Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Миллениалын нүдээр №3: Дижитал иргэн бүрийн мэдүүштэй апп, вэб сайт, утас


Та бид хэрхэн улсын төсвийг алхам тутамдаа бүрдүүлж буй талаар өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Бидний халааснаас гарч буй мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьж, саналаа илэрхийлэх эрх бас үүрэгтэй гэдгийг ч дурдсан. ТЭГВЭЛ ЯАЖ? 

Уншигчдын зарим нь, өдөр тутмын амьдралд тулгардаг олон бэрхшээл, хүнд суртал, хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дуу хоолойгоо хүргэж чадахгүй байхад улсын төсөвт саналаа тусгуулах нь "үлгэрийн далай", цагаа гарздахын нэмэр гэж боддог байж магадгүй. Бас зарим нь онлайн орчинд бухимдлаа илэрхийлж, сэтгэгдэл бичихээс өөрөөр үйлдэл хийхгүй байх нь ч бий. 

Тиймээс энэ удаа энгийн санал, гомдлоос эхлээд улсын төсөв хуваарилалт, хэрэгжилттэй холбоотой асуудалд дуу хоолойгоо хүргэх, саналаа тусгуулахад туслах УХААЛАГ, ЦАГ ХЭМНЭСЭН, БОДИТ эх сурвалжуудыг танилцуулж байна. (ЖИЧ: УИХ энэ долоо хоногт Монгол Улсын Нэгдсэн төсвийг батлахаар хэлэлцэж байгаа тухай сонссон уу?) 

Хамгийн энгийн асуудлуудаас эхэлье. Дэлгүүрүүд НӨАТ-ын баримтаа хэвлэж өгөхгүй байна уу, танай гэрийн ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн утас ил байна уу эсвэл, нийтийн өмчийн зам талбай энхэл донхолтой байна уу, төрийн байгууллагууд хүнд суртал гаргаж байна уу? Үүнийг хаана хандаж, хэнд мэдэгдэх вэ?

Та зөвхөн дээрх асуудлуудаар хязгаарлагдахгүй, төрийн аливаа бодлого, шийдвэрт өөрийн санаа бодлоо тусгуулах, хэрэгжүүлж буй арга хэмжээг хянаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, өөрийн эрх ашгийг хөндсөн аливаа захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд дараах байдлаар оролцож болно. Үүнд:

  • Амаар болон бичгээр (өргөдөл, гомдол гаргах)

  • Санал асуулгад оролцох

  • Зөвлөлдөх хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагад оролцох 

  • Цахим хэлбэрээр мэдээлэл авах, санаа бодлоо илэрхийлэх 

  • Холбогдох асуудлыг хариуцсан албан тушаалтантай биечлэн уулзах 

  • Төлөөлөгчөөрөө дамжуулах зэрэг болно. 

Харин дээрх оролцоог хангахад дараах цахим эх сурвалжууд танд туслах болно. 

1. Eservice.ulaanbaatar.mn

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох Eservice.ulaanbaatar.mn сайтаас төрийн 47 үйлчилгээг дижитал хэлбэрээр авах боломжтой байдаг. Тухайлбал, 

  • Төлбөр тооцооны мэдээлэл авах
  • Цахим үйлчилгээ авч биелэлтэд хяналт тавих
  • Үйлчилгээний төлбөр төлөх
  • Өргөдөл, гомдол, санал, хүсэлт гаргах
  • Нийслэлийн удирдлагуудтай уулзалтын цаг захиалах гэх мэт. (Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.)

Вэб сайтад бүртгүүлэх зааврыг эндээс үзээрэй. 

2. Төрийн үйлчилгээний Check my service аппликэйшн 

Check my service бол хувь хүн, албан байгууллага, төрийн үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтээ өгөх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх, түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын зүгээс иргэдийн мэдээлэлд хариу өгөх, хандсан асуудлыг судалж шийдвэрлэхэд зориулсан аппликэйшн юм. Та уг аппликэйшнд бүртгүүлж, өөрт тулгарсан асуудлын талаар бичиж, илгээх товчийг дарахад л хангалттай. Бүр гоё нь, таны илгээсэн гомдол, хүсэлтийг бусад хэрэглэгчид дэмжиж байгаагаа илэрхийлэн лайк дарж болдог.   

3. Нийслэлийн мэдээлэл, лавлагааны 1800-1200 утас 

Энгийн утасны тарифтай 1800-1200 утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжилдаг. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил зэрэг холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болно. Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан таны өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгөх ёстой. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой. Дашрамд дурдахад, өргөдөл, гомдлыг амаар, бичгээр, цахим хэлбэрээр, радио, телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ч гаргаж болдог.

4. Smart UB аппликэйшн 

Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн, иргэдийн саналд тулгуурлан зарцуулах ёстой төсвийн мөнгө юм. 2013 оноос эхлэн нийслэл, дүүрэг, аймаг, сумдад орон нутгийн хөгжлийн санг бий болгосон ба тухайн жилийн эдийн засгийн үзүүлэлтээс хамаарч жил бүр тодорхой хэмжээний төсөв энэ санд төвлөрдөг. Хорооны дарга жил бүрийн гуравдугаар сарын 30-наас өмнө өрх бүрт санал асуулгын маягт хүргүүлж иргэдийн саналыг авдаг байсан. Харин өнгөрсөн хавар Smart UB аппликэйшнийг ашиглаж нийслэлийн 42 хороог хамарсан санал асуулга явуулж, 75.800 иргэний саналыг авчээ. Та ч бас жил бүрийн гуравдугаар сард өөрийн амьдарч буй орчиндоо юу хийхийг, ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байгаагаа уг аппликэйшнээр дамжуулан илэрхийлж, Орон нутгийн хөгжлийн санд тусгуулах боломжтой. Мөн Орон нутгийн хөгжлийн сан гэж юу болох, уг санд төвлөрсөн санхүүжилтээр ямар ажлууд хийгдсэн тухай мэдээллийг ч бас Smart UB аппликэйшнээс авч болно. 

5. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд 

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг бууруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр биечлэн үйлчлүүлэхээс гадна Дүнжингарав салбарын 75751200, Мишээл салбарын 75851200, Драгон салбарын 75771200 утас руу хандаж мэдээлэл, лавлагаа авч болно. Та "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөс үзүүлдэг 235 үйлчилгээний жагсаалтыг ЭНД дарж үзээрэй. 

Холбоотой нийтлэлүүд: 

Миллениалуудын нүдээр: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан 12 ЧУХАЛ ЗААЛТ №1

Миллениалуудын нүдээр: Миний мөнгийг хэрхэн зарцуулах нь надад хамаагүй гэж үү? №2

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.