Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Э.Пүрэвдорж: Хөлбөмбөгийг аавынхаа төлөө тоглосон, гоолуудаа ч аавдаа зориулдаг


Сайн тоглогч байх амархан, сайн багийн тоглогч байх хэцүү гэдэг. Футзалын дээд лигийн тэмцээн есөн удаа зохиогдоход “Унаганууд” клуб бүгдэд нь түрүүллээ. Тэд зургаан жилийн хугацаанд 85 тоглолтод дараалан ялагдаагүй юм. 2020 оны есдүгээр сард “Арвис”-т хожигдож, энэхүү амжилтаа завсардуулсан боловч, түүнээс хойш ч ялгуусан амжилтаа үргэлжлүүлсээр байна. Ярилцлагын маань зочин энэ багийн гол тоглогчдын нэг. Ийн тодотгосны учир 2014 оноос өнөөг хүртэлх хугацаанд футзалын дээд лигт 339 гоолыг оруулаад буй юм. Түүнчлэн 2014-2017 оны талбайн хөлбөмбөгийн дээд лигт 17 гоолыг бүртгүүлжээ. 2022 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин, мөн 2022 оны футзалын дээд лигийн шилдэг тоглогч, 2023 оны дээд лигийн мэргэн бууч гээд тоочвол түүний хувийн амжилтууд ч арвин.

Э.Пүрэвдорж тайван, хүүхдийн гэмээр цайлган, дөлгөөхөн зантай, энгийн даруухан нэгэн. Хайлаастын 72-р сургуулийг төгссөн түүний анхны баг нь “УБ Юнайтед” клуб юм. 2012 онд Улаанбаатар их сургуульд элсэж, нэгэнтээ бэлтгэлийг нь хараад биширч зогссон“Унаганууд” клубтээ нэгдсэнээр С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн хайртай хөвгүүдийн нэг болжээ.


 -Мэргэжлийн тамирчин болж төлөвшихөд юу чухал байв?

-Тууштай байдал. Цаг хугацааны шалгуурт тууштай хүн л үлддэг. “УБ Юнайтед” клуб маань анх “Дуулиан-2020” тэмцээний 11 насны ангилалд өрсөлдөөд медалиас мултарч байв. Дараа нь 13 болон 15 насны ангилалд аваргын төлөөх тоглолтод дараалан хожигдсон юм. Гэхдээ бид бэлтгэлээ тууштай хийсээр л байсан учир сүүлийн жилдээ 17 насны ангилалд түрүүлж чадсан. Зарим тоглолтод хичээх тусам гоол оруулж чадахгүй, бэлтгэл жигдрэхгүй, сэтгэл зүй таагүй байх үе тохиолддог. Бүх л тоглолтдоо сайн тоглоно гэж байдаггүй.

-Тийм таагүй үеүдэд хэрхэн сэргэлт авдаг вэ?

-Амарна. Өөртэйгээ, ах нартайгаа, дасгалжуулагчтайгаа ярилцдаг. Ямар нэг зүйл болохгүй байгаа бол дотогшоогоо дарамт болгож шаналж явахаар хүмүүстэй асуудлаа ярилцах нь үр дүнтэй санагддаг. 

ЗурагТайлбар



-Футзалын дээд лиг долоон удаа зохиогдоход “Унаганууд” клуб бүх улиралд нь түрүүлсэн. Таны бодлоор энэхүү амжилтын нууц нь юу юм бол?

-Олон жил хамт тоглоход мэдрэмжээрээ ойлголцдог болчихдог. Тоглолтын үеэр харахгүйгээр дамжуулалт өгөхөд яг л бөмбөг очих цэгт тухайн багийн нь тоглогч хүрчихсэн байхуйц хэмжээнд ойлголцох хүртлээ хамт тоглож, бэлтгэл хийх шаардлагатай. Бусад багууд тэмцээн эхлэхээс сарын өмнө цуглардаг бол манай багийн бэлтгэл хэзээ ч зогсдоггүй. Аварга болчихоод л маргаашнаас нь бэлтгэлээ үргэлжлүүлдэг. Бас бусад багуудтай харьцуулахад аль нэг тоглогч талбайд хэт удаан тоглодоггүй. Бусдыгаа нөхөх ур чадвартай тоглогчид олон учир багаараа жигд ачаалал үүрдэг.

-Футзал болон талбайн хөлбөмбөгийн гол ялгаа нь юу вэ?

