“The Media show” арга хэмжээ баялаг агуулга, сонирхолтой зочид, чухал сэдвүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media show“ энэ жил гурав дахь удаагаа болж, зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид гэлтгүй оюутан залуус, бизнес эрхлэгчид, контент бүтээгч гээд энэ салбарыг сонирхдог хэн бүхэнд нээлттэй байлаа.
“The Media show” арга хэмжээ:
”Pechakucha” илтгэлүүд
”Урам зоригийн индэр”
”30 минутын лаб” сургалт
“The Media show хэлэлцүүлэг” гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж, арга хэмжээг зорин ирсэн зочид сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцлаа.

Эхний хэсэгт “Voyager AGI”-ийн үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхбат салхи хагалан “Айдас уу, боломж уу” сэдвээр хиймэл оюун ухааны тухай илтгэсэн. Тэрбээр “Анх интернет гарч ирэх үед сэтгүүлчид ажлаа хиймэл оюунд алдахаас айж байсан бол өнөөдөр уламжлалт болон дижитал хэлбэрийн аль алинаар нийтлэл, нэвтрүүлгээ уншигч, үзэгчдэдээ хүргэсээр байна. Энэ нь сэтгүүлчид шинэ технологид дасан зохицож, хувьсан өөрчлөгдөж чадсаныг харуулж байна. Хиймэл оюун бол айдас биш. Зөв ашиглаж чадвал хурдасгуур буюу ажил “товчлогч”, цаг “хэмнэгч” шүү” гэдгийг онцоллоо.

“Graph.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Энэбиш “Би жижиг редакц эрхэлж байгаагаа ЖДҮ гэж нэрлэдэг юм. Энэ бол бага хүний нөөцөөр бүтээмжтэй ажиллах, зарчимдаа бат зогсох, контентын тоогоо ахиулахын сацуу харилцагчтай ажиллах, эх сурвалж, харилцагчийнхаа итгэлийг олох гээд маш өргөн хариуцлага, олон ажил дагалдаж ирдэг. Гэхдээ ямар ч гэсэн эзэмшсэн мэргэжлээ шороотой хутгахгүй, мэргэжлийн байж, дүү нартаа муу үлгэр дууриал болохгүй ажиллахыг бидний ёс зүйн үүрэг гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна” гэсэн юм. Мөн тэр сэтгүүлчид кофе уунгаа халуун дулаан ярилцаж суух боломжтой “Newscafe”-г редакцдаа нээж буйгаа дуулгасан. Редакцад ажилладаг хэн бүхэнд нээлтэй гэдгийг ч онцолсон.

Түүний дараа “Тинк Монгол Инстут”-ийн үүсгэн байгуулагч Э.Золбаяр илтгэлээ танилцуулав. Багаасаа гэр бүлийнхээ бизнест тусалж, дэлгүүртээ худалдагч, ачаа зөөгч, цэвэрлэгч гээд бүхнийг хийж байсан залуу оюутан болох үедээ бизнесээ хэрхэн дампуурахыг харснаар жирийн иргэдэд ч эдийн засаг, санхүүгийн мэдлэг хэрэгтэйг ойлгосон байна. Тиймдээ ч эдийн засагч мэргэжлээр суралцахын зэрэгцээ “Zolonomics” блогоо хөтөлж, эдийн засгийг энгийнээр хүмүүст хүргэж эхэлжээ. Санхүүгийн мэдлэгтэй мэргэшсэн сэтгүүлчид нийгэмд хэрэгтэйг ойлгосон учраас Монголын шилдэг редакцуудаас залуу сэтгүүлчдийг сонгож, бизнес, санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, уулзалтуудыг бүтэн жилийн хугацаатай зохион байгуулахаар болсноо дуулгасан. Та бүхэн хамрагдах бол чих тавьж л байгаарай. Нийгмийн гол баганын нэг болсон хэвлэл мэдээлэл чанартай, хариуцлагатай байх нь чухал гэж үзэж тус хөтөлбөрийг эхлүүлж байгаа бөгөөд судалгаа, хараат бус эх сурвалжууд хэвлэлд хэрэгтэй гэж үзэн тинк танк байгуулаад байна.

