Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сайн биш байж болох уу + Хичээхгүйгээр амьдралыг амтлах 7 арга

“Яг одоо бос, өөрийгөө хөгжүүл” гэх мототой бүхнээс залхсан хүмүүст зориулав.


Хувь хүний хөгжлийн ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх подкаст сонсоод л, кино үзсэн ч бодох, эргэцүүлэх зүйл ихтэй хүнд кино сонгоод л. Заримдаа бид хамгийн сайн нь байх гэж, бусдын дор орохгүй юмсан гэж хичээхдээ, аз жаргалтай болж харагдахад маш их цаг, энергийг зарцуулдаг.  Хэрэв чи "Зүгээр л хичээхгүйгээр амьдралыг амталж, оршин буйгаа мэдэрч, юунд ч яарахгүй байж болохгүй юм уу" гэж бодож байвал үүнийг уншаарай.   

Амьсгалаа ажигла даа

Үргэлж нэгээс нөгөө рүү яарч, бүх зүйлтэй хөл нийлүүлж алхах гэж хичээхдээ амьдарч, амьсгалж буйгаа ч мартчихдаг үе бидэнд олон бий. Нэг л мэдэхэд долоо хоног дуусчихдаг, нэг л мэдэхэд намар дуусч өвөл залгаж байгааг анзаардаг. Тэгвэл завгүй амьдралын хэмнэлээ бага ч болов удаашруулж, энгийн бөгөөд жижиг зүйлсээс таашаал авахаас яагаад эхэлж болохгүй гэж? Тухтай суугаад гүнзгий амьсгалж, амьсгалаа ажиглахад 5 минутыг зарцуулаад үз. Энэ бол чамайг одоо цагт төвлөрүүлж, амьдралыг амтлахад туслах энгийн бясалгалын техник. Хүний ой ухаан хэчнээн саваагүй, тогтворгүй гээч! Чи нэг л мэдэхэд өөр зүйл бодчихсон сууж байх вий. Гол нь тэр бодлоо анзаарч, буцаад амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхэд л энэ дасгалын ач холбогдол нь оршиж байгаа юм. 

Мэдрэхүйгээ ашиглан өөрийгөө одоо цагт авчир 

Амтлах, үнэрлэх чадвартай байх нь амьдралд ямар их утга учир авчирдгийг ковид туссан хүмүүсээс асуугаад үзээрэй.   Гэтэл бид энэ гайхамшигтай чадварыг тэр бүр үүнийг анзаардаггүй. Мэдрэхүйгээ ухамсартайгаар ашигласнаар тайвширч, одоо цагтаа төвлөрөөд зогсохгүй эргэн тойрондоо юу болж байгааг анзаарч эхэлнэ. Тиймээс яг одоо:

  • Харж буй 5 зүйлээ 
  • Мэдэрч буй 4 зүйлээ
  • Сонсож буй 3 зүйлээ
  • Үнэрлэж буй 2 зүйлээ 
  • Амталж буй 1 зүйлээ нэрлээд үзээрэй. 

Хөгжилтэй, хөнгөн зүйл үз 

Хааяа хөнгөн, хөгжилтэй зүйлээс таашаал авч сур. Тэртээ тэргүй сошиалаас үзэж буй бүхэн хэтрүүлэгтэй (exaggerated) байдгаас хойш. Твиттер орохоор бүтэж байгаа зүйл нэг ч үгүй юм шиг, инстаграмд хүмүүс ямар хөөрхөн, царайлаг юм бэ гэж бодогдоод, линкедин рүү шагайхаар надаас бусад нь амжилттай, карьертай юм шиг санагдаад хэцүү ш дээ.   

Саяхан би “Товчхондоо” гээд инээдмийн контент үзсэн юм. Монголд монолог хэлбэрээр хийгдсэн инээдмийн кино өмнө нь гарч байгаагүй болохоор формат нь сонирхолтой санагдсан. Гол дүрүүдийн дотоод бодол ба гадаад нүүр хувирлыг илэрхийлж буй байдал нь үзүүштэй. Дуусахад нь яагаад ч юм дахиад анги байгаа юм шиг санагдсан. Сүүлд зохиолч, найруулагч Ц.Амартүвшингийн ярилцлагаас “Товчхондоо”-г олон ангит кино болгох төлөвлөгөөтэй байгааг сонсоод санаа амарсан гэх үү дээ.    