-Талбайн хөлбөмбөгт бодох хугацаа байдаг бол футзалын хувьд бөмбөг хүлээн авахаасаа өмнө дараагийн үйлдлээ тооцоолчихсон байх хэрэгтэй болдог юм. Ер нь хурдан хэмнэлээр тоглодог онцлогтой. Футзалд нэгийн эсрэг нэг тоглох тохиолдол олон. Хэрвээ эсрэг багийнхаа тоглогчийг хуурчихвал тухайн багт давуу байдал үүснэ. Эсрэгээрээ хувийн хамгаалалт сайн байх аваас гоол алдах магадлал маш бага. Нэгийн эсрэг нэг тулах үеийн хамгаалалтаас багийн хамгаалалт эхэлдэг.

Олон жил хамт тоглоход мэдрэмжээрээ ойлголцдог болчихдог. Тоглолтын үеэр харахгүйгээр дамжуулалт өгөхөд яг л бөмбөг очих цэгт тухайн багийн нь тоглогч хүрчихсэн байхуйц хэмжээнд ойлголцох хүртлээ хамт тоглож, бэлтгэл хийх шаардлагатай.

-Хөлбөмбөгчид 2019 оноос хэрэгжиж эхэлсэн журмын дагуу футзал, эсвэл талбайн хөлбөмбөгийн зөвхөн аль нэгийг нь л сонгож тоглох шаардлагатай болсон. Энэ талаарх таны бодол? 

-Футзалын хувьд, орон зайн мэдрэмж, тактик, техник гээд талбайн хөлбөмбөгөөс бүх зүйл нь өөр л дөө. 2019 онд футзалын үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглохдоо хэсгээсээ шалгарсан нь талбайн дээд лигт тоглох эрхээ түдгэлзүүлээд бүтэн жилийн турш футзалын бэлтгэл дагнан хийсний үр дүн юм. Футзал, талбайн хөлбөмбөгийг салгасан нь олон улсын тэмцээнд амжилт гаргахад дөхөм болов уу. Манай баг болон дасгалжуулагчийн үзэж буйгаар футзалын төрөл Азид амжилт үзүүлэх нь талбайн хөлбөмбөгөөс илүү ойр.

-Футзал эсвэл талбайн хөлбөмбөгийн аль нэгийг сонгох ёстой болоход эргэлзсэн үү?

-Би талбайн хөлбөмбөгийн Дээд лигийн аварга болж үзээгүй. Салгахад талбайн хөлбөмбөгөөр тоглоё гэх бодол төрж байсан. Гэхдээ өөр багт очлоо гэхэд одоогийнх шигээ тоглож чадахгүй мэт санагдсан. Тухайн дасгалжуулагч намайг ашиглаа ч уу, үгүй ч үү гэдэг эргэлзээтэй. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч маань намайг бүхий л бололцоогоор ашиглаж байгаа.

-Таны хувьд талбайн хөлбөмбөгийн Дээд лигт, бас Нэгдүгээр лигт ч тоглож үзсэн. Дээд лигээс доош унаж, Нэгдүгээр лигт тоглох мэдрэмж ямар байсан бэ?

-Муухай байсан. Нэгдүгээр лигт тоглоход түвшин өөр болчихдог. Талбайн хөлбөмбөгийн Дээд лигээс мөнгөн медаль авсан, нэг удаа дөрөвдүгээр байранд мөн орсон. 2018 онд баг маань Дээд лигээс унаад, Нэгдүгээр лигийн аварга болсон. Тэгэхэд би 20 гоол оруулж Нэгдүгээр лигийн мэргэн буучаар шалгарч байлаа.

-“Унаганууд” клубын одоогийн үндсэн тоглогчид солигдох үед энэ амжилтаа тогтвортойгоор хадгалж чадах болов уу?

-Манай багт эргэлтийн цэг ирж байх шиг байна. Гэхдээ дүү нартаа итгэж байгаа. Нэгдэж чадсан баг л амжилт үзүүлнэ. 11 од тоглогчийг худалдаж авлаа гэхэд нэг хүнд удирдуулах уу гэдэг асуудал. Багийг хэр сайн нэгтгэж тоглуулах нь дасгалжуулагчийн л ур чадвар байх.

- С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн арга барилын талаар?

