Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Миллениалын нүдээр №4 | Таны худалдаж авах 1 литр шатахууны үнэ ингэж бүрддэг


Бүтэн жилийн турш тогтвортой байсан шатахууны үнэ долоодугаар сарын эхээр литр тутамдаа 100-300 төгрөгөөр нэмэгдэв. Иргэд яагаад шатахууны үнэ огцом нэмэгдэв, цаашид үнэ өсөх үү гэхчлэн олон асуулт тавьж байна. Иймд шатахууны үнийн өөрчлөлтийн шалтгаан, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлдөг тухай "Миллениалын нүдээр" булангийн шинэ дугаарт хүргэж байна. 

Юун түрүүнд, Монгол импортлогч орон учраас шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, шатахууны үнэ, ам.долларын ханшаас шууд хамаардгийг санах хэрэгтэй. Мөн цар тахал болон нийгэм, эдийн засгийн бусад хүчин зүйлс үнийн хэлбэлзэлд нөлөөлдөг. 

Монгол Улс 2010 онд жилд 86 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байсан бол 2020 онд 2 сая орчим тонн болж нэмэгджээ. Манай улс одоогоор газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг хойд хөрш болох ОХУ-аас импортолж байна.

Товчоор, бид 1 литр бензинийг хэдэн төгрөгөөр худалдаж авах нь дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд: 

  • Дэлхийн зах зээл дэх түүхий газрын тосны үнэ 
  • Импортолж буй шатахууны үнэ
  • Татвар
  • Зардал 
  • Шатахуун импортлогч компанийн ашиг багтана. 

Тэгвэл эдгээр үзүүлэлт 2020-2021 онд хэрхэн хэлбэлзсэнийг тайлбарлая. 

 1 баррель түүхий газрын тосны үнэ сүүлийн нэг жилд 76 хувиар нэмэгджээ 

Аливаа бүтээгдэхүүний тэнцвэрт үнэ эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тодорхойлогддог. Олон улсад түүхий газрын тосны нийлүүлэлт болон эрэлт ямар байхаас хамаарч үнэ тодорхойлогдох ба үүнд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал давхар нөлөө үзүүлдэг. 

2020 онд коронавирусийн цар тахал гарсан нь газрын тосны олборлолтод томоохон цохилт болж, 1991 оноос хойш анх удаа газрын тосны үнэ 25 хувиар буурсан билээ (2020 оны гуравдугаар сард нэг баррель нь 33.89 ам.доллар болов). Он гарсаар Хятад, Энэтхэг зэрэг томоохон хэрэглэгч улсуудын эдийн засаг идэвхжиж, эрэлт нэмэгдсэн ч 2021 оны нэгдүгээр сарын эхээр Саудын Араб өдрийн олборлолтоо 1 сая баррелиар бууруулахаа мэдэгдсэн нь газрын тосны үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл болжээ. Ийнхүү он гарснаас хойш 1 баррель газрын тосны үнэ 73.4 ам.долларт хүрч 47,09 хувиар өсөөд байна. 

Үнийг газрын тос олборлон боловсруулагч 12 улсын нэгдэл болох ОПЕК (Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага) тодорхойлдог. Хэдийгээр манай улсын шатахуун импортлогч гол орон болох ОХУ түүнчлэн АНУ, Канад зэрэг улсууд ОПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй боловч газрын тосны үнийг тодорхойлоход дангаараа нөлөөлөх боломжгүй юм. Учир нь ОПЕК дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 78 хувийг бүрдүүлдэг. 

1 тонн шатахууны үнэ 126 хувиар өсчээ

Тэгвэл боловсруулсан бүтээгдэхүүн буюу шатахууны үнэ хэрхэн хэлбэлзсэнийг АИ-92 бензиний жишээн дээр авч үзье. 2020 оны зургаадугаар сараас 2021 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд 1 тонн шатахууны үнэ 292-оос 661 ам.доллар болж 126 хувиар нэмэгджээ. 

Шатахуун хэрэглэгчдэд очтолоо хэр их өртөг нэмэгддэг вэ?

Импортын шатахууны үнэ одоогоор 1 тонн нь 695 ам.доллар буюу 1,980,340 төгрөг байна. Үүн дээр: 

  • Татвар: Гаалийн татвар + Замын татвар + НӨАТ (Онцгой албан татвараас чөлөөлөгдсөн)
  • Зардал: Үйл ажиллагаа + Хадгалалт + Тээвэрлэлт
  • Ашиг: Шатахуун импортлогч компанийн ашиг нэмэгдсэнээр хэрэглэгчдэд очих шатахууны үнэ тогтддог. 

Үүгээр тооцож үзвэл 1 тонн шатахууны үнэ 2,743,974 төгрөг буюу 1 литр нь 2,031 төгрөг байх ёстой бөгөөд энд шатахуун импортлогч аж ахуй нэгжийн ашгийг оруулаагүй гэдгийг сануулъя. 

Газрын тосны үнэ 2020 оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээр тасралтгүй өссөөр байгаа ч Монгол Улсын Засгийн газар шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэн 2020 оны тавдугаар хойш АИ-92 авто бензиний үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьжээ. Өөрөөр хэлбэл, дотоодод үнийг хүчээр барьж байгаа үед олон улсад газрын тосны үнэ нэмэгдэхийн хэрээр шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд литр тутамд 281-581 төгрөгийг алдагдал хүлээж байна.

Тэгвэл 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар хөрш улсууд болох ОХУ-д АИ-92 авто бензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, дизель түлш 1918 төгрөг байсан бол БНХАУ-д АИ-92 авто бензиний литр тутмын үнэ 3,274 төгрөг, дизель түлш 2,887 төгрөг байжээ. Урд хөршид он гарснаас хойш шатахууны үнэ 12 дахь удаагаа нэмэгдээд байгаа нь энэ юм. 

Цаашид шатахууны үнэ нэмэгдэх үү?

Олон улсын шинжээчдийн Goldman Sachs байгуулллага 2021 оны дунд үеэс 1 баррель газрын тосны үнэ 70 ам.долларт, харин JPMorgan оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамаглаж буй. Мөн 2020 оны цар тахлын хямралаас өндийж буй зах зээлийн эрэлт эргэж сэргэх ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгаа аж. Хэдий газрын тос олборлогчид, олон улсын шинжээчид ийн таамаглаж буй ч зах зээл дэх тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа тул үнэ хэрхэн хэлбэлзэхийг хэлэх боломжгүй юм. 

Шинжээчдийн үзэж буйгаар ОПЕК тэргүүтэй газрын тос экспортлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэх, Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах мөн АНУ, БНХАУ, Европын холбоо зэрэг газрын тосны томоохон оролцогч орнууд эдийн засгаа сэргээх, цар тахалтай тэмцэх далайцтай бодлого хэрэгжүүлж эхэлбэл шатахууны үнэ нааштайгаар эргэх боломжтой гэжээ. 

Энэ долоо хоногт ОПЕК газрын тосны нийлүүлэлтээ наймдугаар сараас эхлэн өдөрт 400,000 баррелиар өсгөх тохиролцоонд хүрчээ


Холбоотой нийтлэлүүд: 

Миллениалын нүдээр №1: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан 12 ЧУХАЛ ЗААЛТ

Миллениалын нүдээр №2: Миний мөнгийг хэрхэн зарцуулах нь надад хамаагүй гэж үү?

Миллениалын нүдээр №3: Дижитал иргэн бүрийн мэдүүштэй апп, вэб сайт, утас

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.