UBLife Logo
-

Энэ үдэш “Болор цом”-оос онцлох 5 шүлэг

UBLife
UBLife
Энэ үдэш “Болор цом”-оос онцлох 5 шүлэг

Өнөөдөр үе үеийн “Болор цом”-ын эзэд цуглаж, “Болор цом”-ын тэргүүн шүлгүүдийг тайзнаа амилуулах гэж байна. СТӨ-нд 19:00 цагаас болох тус цэнгүүнд:

  • Д.Пүрэвдорж агсны “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ийг нэвтрүүлэгч Б.Ганбаатар

  • Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол “Миний муусайн найз нар”, “ Хуучин дэр модны дууль”, “Нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд өргөх шүлэг”

  • Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Шагнал”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “ Хил дээр бичсэн шүлэг”

  • Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, эмч Т.Очирхүү  агсны “Чулууны магтаал”-ыг Монголын радиогийн нэвтрүүлэгч Д.Сайнтод

  • Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн  П.Бадарч “Тэмээ”

  • Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Т.Галсан “Жирмийн сүлжээ” 

  • Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж агсны “Малчин”, “Элсэн тасархай ” шүлгийг дэлгэцнээс

  • Яруу найрагч Б.Ичинхорлоо “Бүргэд”

  • Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан “Москвад өгөх сануулга”, “Ази”

  • Яруу найрагч Б.Доржпалам “Хөөрлийн шүлэг”-ийг дэлгэцнээс

  • Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат “Ижий”

  • МЗЭ-ийн дарга, яруу найрагч Г.Мөнхцэцэг “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”

  • Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж “Хүрэл чоно”

  • Яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Зам”

  • Төрийн шагналт, яруу найрагч Д.Урианхай  “Шөнийн онгоц”

  • Яруу найрагч Ж.Баяржаргал “Дарангуйллын хаан оршиг”

  • Яруу найрагч Ж.Мөнхбат “Бурхан хүсэл”

  • Яруу найрагч Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”

  • Яруу найрагч Ш.Лхамноржмаа “Газрын үг”

  • Яруу найрагч Л.Хасар “Миний нэг өдөр”

  • Яруу найрагч Х.Эрдэнэбаатар “Зуун дамжсан суварга үгс”

  • Яруу найрагч Д.Болдхуяг “Монгол хэл”

  • Яруу найрагч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт”

  • Яруу найрагч Л.Моломжамц “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”

  • Яруу найрагч Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч”

  • Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгүүдийн уншина.

Мөн тэдний шүлгээр бүтсэн дууг Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, Г.Ариунбаатар, дуучин Л.Чулуунбаатар, Х.Батмэнд, О.Баянмөнх нарын зэрэг уран бүтээлч сонордуулах юм байна.

Д.Цоодол “Хуучин дэр модны дууль”

Төрсөн заяа минь хар мод билээ

Төөрсөн заяа минь

Төмөр замын дэр мод билээ

Хув хуучин дэр мод билээ

Цагтаа би жаргаж

Цармын хустай наргиж

Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн

Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон

Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа

Салж унахын тухай л зүүдэлсэнгүй явлаа

Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь

Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм

Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм

Цааш унших

Б.Лхагвасүрэн “Шагнал”

Ээж минь намайг

Цагаан сүүгээрээ шагнаж

Эцэг минь намайг

Эсгий үнэгээр мялааж

Эх орон минь

Эрх чөлөөгөөр шагнасан

Хувьсгал миний шагнал

Хувь заяа ч миний шагнал

Өрх татахад тооноор бялхсан нар

Өлгий дээр минь гэгээ мандуулж

Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд

Өөлөн чулуу халиун цэцгээ дэвссэн

Дэлхий миний шагнал

Хайрыг даана гэдэг

Шагнуулахаас хэцүү

Ханаж сагасан байвал

Yхсэнээс дор

Салаан даргадаа ч

Сайшаалгаж яваагүй цэрэг эр

Сайхан эх орныхоо төлөө

Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй

Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж

Дотно амиараа эх орноо шагнаж

Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн

Цааш унших

Т.Очирхүү “Чулууны магтаал”

Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би

Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн

Ээжээс анх тасарсан миний нялхын хүй

Энэ л бууцны чулуун дунд үлдсэн

Хүй, дуу хоёр минь чулуунд шингээстэй

Хүний орчлонд тэгэхээр би чулуунаас уяатай

Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн

Хөлд орохдоо би чулуун дээр боссон

Хашаа хороогоо ч чулуугаар барьж

Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг

Хана хэрмийг ч чулуугаар өрж

Халуун галаа ч чулуугаар тулгалдаг

Арвай тариагаа ч чулуугаар татаж

Агт морьдоо ч чулуугаар аргамждаг

Цааш унших

Ц.Хулан “Ази”

Цугтаа амийг тусдаа болгож

Цусан хүйг тасдаж хайчлахад

Ижий минь сүү болон

Над руу, урсаж эхэлсэн

Ижийдээ би хүү болон

Нар руу ургаж эхэлсэн, Харин

Гарын минь сүүдэртэй цуг

Гал самардан

Хөлийн минь сүүдэртэй цуг

Хөө өшигчин

Yхэл надтай

Ихэр төрсөн

Yнэрлэх үртэй болсон ижийд

Харамлах зовлон хамт ирсээн!

Цааш унших

Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”

Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна

Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна

Цааш унших

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.