Өнөөдрийн зурвас: Улаанаар, удаанаар...
Толины өмнө зогсоод уруулаа улаанаар, удаанаар будмаар байна. Бодит төрхөөсөө гоё хувилбарыг нэг хармаар, бас харуулмаар. Зөрж өнгөрөх хүмүүс тод улаан уруулыг хараад хар цагаан кинон дотроос ганцхан ширхэг улаан навч олж үзсэн шиг гайхан балмагдаасай. Хүүхэн бүхэн цүнхнийхээ буланд мартаж орхисон будгаа эрж олоод уруулаа улаанаар, удаанаар будаасай.
Эмэгтэй хүний үзэсгэлэн, улаан өнгийн уруулын будаг, агшин зуурын дурлал, тэнэг итгэл, нууцсаад байх зүйлгүй хэрнээ хэнд ч хэлдэггүй нууц, үл таних эрийн харц, тэмдэгрэх төдий инээмсэглэлүүдийг санаж байна. Бүр маш их хүсэн мөрөөдөж байна. Яг одоо, энэ мөч, энэ өгүүлбэрийг бичиж дуусахад л ийм зүйлийг хүсэн мөрөөдөх догдлол үлээсэн үнс мэт сарнин одохыг ч мэдэж байна.
Уруулын хэлбэр, өнгө, хүмүүсийн төрх байдал өөр, тэр хэрээр сэтгэл татам байдгийг мартжээ. Нүүрэндээ багтай ганган, дэгжин хүмүүстэй бишгүй тааралдавч хувцас дангаараа амьдралыг, улирлыг, хүнийг илэрхийлдэггүй аж. Зүгээр л нэг гутал тэгтлээ сонирхол татдаггүйтэй адил. Гоё сайхан гэдэг эзэн биетэй байж гэмээнэ амьтай болдог юм гээ. Инээмсэглэл, харамгүй сэтгэл, дулаахан үг яг л тийм эзэн биетэй гоё сайхнаас ундаргатай аж. Ийм гоё сайхныг маш их хүсэн мөрөөдөж байна.
Бусдыг тээршаасан, биенээсээ болгоомжилсон, хоорондоо зай барьсан өдөр хоногууд дахиад хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч амьдралыг, улирлыг, хүнийг илэрхийлэгч гоё сайханд тэмүүлсээр л байх минь. Уруулаа улаанаар, удаанаар будах минь.
Зочин 2021.09.09 175.192.225.152
Хөөрхнүүдийн хүсэн хүлээж байсан тэр мэдрэмж байлаа, баярлалаа хонгор оо :)
0 0 Хариулах