Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

ХОБО ЖИБЭ | Деми Ловато харь гарагийнхантай холбоо тогтоож, Шакирагийн оффшор данс илрэв


Зои Кравитц Чаннинг Татум хоёр тохирох хосууд мөн үү?

#KarmaIsBitch

Энэ долоо хоногийн ХОБО ЖИБЭ булангаа уламжлал ёсоор бусдын амьдралыг шүүж эхлүүлэхэд таатай байна. Эхний сэдэв Чаннинг Татум, Зои Кравитц хоёр. Тэдний тухай ярихын тулд эхлээд өмнөх хайр дурлал, гэрлэлт салалтыг ярих шаардлагатай юм. Чаннинг ах маань 2006 онд “Step Up” кинонд хамтран тоглосон эгч Женна Девантай зураг авалтын үеэр нэн даруй дотносож, юу юугүй үерхэн, удалгүй нэг гэртээ орж, үр хүүхэдтэй болсон юм. Гэвч экс эхнэрийнх нь хэлж буйгаар Чаннинг хүүхдээ төрөхөд ч байгаагүй, төрсний дараа хэдэн сар ч гэртээ огт байгаагүй гэнэ. Кино зураг авалттай таарч, хувийн амьдралаа ажлаасаа дээгүүр тавьж дөнгөөгүй юм санж. Тэгээд Женна охиноо дөнгөж төрүүлээд буцаад ажилдаа орсон учраас ганц бие ээж шиг амралт чөлөөгүй ажиллаж, хүүхдээ харсаар ядарч туйлдаж, төрсний дараах сэтгэл зовнилтой болж, тэр нь удаан үргэлжилсээр хэдэн жилийн дараа гэхэд нэг л мэдэхэд хайр сэтгэл нь зовлон, бухимдал болсон байсан гэнэ. Ай даа, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр үед нөхөр нь хажууд нь байгаагүйд ихэд гомдсон гэсэн үг шүү дээ. Ингэж удаан гомдож явсны учир нь нөхөр нь тэр явдалдаа гэмшээгүй гэсэн үг шүү дээ. Нэг сайхан монгол эр хүн шиг гэмшээд, эхнэрийнхээ сэтгэлийг дэвтээчихэд яахав дээ нээрэн. 

Удалгүй Женна ч өөр хүнтэй гэрлэж, Чаннинг ч дуучин Жэсси Жэйтэй болзож эхэлснээр тэдний зам нэг мөр салсан. Гэхдээ Жэсси Жэй Татумд олигтой нүүр өгөхгүй, энд тэнд уулзаж буйгаа нууцалж байснаас үзэхэд харилцаандаа нэг их итгэл үнэмшилтэй биш байгаа нь мэдэгдэж байсан юм. Ингээд тэдний нууц болзоо мөн л төгсгөл болоод жил ч хүрээгүй байхад Татум бидний хайрт Зои Кравитцтай болзож, “Мет Гала” ёслол дээр хөтлөлцөн ирлээ. Кравитц бүсгүй нөхрөөсөө салаад хоёр жил болж байгаа юм. Энэ тухайгаа “салалт бол үзэсгэлэнтэй зүйл, цаашид ямар амьдрал намайг хүлээж байгаа бол, ингээд эрх чөлөөтэй болоо доо гэж бодохоос сэтгэл хөдлөм” гэж ярьснаас үзэхэд энэ эмэгтэй бараг Чаннинг Татумыг уйлуулж, нус нулимстай нь хутгах юм биш үү гэдэг бодол төрж байна. Магадгүй л юм. “Karma is bitch” гэдэг дээ. 

Деми Ловато харь гарагийнхантай харилцаа тогтоожээ

#ОройҮдэшБолгоомжтойЯваарай

Халлоуины баяр хараахан болоогүй байхад хүмүүс аймар аймар юм ярьж эхлээд байна. Манай Ерөнхийлөгч 2018 онд таалал төгссөн Кофи Аннан гуайтай уулзаад ирлээ гэж ярьсан бол дуучин Деми Ловато харь гарагийнхантай холбоо тогтоолоо гэж яриад байна. 

