Олон улсын 600 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч нэгдэн дэлхийн лидерүүдтэй холбоотой оффшор дансны шинэ мэдээллийг дэлгээд байна. "Pandora papers" гэх энэ баримт нь оффшор үйлчилгээ үзүүлэгч 14 фирмийн 11.9 сая бүртгэлийн мэдээллийг нэгтгэсэн сан бөгөөд нийт 200 орчим бүс нутаг, улс оронтой холбогдож байгаа нь далд мэдээллийн цунами дэгдээж байна гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл онцолжээ.
Нийт 2.94 тэрабайт хэмжээтэй баримтыг судлахад 117 орны 600 гаруй сэтгүүлч ажилласан бөгөөд The Washington Post, The Guardian тэргүүтэй хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллажээ. "Эдгээр нь баян, нөлөө бүхий удирдагчид болон заримдаа гэмт хэрэгтнүүдийн нууц хөрөнгийг тэдэнд туслах нэрийдлээр татварын диваажин гэгдэх оффшор бүсүүдэд "зохицуулж" өгдөг фирмүүдээс илрүүлсэн мэдээлэл" гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлийн сурвалжлагч Вилл Фицгиббон хэлжээ.
"Pandora" баримтуудад дурьдагдсан оффшор бүсүүдэд Төв Америкийн Белиз, Виржиний арлууд, Сингапур, Кипр, Швейцарь улс болон АНУ-ын Өмнөд Дакота, Дэлавар муж багтсан байна. Энд үйл ажиллагаа явуулдаг фирмүүд "Бид ямар ч хууль зөрчөөгүй" гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн бөгөөд оффшор бүсэд компани байгуулах, мөнгө, хөрөнгөө бүртгүүлэх нь хууль бус үйлдэлд тооцогддоггүй. Гэвч өөрийн оронд хууль бусад тооцогдох болон ёс зүйгүй, зүй бус аргаар олсон мөнгөө ийнхүү далдлах нь хэвийн зүйл биш.
Таван жилийн өмнө "Панамын баримтууд" ил болсны дараа дэлхийн олон улсад оффшор данстай холбоотой реформын өөрчлөлтууд явагдсан. Далд хөрөнгөө мэдүүлэх, аль нь хууль бус, аль хуулийн дагуу гэдгийг ялгаж салгах шаардлагатай гэсэн олон ч хэлэлцүүлэг өрнөсөн. Гэсэн ч "Пандора" баримтуудаас харвал хөрөнгөтнүүд мөнгөө нуух шинэ арга хэлбэр олж, илүү нарийн системийг бүрдүүлжээ. Учир нь, энэ удаагийн баримт "Панамын баримтууд"-тай харьцуулахад хоёр дахин их буюу нийт 29 мянган оффшор дансны мэдээллийг цуглуулсан юм.