Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Монгол сарариман


Япончуудын комедийн баатар сарариманы хэв шинжит дүрүүдийг манайхан төрийн албан хаагч болгон өөрчлөх дараагийн алхам бол дарга, сайд нар хүсвэл ажилтнуудаараа яаж ч болдог гэдгийг олон түмэнд харуулах явдлаар үргэлжилж байна. Тухайлбал, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэмээх улбар шар мавашитай нөхөр байгууллагын ажилтнууддаа зориулан “Даргаа учир зүггүй загнах өдөр” гаргаж өгөв. Энэ өдөр нь ирэхлээр удирдлага дахь албан хаагчид нь түүнийг болгож тавих учиртай. “Гэвч Б.Бат-Эрдэнийг хэн ч загнасангүй, дарга сайн ажиллажээ” гэх дүгнэлт гарах ёстой. Төрийн албан хаагчийг тохуурхаж байгаа л хэрэг шүү дээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар вино сонирхогч, аялагч эрийг явуулж дөнгөсөн. Төрийн гадаад бодлогод чанд баримталж ирсэн боловсон хүчний бодлогод ан цав суулгасан, дипломатчдын нэр хүндийг үл хэрэгссэн, дипломат албанд хойшид зүтгэх мэргэжилтнүүдийн итгэл үнэмшлээр тохуурхсан явдал болсон. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр яамныхаа ажилтнуудыг хувийн унаагаар зорчихыг хориглосныг түгжрэлтэй холбож харсан ч цаагуураа “цэрэг бол хүн биш” гэх ойлголтыг лавшруулна. Ажилдаа ирэх замаараа гэр бүлээ цэцэрлэг, сургууль, ажил албанд нь дөхүүлэх эрх энэ яамны албан хаагчдад хориотой гэхээр иргэний эрхийн зөрчил биш гэж үү? Энэ мэт төрийн албаныхныг хошигнол, тохуурхал болгосон жишээ цаашид ч үргэлжлэх вий. 

Японд хамгийн их шоолуулж, доог тохуу болж байдаг хэсэг бүлэг байдаг нь сарариман. Хэн хамаг мөнгөө уушинд өгч, хэн метрогоор согтуу, унтаа хоёрын голоор зорчиж, хэн хамгийн их нэрэлхүү, баярхуу тэр бол сарариман. “Сарариман” хэмээх нэршил англи хэлтнүүдээс япон хэлэнд хэрэглэгдэн өдгөө зуун жил өнгөрөхөд Японы нийгэмд бүхэл бүтэн анги давхаргын амьдралын хэв маяг, ахуй соёлын өвөрмөц өнгө төрхийн илэрхийлэл болжээ. Сарариманууд бол зангиа углаж, цүнх барьж ажилдаа явдаг, тогтмол цалинтай “цагаан захтнууд” юм. Төрийн албан хаагчид энэ давхаргад багтдаг боловч муу нэрийг нь барагтай зүүдэггүй, нэлээд ялгаатай “цагаан захтнууд”. Эмч, багш, инженер, хуульч, нягтлан бодогч, хөгжимчин, зураач нарыг тогтмол цалинтай ажиллаж байлаа ч сарариман гэж тэднийг хэлэхгүй. Мөн Монголоос ялгаатай нь улстөрчдийг энэ ангилалд оруулдаггүй. Харин хувийн хэвшлийн томоохон корпарацуудад тогтмол цалин авдаг албан хаагчдыг Японд сарариман гэнэ. Ажлаа тараад зоог, уушийн газраар саатан тэнүүчилсээр сүүлчийн метроноос хоцордог, караокед үүр цайлгадаг гэх мэт сарариманыг таних тэмдгүүд Японд ихэд алдартай. Сарариманы аз жаргал нь дарга удирдлагадаа таалагдахаас үл хэтрэх тул толгойгоо ажиллуулж, хөдөлснийхөө хэрээр орлого олж байдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн дэргэд өчүүхэн багад тооцогддог. 

Хувийн хэвшилд ажилладаг сарариманы эзлэх жин Японы ажил эрхлэгчдийн дийлэнхийг бүрдүүлж, тэдний тоо толгой нийгэмд үргэлж давамгайлдаг атлаа шинэ сэргэг санаа, дэвшилт зан чанарыг түүчээлэгчид болж чаддаггүйнх нь төлөө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шүүмжлэлийн бай болсоор иржээ. Нийгмийн бусад идэвхтэй салаа мөчрүүд өрсөлдөх чадваргүй сараримануудыг үл ойшоож, бүр сөрөг дүрээр тээршаан харах тул хөөрхий цагаан захтнуудын армид сэтгэл гурталд автах, бүр амиа егүүтгэх явдал цөөнгүй. Корпорацууд зарлагаа хэмнэх шаардлага тулгарахад бодож санах зүйлгүйгээр сараримануудыг үй олноор нь цомхотгон хөөхдөө бэлэн. Японы оюутнууд сургууль төгсөөд сарариманы замналаар явахаас аль болох татгалздаг. Харин улсын төсвөөс цалинждаг Засгийн газрын байгууллагуудад ажиллаж, мерит зарчмаар карьер хөөхөөс буцдаггүй, ичдэггүй. Харин Монголд сарариманы нөхцөл байдал эсрэгээрээ, төрийн албан хаагчдыг өөнтөглөн харах өнцөг  юм.

