Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг уриалсан “Бэрх биш ээлтэй” аян үргэлжилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Брэйнсторм” ХХК хамтран хэрэгжүүлж буй уг шинэлэг санаачлага бүхий аяны хүрээнд тулгарч буй бэрхшээлүүдийг арилгах, багасгах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийг бүрдүүлэх нөлөөллийн ажлуудыг хийж буй.
Ub.life сайт уг аянд нэгдэн энэ удаагийн нийтлэлээрээ хөгжлийн бэрхшээлийн тухай зураг болон үгээр урлан бүтээсэн шилдэг, сэтгэл хөдлөм номуудыг хүргэж байна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. Бид хамтдаа илүү ээлтэй нийгмийг бүтээж чадна!
1. Барилгачин Бөөлхөн ба түүний найзууд
Б.Энхжаргал гэх бүсгүйн тус бүтээл хүүхдүүдийн хайртай номуудын нэг болж чаджээ. Бөөлхөний цэцэрлэгийн найз тэргэнцэр дээр суудаг бөгөөд байнга л бусдаас туслалцаа авч байж цэцэрлэгтээ орж, гардаг байжээ. Бөөлхөн харин энэ асуудлыг шийдэхийг хүсдэг. Тэр том болоод барилгачин болж, бүх хүн орж гарахад таатай, хялбар байдлаар зам гарцыг шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй найзууддаа зориулан орчныг илүү сайхан болгохыг хүсдэг.
Мөн тус номын дараагийн дэвтэр болох "Бөөлхөний зүүдний найзууд" хэвлэгдэн гарчээ. Бяцхан хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлийн талаар зөв ойлголттой болж өсөхөд нөлөөлөх тус номонд Бөөлхөн охин зүүдэндээ Ялгаатай байдлын ертөнцөд очдог байна. "Хүн бүр өөр" бас бид ямар ч тохиолдолд хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг ойлгуулжээ.
2. Disability Visibility: First-Person Stories from the Twenty-first Century
2013 оны судалгаагаар АНУ-д таван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй байна гэжээ. Активист Алис Вонгийн тус номонд АНУ-д амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн түүхийг өгүүлэх бөгөөд олон төрлийн, олон өнцгөөс харж бичсэн эсээнүүдээр дүүрэн тус ном таны нүдийг нээж, бидний мэдэхгүй өнгөрдөг маш олон зүйлийг харж ойлгох боломж олгоно.
3. (Don't) Call Me Crazy: 33 Voices Start the Conversation about Mental Health
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, түүнийг ойлгоход ихээхэн туслах энэ ном бидний огт мэдэхгүй олон зүйлийн тухай мэдлэг олгоно. Зохиолч, тамирчин, уран бүтээлчид гээд 33 хүн өөрсдийн амьдралын түүх, мэдрэмжийг хуваалцаж, сэтгэцийн эрүүл мэнд яагаад чухал, бид юуг орхигдуулаад буй тухай өгүүлэх болно. Уншихад огтхон ч уйдахгүй, тэс өөр өнцгүүдийг хараад та номоо тавьж чадахгүй уншиж дуусгана.
4. Номиогийн адал явдал
“Бид чадна” ТББ-ын тэргүүн Б.Отгонтуяагийн зохиож, Г.Болорчимэгийн зурсан тус хүүхдийн комик ном хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгон хүлээж авч, багаасаа энэ тал дээр хүнлэг, нээлттэй байхад нөлөөлөх аж. Номио охины өдөр тутамд тулгарч буй асуудал, түүнийг тойрон хүрээлж буй хүмүүсээс их зүйлийг ойлгохоос гадна өнгө будаг нь үнэхээр дурлам гэгээлэг, гоё зургуудтай тулд хүүхдүүдэд маш их таалагдах нь гарцаагүй.
5. Beauty is a Verb: The New Poetry of Disability
Яруу найраг, уран үгсээр дүүрэн тус номын гол сэдэв нь хөгжлийн бэрхшээлийн тухай юм. 2012 онд гарсан даруйдаа маш олон эерэг, өндөр үнэлгээ авч байсан. Хөгжлийн бэрхшээл болон уран яруу үгсийг хооронд нь гайхалтайгаар уян нэгтгэж, хувиргаж, хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэн уйлуулж инээлгэж чадах ном болж чадсан юм. Шүлэг уншиж, богино өгүүллэгүүд сонирхох хүсэлтэй хүн болгонд таалагдана.
6. Нил ягаан өдрүүд
Зохиолч Ч.Дөлгөөн: "Дэлхийн хүн амын нэг хувь нь өвддөг гэх эпилепси гэх өвчин манай гэр бүлийн туулах ёстой бэрхшээл болсноос хойш тэмдэглэсэн тэмдэглэл, бичвэрүүдээ ном болгоод гээд сууж байна. Энэ өвчнөөр өвдсөн хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл тэдний гэр бүлийн нэг ч гэсэн хүн унших, уншаад жаахан ч гэсэн урам зориг авах бол миний хүсэл бүрэн биелэх нь тэр" хэмээн тэмдэглэсэн байдаг. Та энэ номыг уншиж, нэгэн гэр бүлийн түүх, дурсамж, өдөр тумын амьдрал, тэмцэл, баяр гунигаар аялаарай.