Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна


Бид хэдхэн жилийн өмнө хэтэвч, картгүй л бол ямар ч төлбөр тооцоо хийж, үйлчилгээ авах боломжгүй байсан бол өнөөдөр технологид суурилсан олон төрлийн үйлчилгээний ачаар бүрэн боломжтой болсон. Энэ нь финтек салбар эрчимжиж, технологийн дэвшил, инновацийн хялбар шийдэлд тулгуурласан үйлчилгээнүүд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд эргэлт буцалтгүй орсныг илтгэх энгийн жишээ юм. 

Энэ ч утгаараа Монголын финтекийн холбоо арваннэгдүгээр сарын 24, 25-нд буюу өнөөдөр, маргааш “Frontier fintech summit”-ийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд финтек салбарт тулгамдаж буй асуудал хийгээд боломж, шийдлийг эрэлхийлэх аж. Тухайлбал, блокчэйн, крипто зах зээлийн тоглогчид, мөн дижитал төлбөр тооцоо, онлайн банк зэрэг финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдгээрийг зохицуулах хууль, эрхзүйн шийдлүүдийн талаар хэлэлцэх юм. 

Финтек салбар гэж юу вэ?

Финтек (Fintech) гэдэг нь Financial Technology буюу санхүүгийн технологи гэсэн үгийн товчлол бөгөөд уламжлалт санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар илүү хүртээмжтэй байдлаар хэрэглэгчид хүргэхийг гол зорилгоо болгодог бизнесүүд юм. Финтек салбарын үүсэл 1886 оноос буюу харилцаа холбооны хөгжлийн үед анх тавигдсан ч 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараагаас зах зээлд эзлэх байр сууриа хурдтайгаар тэлсээр одоогийн түвшинд хүрчээ. 2020 оны байдлаар финтекийн салбар дэлхий дахинаа 7301.78 тэрбум доллараар үнэлэгдсэн ба 2026 он гэхэд 26 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. 

 2021 оны байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн бичил санхүүгийн үйлчилгээг дижитал хэлбэрээр авч байна.

Финтек салбарын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ХЯМД, ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ байж, ЦАГ ХУГАЦАА хэмнэн эцсийн дүндээ хэрэглэгчийн амьдралыг энгийн, амар болгодгоороо уламжлалт бизнесээс ялгарч, эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болж байна. 2021 оны байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн бичил санхүүгийн үйлчилгээг дижитал хэлбэрээр авч байгаа ба 2026 он гэхэд энэ тоо 4.2 тэрбум болж өсөх төлөвтэй байна гэж Juniper Research мэдээлжээ. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 75 хувь нь финтектэй холбоотой ажлын байр шинээр бий болгож байгааг онцолжээ. Финтек салбарын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө хэр хүчтэй байхыг дээрх цөөн баримтаас харж болно.  

Монголын финтек салбарын өсөлт

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сард гаргасан тайлангаас үзвэл одоогоор Монгол Улсад финтекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсоор бүртгэлтэй 40 орчим байгууллага байгаа аж. Эдгээр нь санхүүгийн үйлчилгээ, зээлийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын сан, crowdfunding, крипто бирж гэхчлэн үйл ажиллагааны чиглэлээр ялгаран төрөлжиж буй. Нөгөөтэйгүүр Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад онлайн худалдаа, цахим төлбөр тооцоо, гүйлгээ хийх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн нь финтек салбар эрчимжихэд ихээхэн түлхэц болж байна. Мөн финтек компаниудын хэрэглэгчдэд тавих шалгуур бага, санхүүгийн бүтээгдэхүүнийг банканд очихгүйгээр шуурхай авах боломжтой байдгаас хэрэглэгчдийн тоо хурдацтай өссөөр байгаа юм. 

ЗурагТайлбар



Жишээлбэл, 2018 онд байгуулагдсан ЛэндМН ББСБ ХК нь финтек бизнес моделийг Монголын зах зээлд анх удаа LendMN аппликэйшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж өдгөө 900 мянган харилцагчдад хэрэглээний бичил зээлийн үйлчилгээг үзүүлж байна. 2020 онд л гэхэд LendMN зээл авахад зарцуулах байсан 1,5 тэрбум төгрөг, 31,8 жил цагийг хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. 

Түүнчлэн хувь хүний хандлага, хариуцлага, сэтгэл зүйн төлөвшил болон шийдвэр гаргах чадварыг тодорхойлох сэтгэл зүйн тестийн үнэлгээнд тулгуурлаж зээл олгодог Монголын анхны санхүүгийн үйлчилгээг Zeely аппликэйшн 2018 онд нэвтрүүлж байсан. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд үндэслэн монгол хүний онцлогт тохируулан бүтээсэн бөгөөд сэтгэл зүйн үнэлгээний найдварт чанар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээрээ онцлог. 

