Дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй афган эмэгтэйчүүд талибанчуудын гаргасан сургууль дээр хар өнгийн хижаб өмсөх шинэ дүрмийг эсэргүүцэж өнгөлөг уламжлалт даашинзаар гоёсон зургуудаа олон нийтийн сүлжээнд байршуулан давалгаалж байна.Афганистаны засгийн эрхийг аваад буй талибанчууд эрэгтэй, эмэгтэй сурагчдыг тусдаа танхимд хичээллэх чиглэл өгсөн ба эмэгтэй сурагч, багш, ажилтнуудыг Шариатын хуулийн дагуу хөлөөсөө толгой хүртэл урт хар өнгийн хижаб өмсөхөөр зарлигджээ.

Өнгөрөгч бямба гарагт Кабул хот дахь улсын их сургуулийн эмэгтэй оюутнууд энэ шинэ дүрмийн дагуу хувцаслан Талибаны тугийг даллаж буй зураг цацагдсан нь эмэгтэйчүүдэд хүндээр туссан аж. Үүнийг харсан Афганистаны их сургуулийн багш асан Бахар Жалали нийт афган эмэгтэйчүүдийг уриалан кампанит ажил эхлүүлээд байна. Тэрбээр “Афганистаны түүхэнд эмэгтэйчүүд ингэж хувцасласан тохиолдол нэг ч байхгүй. Энэ бол бидний соёл уламжлалтай харших, хэтэрхий харийн зүйл. Би талибанчуудын сурталчилж буй ташаа бүхнийг эсэргүүцэн үндэсний хувцастай зургаа хуваалцаж байна” гэж твиттер хуудастаа бичжээ.Түүний уриалгыг дэмжиж буй олон афган эмэгтэйчүүд үндэсний өмсгөлтэй зургуудаа олон нийтийн сүлжээнд оруулсаар байна. Тэд “Энэ бол Афганистаны соёл, афган эмэгтэйчүүд ингэж хувцасладаг” гэх уриан дор нэгджээ.
Эх сурвалж: CNN