Монгол Улс 205 мянган төрийн албан хаагчтай. Энэ нь хөдөлмөр эрхлэх 15-аас дээш насны 2 сая хүнтэй харьцуулахад 10 хувьтай тэнцэх тоо юм. Цар тахлын улмаас хумигдсан эдийн засаг ажиллах хүчнийг 10 хувиар цомхотгож, эдийн засгийн идэвхгүй болсон сул хүн ам 50 хувиас давжээ. Өнөө цагт ажил идэвхтэй хийн амьдарч буй 4 монгол хүн бүрийн нэг нь төрийн албан хаагч байхаар дүр зураг. Дунджаар айл болгонд ажлын цаг нь тодорхой, авдаг цалин нь тогтмол, өөрөөр хэлбэл амжиргааны баталгаатай нэг төрийн албан хаагч амьдран суудаг гэхээр том тоо аж. Хэдийгээр төрийн албаныхны цалин өндөр биш буюу дунджаар 1.1 сая төгрөг орчимд эргэлдэж байдаг ч энэ мөнгөөр олон өрхийн тогтвортой байдал хангагдаж байна. Гэсэн хэдий ч монголчуудын дунд төрд алба хаадаг иргэдийн нэр хүнд сайнгүй. Төр гэх ойлголт эрхэм дээд байх атал төрд ажиллаж, иргэдэд үйлчилж, улсын төсвөөс цалинжиж байдаг хүмүүсийн нэр төр яагаад сэвтэй байдаг юм бол?  

Ерөнхий сайдад лекторууд, том улаан дипломтнуудаас илүү төрд ажилласан туршлагатай мэргэжилтнүүд хань болдог. Засгийн газрын ажлыг попууд хийдэггүй, төрийн албан хаагчид гүйцэтгэж байдаг. Улс төрийн сонгууль бүрийн дараа ялсан намын хамаарал бүхий этгээдүүд төрийн албанд шургалж, төрийн албаны мэргэшсэн, хариуцлагатай, нэр хүндтэй байх дүр төрх эвдэгдэн муу нэр, луу данстай болсон. Яамдын газар, хэлтсүүд ажлаа хэвийн явуулахын тулд туршлагатай ганц, хоёр мэргэжилтнийг үлдээгээд бусад орон тоог дураар эзлэн төрийн албыг гутаан доромжилсоор ирсэн нь одоо хэнд ч нууц биш болсон билээ. Сонгуулиар дамжиж яам тамганд гэнэт ороод ирдэг “гудамжны юмнуудад” зарагдаж ажиллах нь төрдөө хүндэтгэлтэй ханддаг албан хаагчдын урам зоригийг мохоосоор, төр одоо хүчгүйдсэн байгаа. Уг нь төрийн алба хэн эрдэм сурсан, хэн шударга, хэн хичээнгүйд үүдээ нээж, тэднийхээ нүүрээр ард түмэнд үйлчилдэг газар юм. 

Улс төрийн томилгоотнуудын дэргэд тухайн салбартаа мэргэшсэн төрийн албан хаагчийн үнэ цэн хамаагүй өндөр байдаг. УИХ-д хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд гарлаа гэх мэдээлэлтэй бид байнга таардаг. Үүнийг ялсан намын гишүүд бичиж найруулдаг гэвэл том эндүүрэл. Ийм ажилд гол хүмүүс нь төрийн мэргэшсэн албан хаагчид байх агаад найруулга, тохируулгыг хуульчид хийдэг. Энэ мэтчилэн улс орны хамгийн чухал бодлогууд мэргэжлийнхэн, төрийн албан хаагчдын үүрэг оролцоонд тулгуурладаг. Үүнийг улс төрийн ялагдсан нам болгон хөндүүрлэн халаглан ярих боловч ялахаараа мартан, төрийн албыг ах дүү, танил талаараа цөлмөнө, авлигын уурхай болгоно. Дөрөв дөрвөн жилээр улстөрчид солигдсон 30 жил өнгөрөхөд монгол төрийн алба, төрийн албан хаагчдын нэр хүнд тэдний “буянаар” унаж орхисон билээ. Төрийн албан хаагчдыг “цүнх баригч”, “бөгс долоогч”, “авлигач” болгож хардаг нүдийг улс төрийн намууд иргэдэд нээж өгсөн. Одоо хэн эрдэм боловсролтой, хэн өөртөө итгэлтэй, хэн шударгаар өсөж дэвжихийг хүснэ, тэр аль болох төрийн албанаас хол нэрээ хичээх болж. Төрийн албанд ажиллахыг монгол охид, хөвгүүдийн хувьд ичгэвтэр алхам, сул доройн шинж болгосоор байх нь харамсалтай. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
23 минутын өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
2 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.