-Дасгалжуулагч өөрийн арга барилд тамирчдаа уусгаж чадвал хүссэн тоглолт нь гарна. Тухайн тамирчин хичнээн ур чадвар сайн байлаа ч дасгалжуулагчийнхаа арга барилд уусан нэгдэж чадахгүй бол хэцүү. С.Эрдэнэ-Очир багш тууштай байдлыг эрхэмлэдэг болов уу. Байнга бэлтгэлдээ ирдэг, хийх ёстой зүйлээ хийдэг, сахилга баттай байлгахыг эрмэлздэг. Ааваас маань ялгаагүй хүн. Монголын футзалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа дасгалжуулагч. Футзалын хөлбөмбөг Монголд хөгжихөд гол нөлөөг үзүүлсэн. Жижиг техникийн алдаа гаргахгүй байх нь чухал. Дасгалжуулагч “Гоё ганган техникээс илүү бөмбөг тогтоолт, дамжуулалтын гүйцэтгэл сайн байхад л баг сайн тоглох боломжтой” гэж үздэг.

-Та тамирчны замналаа өндөрлүүлээд дасгалжуулагчаар ажиллах уу?

-Үгүй ээ. Дасгалжуулагчаар ажиллахад онцгой чадвар хэрэгтэй санагддаг бөгөөд надад тэр нь байхгүй. Харин гэр бүлдээ цагаа илүү зарцуулах төлөвлөгөө бий. Гэхдээ хөлбөмбөгөөсөө хөндийрч чадахгүй л болов уу. Хөлбөмбөгийг анх заасан багш маань Д.Чулуунболд гэж хүн бий. Хөлбөмбөгөөр дамжуулаад хувь хүний төлөвшил рүү чиглэсэн чадваруудыг надад түлхүү суулгаж өгсөн. Энэ нь дараагийн түвшинд хөлбөмбөгөөр хичээллэхэд илүү дөхөм болсон.

Ах нар маань “Чи дандаа л би би би...” гэх юм. Би хамгаалагчийг ингэж хуурсан, би тэгж гоол оруулсан гэж ярьдагаа боль” гэж зөвлөсөн. Тэгэхэд л энэ бол буруу хандлага юм байна гэдгийг ойлгосон л доо.

-Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээнүүдийг хэр үздэг вэ?

-Английн “Манчестер Сити” клубын тоглолтыг шимтэж үздэг. Хөлбөмбөгчдөөс Лионель Мессиг биширдэг. Багтаа нөлөөлөл сайтай тоглогч.

-Нөөц тоглогч болон тактикийн гол тоглогч хоёр ялгаатай байх. Тийм үү?

-2012 онд “Унаганууд” клубт элсээд эхний зургаан тоглолтод огт талбайд гараагүй. Долоо дахь тоглолтод оролцох боломж олдож тэр үед л дасгалжуулагчид өөрийнхөө нөөц бололцоог харуулсан байх гэж боддог. Тэр тоглолтоос хойш бага багаар ахисаар багт эзлэх байр сууриа лавшруулсан л даа. Тоглолтод оролцоо бага үед талбайд олон минут тоглох хүсэл л намайг эзэмддэг байсан. Харин гараанд тогтмол гарч илүү олон минут тоглох болсноор ах нар байгаа учир болно доо гэх хайхрамжгүй үзлээсээ ангижирч дүү нараа яаж сайн тоглуулах вэ, өөрөө багтаа хэрхэн туслах вэ, яавал хожих бол гэдэгт санаагаа чилээж, хариуцлагын хувьд өөр болсон л доо. Анхандаа өөрийгөө анзаараагүй. Ах нар маань “Чи дандаа л би би би...” гэх юм. Би хамгаалагчийг ингэж хуурсан, би тэгж гоол оруулсан гэж ярьдагаа боль” гэж зөвлөсөн. Тэгэхэд л энэ бол буруу хандлага юм байна гэдгийг ойлгосон л доо.

-Тамирчдын хандлага төлөвшихөд юу гол нөлөөг үзүүлдэг юм бол?

-Гэр бүлийн хүмүүжил бас багийн сахилга бат чухал. Суурь хүмүүжил нь муу тамирчид амжилт гаргаад, сайн тоглоод “од болоод” эхлэхээрээ талбай дээр гаргаж байгаа характераараа ялгардаг. Үзэгчдэд гоё хөлбөмбөг үзүүлэх нь хожих, хожигдохоос илүү чухал. Хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл үлдээж, хөлбөмбөгт уруу татах гоё мэдрэмж. Тоглолтын агуулгаараа хөлбөмбөгийн тактик, техник, ур чадварыг төгс харуулж тоглох нь сонирхолтой санагддаг.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Бизнес эдийн засгийн менежмент чиглэлээр төгссөн.

-Гэр бүлийнхэн тань футзалын ордонд ирж таны тоглолтуудыг үздэг үү?