Friends цувралыг үзэж өссөн миний хувьд монгол залуусын амьдралыг тусгасан, жоке нь ч манай ахуйд буухаар инээдмийн ситком юм уу цуврал гараасай гэх нууцхан хүсэл байдаг л даа. Гэтэл сүүлийн үеийн кино, цувралууд заавал ямар нэг зүйл ухааруулж, сургамжлах гээд байдаг нь хааяа ядармаар байдаг юм. Бас Пентхаус гэх мэт тос нь ихэдсэн хоол шиг хурц драма үзэж байгаад гэнэт юу ч бодохгүй, стрессгүй, хөнгөн контент үзэхээр толгой амраад тун дажгүй байдаг. Ялангуяа завгүй, ачаалалтай өдрийн эцэст дуртай амттанаа урдаа тавьж байгаад, зөвхөн тухайн мөчийг мэдэрч enjoy хийхэд “Товчхондоо” шиг контент тохиромжтой санагдсан.


Утаснаасаа түрхэн зуур холд

Би өнгөрсөн долоо хоногт утсаа гээчихсэн юм. Энэ үед юу мэдэрсэн гээч? Халаасаа үргэлж тэмтрэхгүй, гартаа юу ч барихгүй, ямар ч дуудлага, мессежний чимээ сонсохгүй, товчхондоо юу ч намайг сатааруулахгүй байгаа нь үнэхээр таалагдсан бөгөөд ийм мэдрэмж авалгүй удсанаа анзаарч, бүр дахиж туршиж үзмээр санагдсан.   Долоо хоногт нэг удаа (амралтын өдрөөр ч юм уу) 1 цагийн турш утсаа унтраагаад, өөрөөсөө холдуул. Оюун санаа чинь хэсэгхэн ч болов чөлөөлөгдөж, өөрт үнэ цэнтэй, чухал зүйлсийн талаар эргэцүүлэх, тунгаах боломж олдоно. Үгүй бол зүгээр юу ч бодохгүй амарч болох шүү дээ. 


Өглөөг “удаанаар” эхлүүл 

Хүмүүс ихэнхдээ өглөөг яарч эхлүүлдэг. Ажил, хичээлдээ хоцрохгүй юм шүү, хүүхдээ сургуулиас нь хоцроохгүй, замд түгжрэхгүй гэсэндээ өглөөний цайгаа хальт ууж, хайртай хүмүүсээ үнсэлгүй гардаг. Өглөөг хэрхэн эхлүүлэхээс тухайн өдрийн уур амьсгал тодорхойлогддог учраас амьдралаа үнэхээр л таашаахыг хүсэж байвал өглөөг удаанаар эхлүүлж сураарай. Босдог цагаасаа 30 минутын өмнө сэрээд цайгаа тухтай ууж, бясалгал эсвэл хөнгөн дасгал хийгээд гэрээсээ гарвал тэр өдөр огт өөрөөр өрнөх болно. Болд ахын "Удаанаар" гэдэг дууг санаж байгаа биз дээ.   

Чимээгүй цаг гарга

Гудамжаар явахад хүн бүр л чихэвчтэй, ямар нэгэн зүйл сонсоостой. Тэгвэл хөгжим, подкаст, зурагт гээд сонсож буй бүхнээ унтраагаад хэдэн минут чимээгүй суугаад үз, чихээ амраа. Хаана, юу хийгээд, юу бодоод байгаагаа анзаар даа. Чимээ шуугианаар дүүрэн ертөнцөд чимээгүй цагийг өөртөө гаргах нь хэчнээн их амралт болдог гэж санана. Би л гэхэд шинэ санаа бодож олох шаардлагатай болбол ажлын газрынхаа угаалгын өрөөнд ороод суучихдаг.   Тэнд өчүүхэн төдий чимээ сонсогддоггүй, сатаарах дэлгэц байдаггүй учраас чөлөөтэй бодох боломж олддог гэдгийг анзаарсан. 

Нэг цагт нэг л зүйлд төвлөр 

Олон ажил зэрэг амжуулах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх үү. Хэдийгээр орчин цагт хүмүүсийг олон зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг, богино хугацаанд ихийг амжуулахыг шаардаж байгаа ч энэ тийм ч үр дүнтэй арга биш юм. Олон зүйл зэрэг амжуулахаар зорих үед анхаарал тэр хэрээр сарниж, бүтээмж 40 хувиар буурдаг болох нь судалгаагаар батлагдсан. Үүнээс гадна нэг дор олон ажил зэрэг амжуулах гэж хичээх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд халтай аж. Хүмүүс өөр өөр даалгавар гүйцэтгэсэн өдрийн эцэст маш их ядардаг нь үүнтэй холбоотой гэжээ. Тиймээс нэг цагт нэг л зүйлд төвлөрч, түүнийгээ чанартай гүйцэтгэхийг хичээгээрэй. 

Комик эх сурвалж: ketnipz

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
11 цагийн өмнө
Агаарт агуулагдах PM 2.5 тоосонцор зөвшөөрөгдсөн ДЭЭД хэмжээнээс 14.6 ДАХИН их болжээ
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.