UBLife Logo
Спорт

Их аварга Хакүхо сүмог Азийн наадам, олимпын хөтөлбөрт оруулна

Их аварга Хакүхо сүмог Азийн наадам, олимпын хөтөлбөрт оруулна

Их аварга Хакүхогийн сүмо бөхийг олимпын хөтөлбөрт оруулах зорилго хэрэгжихэд нэг алхам ойртлоо. Өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд Японы Айчи мужид болсон 20 дахь удаагийн Азийн наадамд сүмо бөхийн төрөл үзүүлэх спортоор оролцсон. Хакүхо Азийн наадамд ирсэн тамирчид, албаны хүмүүс, зочдод сүмо бөхийг танилцуулж, сурталчилсан билээ.

Мөн аравдугаар сард Их Британийн Оксфордын их сургуульд болсон анагаах ухааны эрдэм шинжилгээний хуралд Японы түүх соёлыг танилцуулах өдрүүд болж, их аварга сүмогийн түүх соёл, ёс заншил, сүмогоор барилдан хичээллэсэнээр хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар өөрийн туулсан замналаар жишээ аван, илтгэл тавьсан нь олны анхаарлыг ихэд татлаа.

Энэ сарын 16-нд Азербайжаны Баку хотод болсон Олон улсын сүмо бөхийн холбооны хурлаар Хакүхог “Тоёота” компанийн захирал Акио Тоёодагийн залгамжлагчаар тус холбооны тэргүүнээр сонгосон. Хакүхо “Итгэл хүлээлгэсэнд туйлын их баяртай байна. Би өмнөх ерөнхийлөгч Тоёодагийн үйл хэргийг үргэлжлүүлж, сүмог даян дэлхийд түгээн хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэхүү үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах болно. Нагояд болсон Азийн наадмын үеэр би олон орны ҮОХ-ны дарга нартай уулзаж ярилцсан. Африкийн улс орнуудад сүмог танилцуулах, дэлгэрүүлэх тал дээр Сенегал улсын ҮОХ-той хамтран ажиллахаар болсон. 2030 оны Катарт болох Азийн наадмын хөтөлбөрт сүмо бөхийг багтаахад нэг алхам ойртлоо гэж бид үзэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

В.Даваа, Токио хот

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...