-Гэр бүлийнхэн маань миний фанатууд. Манай багийн тоглолт болгоныг үзэж, намайг үргэлж дэмждэг. Есөн настай хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн үеэс л энэ дадал гэр бүлд маань төлөвшсөн. Би хөлбөмбөгийг аавынхаа төлөө тоглодог. Оруулсан гоолуудаа ч аавдаа зориулсан. Аавыгаа одоо ч хамт бий л гэж бодож байгаа. 2018 онд футзалын дээд лигийн шилдэг мэргэн бууч болчихоод аавдаа очиж үнсүүлсэн мөч бол хамгийн нандин дурсамж. Учир нь аав маань энэ мөчийг маш их хүсч, хүлээж байсан юм. Анхандаа намайг олон гоол оруулвал л сайн тоглолоо гэдэг байв. Харин тоглолтуудыг маань үзсээр, зөвхөн гоол оруулах нь чухал биш багтаа ямар нөлөөтэй тоглож байна вэ, хамгаалж байна уу, гоолын дамжуулалт өгч байна уу гэдгийг илүү анзаарч хардаг болсон. Том ах маань боксын УАШТ-ээс медаль авч байсан ч үргэлжлүүлэн хичээллэхийг нь хориглоод болиулчихсан юм. Харин бага ах маань дуулах дуртай байсан боловч бас л аавын хориглолтоос мултраагүй. Хоёр ахыг хүсэл мөрөөдлөөр нь явуулж чадаагүй болохоороо намайг сайн дэмждэг байсан болов уу. Эхнэр болон хадмууд маань ч намайг маш их дэмждэг. Хадам аав, ээжтэйгээ хамт ажиллаж байгаа учир ажилдаа санаа зовохгүйгээр хөлбөмбөгөө тоглодог.

“Хөлбөмбөгөөр хоолоо олж идэж чадахгүй” гэдэг. Миний хувьд хөлбөмбөг бол гэр бүл. Бүгд л нэгнийхээ жаргал, зовлонтой мөчүүдэд нь хамт байдаг.

-Бага ах шигээ дуулах ч юм уу өөр ямар нэгэн нууц авьяас танд бий юу?

-Хөлбөмбөг тоглохоос өөр авьяас байхгүй дээ.

-Эхнэр тань таны тоглолтуудыг үзээд тухайн үеийн мэдрэмжээ хуваалцдаг уу?

-Надаар бахархдаг гэдэг юм. Охин маань одоохондоо жижигхэн бөмбөг өшиглөөд л явж байна, манай багийн тоглолт зурагтаар гарахаар аавыгаа таниад “Аав аа аав аа” гэдэг. Эхнэрээ төрснийг сонсоод мишээл тодорсон л доо. Тэгээд анхны мэдрэмжээрээ “Мишээл” гэдэг нэрийг охиндоо өгсөн.  

-Та хүсч мөрөөдөж байсан амжилтандаа хүрч чадсан уу?

-Болоогүй л байна. Гадаадад тоглох юм сан гэж мөрөөддөг байлаа. Одоо нас маань ч худлаа болж байх шиг. Ер нь тогтоож болох амжилтуудаа гүйцээхэд арай л дутуу байна.

-Өдийг хүртэлх тамирчны замналдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хөлбөмбөгчин болсондоо харамсаж байгаагүй. Энэ замыг сонгоогүй бол өдийд хаана, юу хийж явахыг таашгүй. Миний хувьд, хамгийн зөв шийдвэр байсан. Хүмүүс “Хөлбөмбөгөөр хоолоо олж идэж чадахгүй” гэдэг. Надад бол алдсан юм байхгүй. Хөлбөмбөг тоглож байхдаа баяр баясгалантай болдог. Хөлбөмбөгөөр хичээллэснээр олон найз, хамт олонтой болсон. Дасан зохицох чадвар, багийн ажиллагаа, хувийн зохион байгуулалтад суралцсан. Хөлбөмбөг бол гэр бүл. Бүгд л нэгнийхээ жаргал, зовлонтой мөчүүдэд нь хамт байдаг.

-Та хаана аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Өмнө нь хөлбөмбөгөөс л аз жаргалыг мэдэрдэг байлаа. Одоо гэр бүлээсээ, хүүхдээсээ аз жаргалыг мэдэрч байна. Гэр бүлтэйгээ байхдаа хамгийн их жаргалтай байдаг. 

Ярилцлагыг: У.Чинзориг

Гэрэл зургийг: Г.Сүх-Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
12 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
12 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.