UBLife Logo
-

"Шинэ бүтээл-Хүмүүс 5"

UBLife
UBLife
"Шинэ бүтээл-Хүмүүс 5"

Энэ жилийн гэрэл зургийн  үзэсгэлэнгийн онцлог нь нэрт гэрэл зурагчин Ц.Батзоригийн 50 насны ой тохиож байгаа бөгөөд уран бүтээлийн дээжүүд нь үзэсгэлэнд тавигджээ. "Шинэ бүтээл-Хүмүүс 5" үзэсгэлэнд 30 гэрэл зурагчны 47 бүтээл шалгарсан байна. Үзэсгэлэнд оролцсон 10 гэрэл зурагчны бүтээлийг шүүмжтэй нь та бүхэнд хүргэж байна. Үлдсэн бүтээлүүдийн шүүмжийг та үзэсгэлэнд хүрэлцэн очиж үзээрэй. Үзэсгэлэн тавдугаар сарын 5 хүртэл гарах аж.

Гэрэл зургийг Б.Одгэрэл Би 2015 оноос өдөрт нэг зураг буюу "365" нэртэй төсөл эхлүүлсэн юм. Энэ төслийн минь гол санаа нь намайг хаа нэгтээ камертайгаа явж байх үед тааралдсан танилууд болон найзуудынхаа хөргийг тухайн мөчид болон тухайн орчинд нь буулгах. Энэ төслөө эхлүүлсэн сард “Blue moon” галерейд үзэсгэлэн үзээд явж байтал найзуудтайгаа таарсан юм. Эмэгтэй нь удахгүй гадаад явах гэж байсан тул их л азтай таарсан даа. Тэднийг нэгэн бүхэл гэж харагдахаар сонирхолтой байдлаар авахыг зорьсон минь энэ.

Фото редактор З.ЭрдэнэГэрэл зурагчдад зарим үед кадртаа юу багтааж авахаа маш шуурхай шийдэх, эсвэл маш сайн бодож зохиомжлох шаардлага тулгардаг. Энэ зургийн хувьд тухайн агшинд хоёр хүний нүүрэнд маш зөв, зоригтой, тойрог хийж өгсөн байна. Монгол охины нүдний харц, залуугийн нүүрний хэсгээс тухайн хоёр хүний бүхий л харилцаа шуудхан харагдаж, өөр илүү дутуу зүйлгүй зөв илэрхийлэл болсон байна. 

Гэрэл зургийг  Б.Рэнцэндорж2015 оны долоодугаар сарын 11Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд Төрийн есөн хөлт цагаан тугийг залахаар Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүндэт харуулын цэргүүд авч явж байна.

Фото редактор З. ЭрдэнэГэрэл зурагчин бусад хүний харж байгаагүй байрлалаас авахад зурганд сонирхолтой дурс, хөдөлгөөн их орж ирдэг. Объектийн байгалийн сүүдрийг зохиомжинд ашиглах нь их байдаг. Энэ зурагт сонирхолтой ритм, хөгжим ч сонсогдох шиг...Жаахан кроп хийчихмээр л байна.

Фото редактор Ө.Баттайван (МУСТА)Есөн хөлт цагаан тугийн ёслолыг би яг эгц хажуунаас нь харж байсан. Харин одоо би эгц дээрээс нь есүүлэнг нь харж, зарим талаас нэмэлт геометрийн дүрсүүдийг ургуулан бодож эхэллээ.

Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа2015 оны наймдугаар сарын 12Оюутан цэргүүд. “Оюутан цэрэг-2015” хөтөлбөр өндөрлөж, Чингисийн талбай дээр оюутан цэргүүд эх орондоо үнэнч байхаа илэрхийлэн тангараг өргөсний дараа дурсгалын зургаа татуулах үеэр.

Фото редактор С.Цацралт (МУСГЗ)Зургийн зохиомж, дуран сонголт нь яг таарсан. Сайн зураг болсон.

Гэрэл зургийг Р.Лувсанням2015 оны дөрөвдүгээр сарын 22"Central Tower"-ийн хажуугаар алхаж явахдаа анзаарч дарсан юм. Аваад удаагүй байсан өргөн өнцгийн дурангийнхаа ид шидийг үзэх гээд энэ тэрүүгээр сониучирхаж явсан юм. Миний хувьд уг зураг маань маш энгийн өгүүлэмжтэй, тэр бүр хараад байдаггүй үзэгдлийг л буулгая гэж бодсон.

Фото редактор С.Цацралт (МУСГЗ)Сонирхолтой агшныг цэг, цагийг нь олж гэрэл зурагт буулгаж чаджээ. Баяр хүргэе.

Фото редактор Т.ӨсөхбаатарСайн тал: Сонирхолтой агшин. Сурталчилгааны зураг дахь дээшээ харсан хүний харц бидний анхаарлыг цонх цэвэрлэж буй хүмүүс рүү хөтөлж байгаа зохиомж нь зургийг өгүүлэмжтэй болгосон байна.

