Бүхэл бүтэн 4 жил суралцаж, цаашдын амьдралаа зориулах ажил мэргэжил сонгоно гэдэг хэцүүхэн даваа. Нэг л буруу сонгочихвол буцах замгүй мэт төсөөлөгдөн, айдас хүйдэс... Гэхдээ байзаарай. Мэргэжил сонгохоосоо өмнө дараах зүйлсийг мэдэж байхад та буруу сонголт хийхээс айх хэрэггүй.
I . "Цор ганц" мэргэжил, сольж боломгүй ажил гэж "үгүй" болсон
Ээж аавын маань үед бол анагаахаар сурсан л бол насан туршдаа эмчээр ажиллаж, санхүүгээр сурвал зөвхөн тухайн салбартаа л хөдөлмөр эрхлэх гэх мэт боломж хязгаарлагдмал байсан. Харин одоо 21 дүгээр зуунд цор ганц мэргэжил гэх ойлголт аажим аажмаар үгүй болсоор байна. Чи эмч боллоо ч яруу найрагч байж, хувийн бизнесээ эхлүүлэнгээ урлагийн салбарт хүч үзэж, зураг зурангаа нийтлэл бичиж, инженерээр ажиллангаа багшилж болно. Эсвэл өөрийн дуртай салбаруудаа "хольж сүлээд" дундаас нь зөвхөн чамд таалагдах ажил мэргэжлийг өөрөө бүтээж ч болно. Өөрт байгаа ур чадварууд, хийхийг хүсдэг, таалагддаг, хүсч мөрөөддөг салбаруудаа жагсаан бичээд үзээрэй. Тэгээд алийг нь алинтай нь хослуулж болох тухай сайтар бодоход л болно. Зураг зурахыг хүсдэг ч зохиолч болохыг ч бас хүсээд байвал "Гайхалтай!" өөрийн гэсэн зурагт ном бүтээж яагаад болохгүй гэж?

"Чи үнэхээр хүссэн зүйлээ хийж байгаа бол хамгийн сайнаараа хийнэ, тэгж байгаагаа ч мэднэ." -Маурис Сендак (Зураач)
II. Нэгэнт сонгосон бол эргэж буцах нь хулчгар гэсэн үг биш
Бид суралцаж, тухайн мэргэжлээрээ ажиллаж үзэхээс нааш чухам ямар байдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тиймээс амьдралдаа нэг л удаа шийдвэр гаргаад, хэрэв буруудвал насан туршдаа харамсана гэж бодох хэрэггүй. Чи хүссэн үедээ хүссэн зүйлээ хийж бүтээх эрхтэй. Хэрэв үнэхээр харамсах юм шиг санагдаад байвал хүсч буй салбартаа нэг сар ч хамаагүй дадлага хийж үзэх хэрэгтэй.

“Авьяас чадвар хоолны давснаас ч хямд эд. Амжилтад хүрсэн хүн авьяаслаг хүнээс ялгарч байгаа гол зүйл бол нөр их хөдөлмөр” - Стивен Кинг (Зохиолч)
III. Сургуулиа сонгохдоо ч эрэл хайгуул хийх, "яг бодит" байдлыг судлах
Хүссэн мэргэжлээр чинь боловсрол олгодог сургуулиудыг жагсаагаарай. Нэгт бичигддэг, чансаатай сургууль байлаа ч яг чиний хүссэн мэргэжлээр төдийлөн хангалтгүй байж мэднэ. Мөн ерөнхий чансаагаараа хойш бичигддэг ч яг чиний мэргэжлээр "номер нэг" боловсон хүчин бэлтгэдэг сургууль ч байж мэднэ. Тиймээс сургуулиа сонгохдоо тухайн тэнхим, багш нар, суралцдаг оюутан, төгссөн ажилтнууд зэргийг судалж, аль болох холбогдон зөвлөгөө аваарай. Хичээлийн хөтөлбөр, 4 жилийн сургалтыг сургуулийн захиргаанаас нь авч танилцаарай. Хооронд нь харьцуулж, ахиж дэвших боломж, дадлагын нөхцөл, хамтран ажилладаг газрууд гээд дэлгэрүүлэн судлаарай.

