Домогт супер модель Линда хоёр удаа хорт хавдартай тэмцсэн. Эхлээд 2018 онд хөхний хорт хавдар илэрч, тэрээр хөхөө авхуулсан. Гэвч 4 жилийн дараа хавдар дахин илэрсэн байлаа. Дахин хагалгаанд орж, химийн эмчилгээнд орсон ч олон жил хүмүүсээс оношоо нууж явав. 2023 онд л тэр ямар өвчин туссан, яаж эмчлүүлж байснаа нийтэд ярьж, бие дээрх олон сорвио “Ялалтын бэлгэ тэмдэг” гэж үздэгээ мэдэгдэж байлаа. “Би яллаа. Бм энд байна. Би хорт хавдрыг ялсан” гэж Линда “Harper’s Bazaar”-д ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.
Мартина Навратилова

Хөхний хорт хавдрыг хоёр удаа ялан дийлсэн бас нэг алдартан бол Мартина Навратилова. Эхлээд 2010 онд 53 настайдаа хавдар авахуулах мэс засалд орсны дараа өвчин намдсан. Гэвч 2022 оны сүүлээр эмчид очоод хоолойны хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. Эмчилгээ хийлгэх үед дахин хөхний хорт хавдар гарч ирсэн байлаа. Энэ үед Мартина ирэх жилийн Зул сарын баярыг үзэхгүй нь гэж айсан гэдэг. Химийн маш хүнд эмчилгээний дараа 2023 оны зургаадугаар сард өвчнийг ялан дийлснээ зарлаж байв.

Карла Бруни

Францын тэргүүн хатагтай асан модель Карла 2014 онд мэс заслын дараа химийн, гормоны урт удаан эмчилгээнд орсон ч олон нийтээс өвчнөө нуусаар байв. Дөрвөн жилийн дараа тэрээр олон нийтийн сүлжээнд өвчнийхөө талаар ярьсан юм. Бруни бүх эмэгтэйчүүдэд хандан эрт үзлэгт орж байх хэрэгтэй гэж уриалж байлаа. “Хэрэв би жил бүр шинжилгээнд ордогггүй байсан бол одоо зүүн хөхгүй болсон байх байлаа” гэж хэлж байв. 2024 оны аравдугаар сард Бүх дэлхийн хорт хавдартай тэмцэх өдрөөр 56 настай Бруни “Victoria’s Secret”-ийн тайзнаа анх удаа алхаж үзсэн юм.
Синтия Никсон

Синтия Никсон залуугаасаа хөхний хорт хавдар тусах эрсдэлтэй гэдгээ мэддэж байлаа. Учир нь түүний ээж хоёр удаа энэ өвчинтэй нүүр тулсан байв. 35 настайгаасаа эхлэн Синтия жил бүр тогтмол үзлэгт орж байсан. 2006 онд ээлжит үзлэгээр хөхний хорт хавдар гэж оношлогдсон юм. Хэдий хүнд өвчинтэй тулгарсан ч Никсон театрт тоглосоор байсан. Жүжгээ өнжихгүйн тулд амралтын өдрөөрөө мэс засалд орж байв. Хоёр жилийн дараа Сьюзан Комений нэрэмжит хорт хавдрын эсрэг сангийн элч төлөөлөгч болсон хойноо нийтэд өвчнөө зарласан. Бусад эмэгтэйчүүдэд эрт илрүүлэг ямар чухал болохыг сануулах гэж тэр ийм алхам хийснээ хэлсэн байдаг.
Кристина Эпплгейт

Кристина ч удамшлын улмаас хөхний хорт хавдар туссан. Ээж нь хоёр удаа энэ өвчинтэй тулгарсан болохоор тэр байнга үзлэгт орж байлаа. 2008 онд 36 настай байхад нь хавдар нь илэрсэн юм. Хавдар нэг хөхөнд нь илэрсэн ч Критсина хоёуланг нь авахуулсан. Эмчилгээ амжилттай болсны дараа тэрээр хорт хавдар тусах эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эмчилгээний зардлыг багасгахад зориулан, “Right Action for Women” гэдэг сан байгуулж байлаа.
Жейн Фонда

Холливудын од Фонда хэд хэдэн удаа хорт хавдартай тэмцсэн. 2010 онд хөхний хорт хавдар илэрснийг амжилттай авч чадсан. 2018 онд доод уруулнаас нь бас хорт хавадар илэрч байсан түүхтэй. Тэр үед 84 настай байсан Фонда бууж өгөөгүй. Химийн эмчилгээнийхээ үеэр тэр ажлаа хийсээр, спортоор хичээллэсээр байлаа. 2022 оны 12 дугаар сард 85 насных нь төрсөн өдрийн өмнө эмч нар түүнд өвчин арилсан, та яллаа гэж хэлээд эмчилгээг зогсоож байв.

Лайма Вайкуле

1990-өөд оны эхээр Лайма Вайкуле англи хэл дээрх анхны цомгоо гаргахаар АНУ-ыг зорилоо. Гэвч хорт хавдар гэсэн онош түүний төлөвлөгөөг цуцалсан юм. Эмч нар түүний амьд үлдэх боломжийг 20 хувь гэж байлаа. Лайма сэтгэлээр унаж, дотнын хүмүүстээ хагацлын захиа бичиж байсан гэдэг. Энэ хүнд үеийг даван туулахад нь эр нөхөр Андрей Латковский их тусалжээ. Лайма бүрэн эдгээд тайзан дээр гарсан.