Сул тал: Барилгыг бүтнээр нь багтаахын тулд хэт өргөн өнцөгтийн дуран ашиглажээ. Иймд зургийн чухал деталь алсран жижгэрч ач холбогдолгүй, онцын шаардлагагүй мэдээлэл агуулсан сул орон зай их болсон байна. Ер нь шаардлагагүй зүйлийг бүтнээр нь багтаах гэж зорьдог нийтлэг дутагдал манай зурагчдад түгээмэл анзаарагддаг. “Усыг нь шахаж“ шаардлагагүй зүйлийг зоригтой танаж сурах хэрэгтэй. Хоёр дахь самбарын зураг зохиомж эвдэн, анхаарал сарниулж байна. Хэрвээ би энэ зурагчны оронд байсан бол зүүм дуран ашиглан зургийн зүүн захад байх хоёр дахь самбарын зургийг, мөн барилгын оройг хасч хамгийн дээд захын цонх цэвэрлэгчээс дээш ялимгуй агаар үлдээн зохиомжлох байлаа. Сурталчилгааны зургийг тэгш хэмтэйгээр голлон байрлуулж, кадрын суурь шугамыг барилгын хөндлөн шугамтай паралель болгон засч цэгцлэх байв.

Гэрэл зургийг Ш.Хаш-Эрдэнэ2016 оны нэгдүгээр сарын 1Төв талбайд чуулсан нийслэлчүүд нэгэн дуугаар он солигдох торгон мөчийг хамтдаа тоолон шинэ оноо оргилуун дарсны хамт угтан авлаа. Тэнгэрт түм түмэн одод нэгэн зэрэг анивчих адил салют буудан хүн бүрийн сэтгэлийн хөдөлгөөн дээр баяр нэмлээ.

Фото редактор С.Цацралт (МУСГЗ)Өнгө, зохиомж, гэрэл сүүдэр, агуулга бүгд ОК. Сайхан ажил

Фото редактор Т.ӨсөхбаатарЗохиомж зөв, өгүүлэмж тод зураг болсон байна. Ийм зураг авахад тохиолддог гол бэрхшээл бол өрц, хурдны тохиргоо /экспозици/. Камерын гар тохиргоон дээрээс тохиргоог маш сайн тааруулж авсан учраас контраст багатай, зөөлөн гэгээлэг, дэврүүн өнгө аясыг илэрхийлж чаджээ. 

Гэрэл зургийг Г.МөнхсайханГовь-Алтай аймаг, Дэлгэр сум, Үнээн усны бригад (урьд Нүнээ насан гэж хийд байсан). Энэ хавийн хүүхдүүдийн ганц тоглоом нь эвдэрхий машин... Эцэг эхдээ гэр барихад нь тусалж дуусаад амсхийх мөч.

Фото редактор Т.ӨсөхбаатарЮухныг ч болов ашиглан тоглоом болгож баясаж чаддаг хүүхдийн сониуч занг илэрхийлсэн зураг.

Сайн тал: Эл зургийг сууж буй хоёр хүүхдийн толгойн түвшнээс авсан учраас зөв ракурстай /зураг авах өндөр намын цэг/ болсон байна. Машины их биеийн дөрвөлжин тасалгаанууд нэгэн хэмийн давтагдсан шугамыг үүсгэж нэгж дөрвөлжинд хоёр хүүхдийг хайрцаглан авсан нь зохиомжийн хувьд сонирхолтой болжээ. Зургийн 1\3 дээр буюу харааны идэвхтэй цэг дээр охины биеийн босоо шугаман дүрс, машины их биеийн хөндлөн шугамын огтлолцол таарсан учраас зохиомжийн хувьд зөв гүйцэтгэл болсон байна. Зүүм дурангийн 40 мм орчим дээрээс авсан болов уу гэж таамаглаж байна. Дурангийн өнцөг оновчтой учраас бага зэргийн алслалт үүсгэж, дүрсний эвдрэл /хэт өргөн дуран/, болон дүрс хавтгай /теле дуран / идэвхгүй болохоос сэргийлж чадсан байна.

Сул тал: Зохиомжийн хувьд онцгой шийдэл үгүй, ердийн байдаг л зохиомж. Онцгой анхаарал татахуйц буюу зургийг сонирхолтой болгох деталаар ядмаг, идэвхгүй, уйтгартай. 

Фото редактор Жерри Галеа (Австрали)Хоёр банди хоорондоо хөөрч суухад, охин ганцаараа эвдэрхий машины сэгний дээр суугаад юм харж сууна...энэ зураг таныг түрхэн зуур зогсоож, бага насны дурсамжийг бодогдуулан, өдөржингөө мөрөөдөх өдрүүдэд аваачна. Гайхайлтай өгүүлэмж!

