Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Монгол хүүд бүх юм хориотой


Монгол хүүгийн сэтгэл санаа тогтворгүй, хойшид тайван амьдарч чадна гэдэгтээ итгэлгүй. Ажил орлого нь ч сайнгүй, санхүүгийн эрх чөлөөнд магад тэр хэзээ ч хүрч байгаагүй, ойрын ирээдүйд ч найдваргүй. Гэхдээ түүнд талбай дээр очиж ижил бодолтой, адил бухимдалтай хүмүүстэйгээ нэгдэн ямар нэг шаардлага тавин жагсах эрх чөлөө бий. Гэхдээ л бас бүтэлгүйтдэг. Түүнийг баривчилдаг. 

“Давхар стандарт” гэдэг үгийг жагсагч Д.Монголхүү анх МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэрэглэснийг зургадугаар сарын 29-ний сонинд тэмдэглэжээ. Тэр бол АН-ын гишүүн. Түүн шиг улс төрийн аль нэг намын харьяалалгүй ч яг түүн шиг коронавирус хяналтаас гарсанд, өдөр бүр цаг бусаар нас барагсдын тоо буурахгүй байгаад, Засгийн газар юу ч хийж чадахгүй байгаад, хууль ёс бүгдэд тэнцүү үйлчилдэггүйд гэх мэт шударга бус явдлуудад уур бухимдалтай олон монголчуудын нэг. Д.Монголхүү энэ удаа гэнэтхэн давхар стандарт гээгүй бөгөөд эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг шаардагч, дараа нь No Naadam, No Double Standard эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн төлөөлөгч, сүүлийнхийг нь зохион байгуулагчдын нэг юм. Эхний удаа түүнийг хоёр чихнээс нь дугтарч байгаад барьсан бол давхар стандартыг эсэргүүцсэний нь төлөө баривчлан саатуулав. 

Засгийн газрыг огцрохыг шаардсан NoDoubleStandard хөдөлгөөнийхнийг цагдаагийн хүчээр саатуулж, эхнээс нь 30 хоног хорих шийдвэр сонсгоод буй нь Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн гэх зөвтгөлийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь хэлж байна. Тэгээд хэн зөвшөөрөл өгч бүртгэх байсан юм бэ? Ковидын үед хэн ч зөвшөөрөл олгохоос татгалзах нь ойлгомжтой байхад хэн л бүртгүүлэх гээд албан байгууллагын хаалга онголзуулаад явах гэж? Ковид гарснаас хойш сонгууль, баяр наадам гээд олныг хамарсан үйл ажиллагаа болсоор байсан ч тэдгээр нь Засгийн газраас санаачилж товлосон арга хэмжээнүүд байсан. Дарга дээшээ, цэрэг доошоо хандлага бол давхар стандартыг эсэргүүцэгчдийн гол шалтгаан гэж АН-ынхан үзэж байна.

Д.Монголхүү нарыг баривчилж байгаагаас харахад, иргэд өөрсдийн үүсгэл санаачилгаар цуглавал “алуулах” юм байна. Засгийн газрыг эсэргүүцэж огт болохгүй, эрх баригчдад хандан иргэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй, ерөөс ковид гэхээсээ улс төрийн шалтгаанаар бүх зүйлийг хорьж цагддаг үе эргэн ирж байгаа хэрэг. 

Монгол хүү ажилгүй, ядуу, бас сул дорой, үзэл бодолгүй, тэмцэлгүй, эсэргүүцэлгүй байх л эрхтэй гэж Засгийн газар, эрх баригчид шийдэж байна. Харин Засгийн газраас зарласан цугларалтад бол олуулаа ч очих эрхтэй. Бас сонгуульд саналаа өгч, тэднийг олноор нь сонгох ёстой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.