"Хамгийн сайн хийдэг зүйлээ л олчихсон байхад, хүмүүс үүний чинь төлөө мөнгө төлөх болно" - Катарин Уайтхорн (Сэтгүүлч)
IV. Хэд хэдэн хүнээс зөвлөгөө авах + ярилцах
Сэтгүүлчээр ажиллахыг хүсч байвал тухайн салбарт ажилладаг, хоорондоо ялгаатай 5-аас доошгүй хүнтэй уулзаж зөвлөгөө аваарай. Тэд бүгд өөр өөрийн өнцгөөс чамд салбараа тайлбарлаж өгөх тул нэг л хүнтэй уулзах нь хангалтгүй. Бас хүн бүрийн ур чадвар, хандлага өөр. Ажилдаа дуртай, амжилттай яваа хүмүүсээс гадна бүр дургүй, мэргэжлээ сольсон хүмүүсээс ч энэ салбарын "муу, муухай" талыг нь асуугаад авахад гэмгүй. Олон талын ойлголттой байх тусам чамд өөрийн дүгнэлтээ хийхэд туслах болно. Хүндэтгэдэг, салбартаа амжилттай яваа хүн байлаа гээд үг бүрийг нь дагах хэрэггүй. Чи тусдаа, өөрийн гэх онцлогтой хүн гэдгээ мөн санаарай.

"Дуртай ажлаа л сонго. Тэгвэл чи үлдсэн амьдралынхаа турш ажиллах хэрэггүй болно" - Күнз (Гүн ухаанч)
V. Ерөнхий мэргэжлээ сонгохын зэрэгцээ нарийвчилсан салбараа сонгох (барагцаалах)
Эмч нар 5 жил суралцаад, дараагаар нь нарийвчлан юуны эмч болохоо сонгон суралцдаг даа? Тэгвэл чи анхнаасаа л юуны эмч болохоо мэдэж, ядаж барагцаалж байвал илүү урам зоригтой байх болно. Бас 5 жилийн өмнөөс л тухайн салбартаа бие даан суралцаж чадна. Сэтгүүлчээр сурах бол анхнаасаа л сонин, сэтгүүл, радио, сайт гээд өөрийн тохирох салбараа барагцаалчихвал дадлага хийх газар, ажлын байрны санал гээд боломжууд чамд нээгдэх болно. Суралцах хугацаанд чиний хүсэл сонирхол өөрчлөгдөж, хөрвөж болно гэдгийг ч санахад илүүдэхгүй.

"Би карьерынхаа туршид 9000 гаруй цохилтыг алдсан. Бараг 300 тоглолтод хожигдсон. 26 удаа надад тоглолтонд ялуулахуйц шидэлтийг өгч байхад би алдсан. Би олон удаа бүтэлгүйтсэн. Тиймээс л би амжилтад хүрсэн юм. " -Майкл Жордан (Сагсан бөмбөгч)
VI. Дараах асуултуудыг өөрөөсөө асууж тэмдэглээрэй.
Сэтгэл хөдлөлөөр, бусдын үгээр, гоё харагдах байдлаар нь шийдвэр гаргахаас илүү өөрийгөө чагнаж, судалгаа хийх нь чамд зөв сонголтоо хийхэд туслах болно.

- Чамд хүссэн цалин, санхүүгийн хангамжийг чинь өгье гэвэл чи ямар мэргэжил сонгох вэ?
- Эцэг эх, багш, найз нөхөд тань танд ямар мэргэжил тохирно гэдэг вэ?
- Чи өөрөө үнэхээр юу болохыг хүсч байна? Хүмүүсийн зөвлөсөн мэргэжил чамд үнэхээр таалагддаг "тэр" мэргэжил мөн үү?
- Чи мэргэжлээ үнэхээр дотоод сэтгэлийн дуудлагаараа сонгосон уу, эсвэл багцаалан сонгох гэж байна уу?
- Тухайн салбарт амжилт гаргахгүй, "олигтой" цалин авахгүй байсан ч хамаагүй чи бүх зүрх сэтгэлээсээ дурлаж, хичээн ажиллаж чадах болов уу?
- Өөрийн үлгэр дуурайл авдаг, шүтэн биширдэг 5-10 хүнийхээ ажил мэргэжлийг жагсаан бичээрэй. Чамд аль нь таалагдаж байна? Чи хэн шиг нь болохыг хүсч байна?
- Хэрвээ чамаас хэн нэгэн мэргэжлээ сонгох талаар зөвлөгөө асуувал чи юу гэж хэлэх вэ?
- 10 жилийн дараа өөрийнхөө амьдралыг ямар байгаасай гэж хүсч байна? Өөрийгөө ямар ажилтай байгаасай гэж зураглаж байна?
"Ямар нэг зүйлийг маш ихээр хүсэж байгаа бол тэр хүн залуу ч бай, хөгшин ч бай шөнө тайван унтаж чаддаггүй. Өдөр нь бодогдоод салахгүй. Ийм зүйл байдаг бол чи юу хүсэж байгаагаа олжээ гэсэн үг. Тэгж их догдлохгүй байвал түүнийгээ олтлоо зогсолтгүй хайх хэрэгтэй" - Н.Эрдэнэбаяр (Комикс зохиолч, зураач)