НҮБ-аас “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг албан ёсоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хүүхдийн өдөр тохиоход хэдхэн өдөр үлдээд байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц баталсан өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдрийг 2017 оноос эхлэн “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгдсэн юм. Яг энэ өдөр дэлхийн маш олон алдартнууд #GoBlue гэх хөдөлгөөнд нэгдэж, хүүхдүүдийн эрхийг хамгаалахын төлөө үргэлж хичээхээ андгайлдаг билээ. Түүнд нэгдэж байсан алдартнуудаас та бүхэндээ сонирхуулах гэж байна. Та ч бас хүүхдийн төлөө, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч байж, цэнхэр өнгөөр давалгаалаарай!
Милли Бобби Браун

Кино цувралуудаараа олонд танигдаж, дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон Милли 2018 онд Go Blue-д жинхэнэ утгаараа оролцож, хүмүүсийг хүүхдийн эрхийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэж, ирээдүйг нь гэрэлтэй байлгахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байжээ.
BTS

НҮБ төдийгүй маш олон хүний эрхийн төлөө байгууллагын арга хэмжээ, дэлхийн хэмжээний уулзалт цугларалтад тэд ямагт дуу хоолойгоо өргөж, хүний эрхийн төлөө зогссоор ирсэн билээ. Тэд хүүхэд залууст үргэлж эерэг уриалга хүргэж, өөрсдийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө дуу хоолойгоо өргөхийг уриалдаг хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг юм.
Гемма Чан
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо ямагт өргөдөг, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Тэрээр өнгөрсөн жилийн Дэлхийн хүүхдийн өдрөөр залуусын дуу хоолойг сонсож, бодлоо хуваалцаж, урам хайрласан юм.

Дэвид Бекхэм

Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаануудын тэргүүн эгнээнд үргэлж зогсдог тэрээр 2005 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч төлөөлөгч болсноосоо хойш үргэлж дэмжиж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцон, хүмүүсийг уриалсаар ирсэн юм.
#GoBlue бол цэнхэр өнгөөр давалгаалж, хүүхдийн эрхийн төлөө үргэлж тэмцэж, дуу хоолойгоо өргөх амлалт юм.

Орландо Блум

Алдарт жүжигчин 2009 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч төлөөлөгчөөр ажиллаж, хүүхдүүдийн эрхийг хамгаалах олон үйл ажиллагаанд оролцохын хажуугаар, хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хүүхдүүд дээр зочилж, үргэлж сайн санааг түгээсээр ирсэн юм.
Чой Си Вон

БНСУ-ын дуучин, жүжигчин, дуу зохиогч, модель Чой Си Вон өнгөрсөн жилийн Дэлхийн хүүхдийн өдрөөр Зүүн Өмнөд Азийн сайн санааны элч төлөөлөгчөөр сонгогдсон билээ.
Приянка Чопра

2016 оны арванхоёрдугаар сард тэрээр сайн санааны элч төлөөлөгчдийн багт нэгдэж, тэр үеэс эхэн хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо өргөж эхэлсэн билээ. Мөн тэрээр ЮНИСЕФ-ийн нэгэн хэсэг болж, хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэж эхэлснээс хойш амьдрал нь үнэхээр их өөрчлөгдсөн тухай ямагт дурсдаг билээ.
Лиам Нисон

2011 оноос тэр НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ. Дэлхий даяар хүүхдүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхөд тэр үргэлж дэмжиж, оролцдог нэгэн. Мөн 2018 онд гарсан хүүхдийн эрхийн төлөөх "Go Blue" бичлэгийн үеэр та түүнийг алдарт Taken киногоо санагдуулам өнгөөр ярьж буйг сонсох болно.