Энэ мэтчилэн хэрэглэгчдийн эрэлт, технологийн чиг хандлагуудыг дагасан санхүүгийн шинэлэг үйлчилгээнүүд монголчуудын хэрэглээ болсон. Монголын финтек компаниудын дараагийн алхам нь олон улсад гарах бөгөөд хэд хэдэн компани үүнийг амжилттай хийгээд байна. 

ЗурагТайлбар



Тухайлбал, Storepay аппликэйшнийн толгой компани Storepay Holding 2020 оны 6-р сард Сингапурт бүртгүүлж, өнгөрсөн тавдугаар сард Лаос улсад анхны салбараа байгуулжээ. Ирэх оны дөрөвдүгээр сараас тус улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байгаа аж. Storepay анх  Бостоны хөрөнгө оруулалтын менежментийн фирм болох "Frontier Capital"-ээс санхүүжилт аван үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Buy Now Pay Later (BNPL) буюу “Одоо аваад дараа төл” гэсэн төлбөрийн уян хатан нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгодог. Худалдан авагчид 100 мянгаас гурван сая төгрөг хүртэлх үнэтэй барааны төлбөрөө 15 хоногийн зайтайгаар дөрөв хуваан төлөх, 30 хоногийн зайтай гурав хувааж төлөх боломжтой бөгөөд ингэхдээ хүү, шимтгэл төлдөггүй нь хэрэглэгчдийг татах гол нөхцөл болжээ. Одоогоор 1000 гаруй харилцагч, 140 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчидтэй, тус аппликэйшн нь 70 мянга гаруй худалдан авалтаар дамжуулан 20 гаруй тэрбум төгрөгийг зах зээлд эргэлдүүлж байна. 

ЗурагТайлбар




Финтек салбарт ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

Финтект түшиглэсэн бизнесийн үйл ажиллагаа эдийн засгийн өсөлт дагуулж байгаа ч тоглогч олшрохын хэрээр эрсдэл нэмэгдэх учраас холбогдох зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ зайлшгүй бий болж байна. Монголын финтекийн холбооны Гүйцэтгэх захирал С.Тулгын хэлж буйгаар манай улсад одоогоор финтек салбартай холбогдох хэд хэдэн зохицуулалт хэрэгжиж байгаа аж. Тодруулбал: 

Сэндбокс зохицуулалтын журам:  Монгол Улс технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, зохицуулалтын орчинг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталжээ.  Энэ нь аливаа бизнест тусгай зөвшөөрөл, лиценз зэргийг олгохоос өмнө тэдгээрийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг тестээр туршиж, бизнес моделийг сайтар судалж үзсэний үндсэн дээр зах зээлд нэвтрүүлэх үйл явц юм.

Цахим мөнгө: Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгтэй адил үнэ цэн бүхий Монгол банкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийн нэг хэлбэр нь цахим мөнгө юм. Одоогийн байдлаар Монгол банкнаас цахим мөнгөний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Мобифинанс, Супер ап хэтэвч, Ардкредит, Эм Пи Эс Си, Инвескор хэтэвч, Хай пэймэнт солюшнс гэсэн зургаан байгууллага аваад байна. 

Виртуал хөрөнгө: Монгол улсад виртуал хөрөнгийн хууль эрх зүйн орчин одоогоор байхгүй тул иргэд сонгосон арилжааны сувгуудаа ашиглан виртуал хөрөнгө зарах, худалдан авах, хөрөнгө оруулах, олборлох зэргээр зах зээлд оролцож байна. Иймд Энэ хүрээнд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулжээ. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн орчин бүрдэж, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF)-ын техник хэрэгжилтийг хангахын зэрэгцээ олон улсад үйл ажиллагаа явуулах, гадаадын компаниуд Монголд хөрөнгө оруулах нөхцөл бүрдэх зэрэг эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эерэг нөлөөтэй гэжээ. 

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 25-нд буюу маргаашийн арга хэмжээ олон нийтэд нээлттэй, цахим хэлбэрээр явагдах тул ЭНД дарж бүртгүүлээд оролцох боломжтой юм. 

Арваннэгдүгээр сарын 25-нд болох арга хэмжээний хөтөлбөр болон онцлох илтгэгчдийг танилцуулж байна.

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
3
2021.08.13
Хэрхэн энтрепренер болох вэ? | Тэдний даван туулдаг 5 хүндхэн сорилт
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.