Гэрэл зургийг Ж.Арслан2016 оны нэгдүгээр сарын 16Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16-р хорооны 178 тоот хашаанд амьдарч буй Баясахын Отгон нэртэй 80 гарсан эмээ. Уг нутаг Зүүн үзэмчин хошууны Мандах булаг сумын Хэсэг гэдэг газар төржээ. 1945 онд дайны үймээнээс болж Дорж ноёны дагуулгаар ээж, эгч, дүү дөрвүүлээ төрсөн ах дүү хамаатан саднаасаа салж Монголд дагаар оржээ. Анх Монголд ирэхдээ 10 настай байсан. 15 настайд нь ээж нь өнгөрчээ. Отгон эмээ барилгын ажилд 20 гаруй жил ажиллаж архины үйлдвэрт 7 жил ажиллаж, спиртийн харшлаас болж хараагаа алджээ. Өнгөрсөн жил бэр нь зол бусаар тархины цус харвалтаар өнгөрч дөрвөн хүүхэд нь өнчрөн, том хоёрыг нь хамаатан нь өргөж авчээ. Одоо эмээ ганц хүү, 4, 5 настай хоёр ачтайгаа дөрвүүлээ айлын хашаанд амьдарч байна.

Фото редактор Т.ӨсөхбаатарСайн тал: Гэрэлтүүлэг зөөлөн, контраст багатай учраас эмэг эх болоод ач хүүгийн дотоод сэтгэлийн нандин холбоог сайтар гаргахад дөхөмтэй болсон байна. Их намуухан, дөлгөөн, тайван өнгө аясыг илэрхийлж чаджээ. Өрцний тохиргоо, гүний тодрол /deep of field/ зөв оновчтойгоос хоёр биеийн нүүр фокус алдаагүй тод дурслэгдсэн байна. Гар бол хүний СЭТГЭЛИЙН ХОЁР ДАХЬ ТОЛЬ мөн. Хөрөг зураг авч байгаа манай зурагчдын нийтлэг хийдэг алдааг энэ удаад давтсангүй! Хэн хэнийх нь гар дүрслэгдэхийн сацуу алга тэнэгэр байгаа нь дотоод сэтгэлийн амгаланг илтгэнэ.

Сул тал : Хэрэггүй сул орон зай ихтэй. Зохиомжийн хувьд тааруу. Энэ алдааг засахын тулд арай ойртох, эсвэл арай бага өнцөгтэй дуран ашиглаж кадраа дүүргэж өгөх хэрэгтэй байлаа. Хөрөг зургандаа гар оруулж авсан нь сайшаалтай ч зургийн зохиомжид гарын байрлал сайтар нийцсэнгүй. 

Гэрэл зургийг Ц.Эрхбаяр2016 оны гуравдугаа сарын 26Ажлынхаа цонхоор нүд татах юмгүй өндөр өндөр барилгуудыг хараад дотор бага зэрэг давчдан зогсох үед хоёр бяцхан охин хаанаас ч юм гүйлдэн гарч ирээд инээд цангинуулан одов. Энэ л хэсэгхэн нарны гэрэл мэт гэгээ тусгана. Замын цагдаагийн хажуу талын UNION building-ийн 14 давхраас.

Фото редактор Т.ӨсөхбаатарСайн тал: Диагональ буюу ташуу шугаман зураас ашиглаж зохиомжилсон нь зурганд эрчимтэй, хөдөлгөөнт чанар оруулсан байна. Гэрэл сүүдрээр “тоглож” сонирхолтой зураг буулгажээ. Кадр дүүргэлт сайн, агшин оновчтой.

Сул тал: Гүйж байгаа хүүхдийн дүрсийг харааны идэвхтэй цэгт /алтан огтлолцолд/ оруулж, хөдөлгөөн үргэлжлэх талд ялимгүй зай нэмж тавьж өгсөн бол илүүтэй харагдах байв. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир2012 оны 12-р сарын 27. Албан газрын шинэ жилийн баярт оролцуулахаар авчирч байгаа цаа буга. Шинэ жилийг тохиолдуулан цаа бугатай хамт гэрэл зураг авахуулах үйлчилгээ бий боллоо. Цаа бугатай гэрэл зураг авахуулахад 3000 төгрөг төлнө. Цаа бугыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас авчирчээ.

Фото редактор Т.ӨсөхбаатарЗураг дээр дүрслэгдэж байгаа биет нь сонин содон байх аваас тэр зурагт үзэгчид өөрийн эрхгүй татагдан шохоорхдог. Зэлүүд тайгын амьтан - цаа буга хотын гудамжинд бус, тансаг чамин газрын цахилгаан шатан дотор зогсож байгаа нь эрхгүй анхаарал татна. Сонин зураг, сонирхолтой агшин. Онцгой содон зохиомж үгүй ийм зургийг сайлах муулах шалтаг үгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
39
21
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.