Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Би мэдэхгүй буюу Зонхов төр барьж байна!


Монголчууд бид өнгөрсөн амралтын өдрүүдэд улс нийгмийнхээ өмч хөрөнгийг улаан гараараа хамгаалан утастайгаа ноцолдон өнжлөө. Гурван сая улстөрч, гурван сая эдийн засагч бид бээр “Би ухаантай” гэдэг ширүүн мэтгэлцээнд алалдан тэмцэлдэв. Хүмүүс ээ, та бид яасан ухаантай юм, ямар ихийг мэддэг юм. Бидэнд ер нь хууль тогтоох байгууллагад 76 хүн сонгох хэрэг цаашид үнэхээр бий гэж үү? Бод доо, бид зүгээр соошлоор л чаддаг юм билээ шүү. Аяга цай уунгаа л ухаанаараа “алж” байгаа юм, ажил хэрэг болгоод хариуцлагыг нь үүрээд төрөө түшвэл бүр яахыг ч таашгүй ээ. Ньюсфийдээр дүүрэн аугаа суу заль төгс мэргэн үгсийг биширч байтал төгөлдөр хуурч Б.Чинбат “Би эх орныхоо төлөө хөгжим л бичиж чадна” хэмээсэн нь тун чиг хөндлөн харагдана лээ. Амиа хичээсэн, цагаан гартай ийм бэртэгчингүүдээс болж Монгол Улс... За за, больё. 

Хөшөө барьж байгааг хэн ч мэдээгүй. Таван тэрбумаар барих төсөөлөл цаасан дээр л явснаас биш тендер зарлагдаагүй. Гэтэл Тасганы хэмээн тахигддаг овоог аль хэдийн нүхлээд барилгын ажил эхэлсэн. Хэн эхлүүлснийг мэдэх хүн одоо олдохоосоо өнгөрсөн. Засгийн газар юу ч хараагүй. УИХ бүр ч долоон дор. 2022 оны төсөв доторх Соёлын яамны багцад тэрхүү 32 тэрбумын хөшөө буйг гадарлаа ч үгүй баталж орхицгоосон. УИХ-ын 76 гишүүний дунд “Бүү мэд” нэртэй хувь хүмүүсийн уралдаан өрнөж байна. Тэд нэг нэгээрээ гарч ирэн “Би мэдэхгүй” гэж мэдэгдэцгээж байна. Тэднийг бид "мэдэгтүн" гэж сонгосон биш үү?

Төсвийн хуульд хориг тавих эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чих хангинан хар даран хонов бололтой, долоо хоногийн эхний өдрийн өглөөгүүр УИХ дахь МАН-ын бүлгийн толгойлогчдод сэлмээ гаргаж үзүүлсэн сурагтай. 32 тэрбумын төсөв гацах нь тодорхой болов. Соёлын сайд Ч.Номин шаварт унасан шарын эзний тэнхээ гаргаж, энэ санхүүжилтийг авах ч үгүй гэж айлгана лээ. 

Эрх баригчдын үйл ажиллагааг хянаж байх учиртай улс төр дэх сөрөг хүчин АН хэвлэлийн хурал зарлаж, “Сэтгүүлчид та нар одоо юугаан харж байсан юм бэ, цаана чинь 32 тэрбумаар хөшөө бариад байна” гэж уурласнаар тарав. Учир мэдэх улс л юу ч мэдэхгүй байгаагаа мэддэг гэдэг дээ. Тийм хүмүүсийг дуурайгаад ч болов будилах шалтгаан одоогийн УИХ-д ургалаа. МАН, АН-ын сайхан муу жүжигчид ч бол доо.

Монгол Улсын 2022 оны төсвийг өргөн баригч Сангийн сайд Б.Жавхлангийн эрүү чичрэн “Юу болсныг би мэдэхгүй шүү дээ, надад хамаагүй” гээтэхлээ. “Богд Зонхова” төслийг санаачилсан дөрвөн гишүүний нэг П.Цэрэнпунцаг бүр “Би ямар яасан юм” хэмээгээд Төрийн ордонд эргэж ирэхгүй шинжтэй нуруугаа харуулан гүйхээрээ зугтана лээ. Харин хөөрхий Ш.Адьшаа гуай дэмий л балмагдан учирлан донгодох аядана. Энэ хөшөөг хэн ч санаачлаагүй, хэн ч бариагүй, хэн ч санхүүжүүлээгүй, ерөөс хэнд ч огтоос хамааралгүй байтал Богд Зонхова гуай хэдэн жилийн өмнө өөрийн бичсэн номын хуримдаа үзэгдэлгүйгээр бүхнийг сайтар зохион байгуулсан шигээ далдаас “тусгай ажиллагаа” явуулснаас гарцгүй. Монголын орчин цагийн төрийг ард түмэнтэй нь, улс төрийг эдийн засагтай нь, шашныг соёлтой нь Зонхова гуай “базсан” байна.  

Бид уг нь хөгжим зохиодог Б.Чинбат шиг өөрийн мэддэг, чаддаг ажлаа л зүрх сэтгэлээ өгч хиймээр. Тайван ажиллаж, амьдармаар. УИХ-ын гишүүд хуулийн төслөө нямбай боловсруулж, сайтар хянаж баталдаг бол ч... Тэдэнд итгэх итгэл замхрах тусам нийгмийн хар сэр, уур бухимдалтай тулгарна. Төр дэх олон нийтийн оролцоог иргэдийн ажил амьдралын хэвийн хэмнэл алдууртал хулгайлахгүй байж болдоггүй юм уу? Үүнээс хойших хөшөө дурсгал, цэцэрлэг, соёлын бүтээн байгуулалт, хотын гоёмсог орчны тухай яриа гутамшиг болон хувиртал, үл хүлээн зөвшөөрөх хүртэл будилаан бүү хутгаач, улстөрчид өө.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.