Тэр саяхны нэг ярилцлагааа Калифорнийн Үндэсний байгалийн цогцолбор газарт аялаж яваад харь гарагийн хөлөгтэй таарсан тухайгаа ярьжээ. Хөх өнгөтэй цагариг хэлбэртэй зүйл газраас 3-5 метрийн өндөрт хөвж явсан гэнэ. Үүнийг сонссон Ловатогийн фэнүүд “Манай хүн юу татсан байсан юм бол доо?” гэж ихэд сонирхжээ. Тэгсэн чинь Ловато “Тэгж ярьвал өнгөрсөн жил би бүүр харь гарагийнхантай уулзсан. Тэнгэр ширтээд хэвтэж байтал чанх дээр тод гэрлээр асуултын тэмдэг зурагдаж, би сүнсээрээ ямар нэг зүйлтэй холбогдож буйгаа мэдэрсэн. Тэгээд харь гарагийнхан үнэндээ хүмүүс бидний дунд ч амьдарч байдгийг мэдэрсэн” гэв. “Хар хувцастнууд” кинон дээр гардаг шиг л зүсээ хувилган оршиж байдаг юм болов уу. Монголд бол 90-ээд онд Ромбу гарагийнхантай холбоо тогтоосон үзмэрч Ч.Дашцэрэн гуай гэж хүн байсан. Түүнээс хойш харь гарагийнхантай холбоотой явдал гараагүй учраас үнэндээ энэ хэргийг шүүх гэхээр ухаан хүрэхгүй байгаа юм.  Ямар ч байсан “Нууц материал” киноны мөрдөгч Скалли, Малдер хоёроос сурсан ганц нэг зүйлээ хэлэхэд харь гарагийнхан дэлхийд коронавирус халдаасан байх магадлалтай. Учир нь “X Files” цуврал дээр харийнхан дэлхийд ретровирус нэртэй вирус тарааж, биднийг колоничлох гэж байгаа тухай гардаг байгаа шүү. Болгоомжтой байгаарай. Гурав дахь тунгаа хийлгээрэй.

Уилл Смит эхнэрээ араар тавьж байснаа хүлээн зөвшөөрөв

#ХүнийлАмьдрал

Холливудын хамгийн сайн сайхан, төлөв төвшин гэр бүл гэгддэг Уилл, Жада Пинкет Смит нар өнгөрсөн жилээс “Red Table Talk” гэр бүлийн ток шоу хийж эхэлснээс хойш хувийн амьдрал нь тийм ч гайхалтай сайхан байгаагүй гэдэг нь харагдаж эхэлсэн юм. Ер нь бодоод байхад хэчнээн төгс харагдаж байвч хүн л болсон хойно хөшигний ард зөрчил тэмцэл, хэрүүл маргаан байх нь ойлгомжтой юм. Бид нар ч гэж бид нар. Төгс л юм байх гээд итгэчихэж байгаа юм ш д. Тэгээд бузар булайг нь гэнэт сонсож цочирддог шүү дээ. Тэрний оронд анхнаасаа хэн нэгнийг шүтэн бишрэхдээ “Энэ ч гэсэн хөөрхий хүн л учраас над шиг бузар булай, нүгэл хилэнц үйлддэг л байж таарна” гээд бодчихож байвал дараа нь сэтгэлд сэвгүй амар шүү дээ. 

Уилл, Жада хоёрын хувьд гэрлээд 23 жил болж буй энэ урт хугацаанд юу эсийг л үзэж туулах вэ дээ гэмээр байжээ. Ноднин ток шоуны үеэр Жада залуу реппер Август Алсинатай учир жанцан ургуулж явсан тухайгаа ам алдаж, нөхрөө дэлгэцийн өмнө шоконд оруулсан юм. Тэдний харилцаа сүүлийн арваад жил хөрч, үл ойлголцол газар авснаар ийм явдал болсон гэж Жада тайлбарласан. Гэвч хүмүүс Уиллийг өрөвдөж, Жадаг үзэн ядах хандлагатай болсон нь нууц биш. Нөхрөө араар тавьсан хүүхэн нэр зүүж эхэлсэн. Харин саяхан Уилл нэгэн ярилцлагатаа “Эхэлж араар тавьсан нь Жада биш гэдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсэж байна’ гэж хэлсэн нь энэ бүхэн түүнээс өөрөөс нь эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болов. Тэгээд л эхнэр нь адилтай бол адилтай, годилтой бол годилтой гээд ...

Шакира татвараас зугтсан уу?

#АрайҮгүйБайлгүйдээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум өнөөдөр “Пандорагийн баримтууд” нэртэй оффшор хөрөнгөтэй улс төрчид, олны танил хүмүүсийн тухай баримт материалуудын зах зухаас дэлгэв. Ядуу зүдүү, үгээгүй дорой гэсэн ул орнуудаас авахуулаад баян цатгалан орнуудын төрийн тэргүүнүүд ч зөндөө их мөнгө, хөрөнгө оффшор бүсэд хадгалж, татвараас бултуулж байдгийг эндээс харж болно. Ер нь хэний янаагүй л оффшортой аж. Манай экс Ерөнхий сайд Сү.Батболдын нэр бол угаасаа дандаа л байж байдаг. Энэ удаа харин эдгээр баримтан дунд дуучин Шакирагийн нэр цохиж явах юм. Даян дэлхийд хүмүүнлэгийн сайн үйлсийн аянаараа танигдсан, филантропист хүн оффшор хөрөнгөтэй байдаг нь сонирхолтой юм. Харин түүний хуульч энэ талаар тайлбар өгөхдөө “Манай Шакира тэр оффшор моффшор дансуудаа аль эрт хаасан. Мөнгө байхгүй учраас татвар төлөх үндэслэл угаасаа байхгүй зао” гэжээ. Тэр 3 жилийн өмнө бас Испанид амьдардаг мөртлөө Багамд оршин суудаг бүртгэлтэй гэж худал мэдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан тухай хэвлэлд бичжээ. Ямар нэг юм болоод л байна даа. Ямар нэг юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.