Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: “Оюун-Эрдэнэ” трэнд


Л.Оюун-Эрдэнэ оюутнуудыг кофегоор дайлж, хамт цайлснаас өөр олон нийтэд хандсан, анхаарал татсан гэж санаанд буух мэдээлэл алга. Албаны мэдээ шүүрдэж үзвэл, Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай уулзаж өмнө илэрхийлсэн байр сууриа нотлоод гаргажээ. 

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албыг авснаас хойш ер бусын амгалан төлөвт хий үзэгдэл шиг оршиж байгаа нь нэн хачирхалтай. Гэтэл Ерөнхий сайд болсноос нь хойших таван сарын хугацаанд түүний нэр нийгэм даяар бухимдал үүсгэсэн олон дуулианы эзнээр зарлагдсан. Гэвч тэр юу ч болоогүй мэт өнгөрүүлж иржээ. Үргэлж түүний зөв мэт, яг л ийм байх ёстой юм шиг чимээгүй загнах нь өнөөдөр Оюун-Эрдэнэ гэдэг улстөрчийн имиж, улс төрийнх нь соёл болон бүрэлдэж эхэллээ. Цаашид манай улсад өнгөрснөөс долоон дор явдал болсон ч тэр ил гарч ирэхгүй, хэн ч улс төрийн хариуцлага үүрэхгүй нь тодорхой болж байна. 

Улс төрд “Оюун-Эрдэнэ” гэдэг нэршилтэй ёс зүйн болоод үүрэг хариуцлагын өвөрмөц эрх дархтай хуульгүй институц, эсвэл түүнийг дуурайх моод, трэнд, хүрээлэл, муухай хэв маяг бий болж байна.

Түүх, соёл, аялал жуулчлал, зугаа цэнгээний сэдэвт төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн, нураасан будилаан хэдэнтээ давтагдаад байтал хамгийн сүүлд Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингийн багцад 32 тэрбум төгрөгөөр шашин соёлын цогцолбор барих төсөл байсныг УИХ анзааралгүй баталсан хойно ч түүнд тайлбар хийх хүсэл төрсөнгүй. УИХ-ын бүх гишүүн Засгийн газрыг буруутган шүүмжилж байхад ч тэр гарч ирсэнгүй. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгуулсан заалтыг биелүүлэхгүй гэж шууд ойлгогдох хууль бус мэдэгдлийг сайд нь олон нийтэд хийсний дараа ч түүний тайван байдал эвдэгдсэнгүй. Монгол Улсын Ерөнхий сайд одоо юу хийгээд хаагуур яваад байна гэх ууртай асуулт хаа сайгүй. Тэр хаана явна, юу хийж байна? Хавар болмогц “Маскгүй зусъя” гэчхээд, өвөл нь “Үндэсний баяраараа маск зүүхгүйн төлөө” гэх лоозон хэлэхээс хэтэрсэнгүй ээ. Төмбөгөр, ёмбогор гэхэд бас арай дэндүү дүлий дүмбэ.

Энэ улсад Л.Оюун-Эрдэнийг эрх баригч намын даргаар харах хүлээлт үүсээгүй байтал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад жинхлэх тус намын их хурлын тов өчигдөр цэлмэг тэнгэрт “аянга цахин” тодорлоо. Энэ нь Л.Оюун-Эрдэнэд жинхэнээсээ дарга болох дутуу байсныг л хаа хаанаа сануулж мэдэгдсэн хэрэг болов. Уг нь иргэд Засгийн газраас ямар нэг бодитой тайлбар, ёс зүйн хариуцлагын тухай мэдэгдэл хүлээж байна. Жинхэнээсээ дарга болоогүй байсан учраас иргэдийн хүлээлтийг үл тоосон байхыг үгүйсгэхгүй. УИХ-д 62 суудалтай, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулж, Н.Энхбаяраас хойш 12 жилийн дараа анх удаа Төрийн тэргүүний суудлыг авсан, ингээд төрийн бүхий л өндөрлөгийг эзэлсэн эрх баригч намын дарга чинь мань Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Улс төрийн том намын энэ үүрэг хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ биш, үнэн хэрэгтээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дүүргэж байгаа. 

Монгол Улс түүний Ерөнхий сайд болж тоглодог газар биш.

Монголын улс төрд “Оюун-Эрдэнэ” гэдэг нэршилтэй бие даасан тусгай алба, ёс зүйн болоод үүрэг хариуцлагын өвөрмөц эрх дархтай хуульгүй институц, эсвэл түүнийг дуурайх моод, трэнд, хүрээлэл, муухай хэв маяг бий болж байна. Дураар авирлагсад, тэднээс гарч болзошгүй санаанд оромгүй үйлдлүүд бол “Оюун-Эрдэнэ” трэнд. Л.Оюун-Эрдэнэ улсын Ерөнхий сайд юм бол энэ албан тушаалд амьд хүн, идэвхтэй лидер байдгийг ойлгох ёстой. Монголчуудад өнөөдөр ажил хэрэгч Ерөнхий сайд, түүний удирдлага доорх хариуцлагатай Засгийн газар хэрэгтэй болохоос хэн нэг Оюук гэдэг олны танил төдийгөөс хэтрэхгүй хэнэггүй хүн шаардлагагүй. Монгол Улс түүний Ерөнхий сайд болж тоглодог газар биш. Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүний үүргээ гүйцэтгэх, сайд нарын танхимын гишүүдийнхээ ёс зүй, сахилга батыг чанд сахиулбал барав. 

Ерөнхий сайд байтлаа төрд итгэх олны итгэл алдруулахуйц үйл явдлуудын ард тодорхой сайд, дарга нарынхаа хамт нуугдаж тоглосоор байгаа нь түүний Засгийн газрыг огцруулах улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох үндэс суурийг бэлдэж байна. Төр засаг гэхээр л ёс зүйгүй, дураар авирлагчид нүдэнд бодитой харагдаад байхаар хүмүүс МАН-ыг хулгайч, луйварчдын бөөгнөрөл гэж харж, итгэл алдрах нь мэдээж. Хэрэв АН хүчтэй байсан бол эхний дуулианаар л түлхээд унагахад ард түмний бухимдал хангалттай болж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.11.24 66.181.190.210

Оцгор!!!

0 Хариулах


Зочин 2021.11.24 59.153.114.123

ДАНХ зайлаа

0 Хариулах