“Mining Insight” сэтгүүлийн эрхлэгч С.Болд-Эрдэнэ хэвлэмэл сэтгүүлийн талаар илтгэл тавьж, залуу сэтгүүлчдэд юунд анхаарах хэрэгтэйг өөрийн туршлагад үндэслэн зөвлөгөө өгсөн. Тэрбээр 20 орчим жил сэтгүүлчээр ажиллахдаа уул уурхайн чиглэлээр дагнан бичиж буй бөгөөд “Тавантолгой” сэдэвт нийтлэл нь гэхэд хайлтаар 60 гаруй байгаа гэсэн. Уул уурхайтай холбоотой мэдээ мэдээлэл манай улсад балархай, тодорхой бус байдаг учраас гол эх сурвалж бүхий мэдээллийг “Mining Insight” гаргахыг эрмэлздэг байна. Тиймдээ ч байнгын уншигч, үнэнч захиалагчдадаа чанартай мэдээ, нийтлэлээрээ “учран золгодог” байхыгаа чухалчилдаг аж. Түүний энэ олон жил уул уурхайн чиглэлээр бичиж, мэргэшиж “урвалгүйгээр” урагшилж яваа нь Лунтангийн Болормаа агсны нөлөө, заавар зөвлөгөө байсныг онцолсон. Тэрбээр “Намайг энэ салбарт мэргэшүүлж, зөвлөгөө өгч байсан Лунтангийн Болормаа агсныхаа мэдлэгтэй, эх сурвалждаа гологдохгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталж ажилладаг” гэсэн юм.
“Урам зоригийн индэр” хэсэгт “Ийгл” телевизийн тоймч Г.Байгаль, Gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн, Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо нар оролцсон.

“Ийгл” телевизийн тоймч Г.Байгаль “Амархан эдийн засаг” сэдвээр илтгэл тавихдаа тоог хэрхэн сонирхолтой сэдэв болгож, үзэгчдэд хүргэж буй түүхээ хуваалцсан. Түүний хувьд сэдэв олох, хуучин мэдээг хэрхэн “шинэ” болгох, судалгаа хийж хэрхэн ажилладаг тухайгаа “Senzu нөлөөлөл” мэдээгээ тайлбарлах явцдаа ярьсан. Хүмүүст мэдээ, нийтлэлээ хүргэхийн тулд сэтгүүлч хүнд гадаад хэлний мэдлэг, олон эх сурвалжаас мэдээл авах буюу судалгаа хийх болон бичгийн чадвар юу юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон юм.

Gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн сайтаа хэрхэн олон улсын стандарт бүхий “JTI сertified” сайт болсон түүхээсээ хуваалцсанаас гадна орлогын эх үүсвэрээ ил тод болгохын тулд хэрхэн ажилласан тухайгаа хуваалцав. Тэрбээр “Сайт маань нээгдсэнээс хойшхи 6 дахь ерөнхий редактор нь би юм. Сайтад маань ямар өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэйг багийнхантайгаа ярилцаж байгаад олон улсын стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж үзсэн. Хоёр жилийн турш “хөөцөлдөж”, бэлдсэний хүчинд JTI сертификат авч чадсан. Мөн редакцуудын бас нэгэн тулгамдсан асуудал нь ил тод байдал шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын орлого, үйл ажиллагаанд олон нийт эргэлзэх болсон. Сэтгүүлчдийг шантаажчин, худалдагдсан гэж дураараа доромжилдог болсон энэ үед зарчим, ёс зүйгээ баримтлаад ажиллаж байгаа хэр нь хүн бүрд очоод “Бид тийм биш” гэж хэлэх боломж байдаггүй. Тиймээс үүнийг нийтэд ойлгуулж, мэдүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь орлогын бүтэц, үйл ажиллагаагаа бүрэн ил тодоор зарлах байсан. Тиймээс бид бизнесийн үйл ажиллагааны бүхий л мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж, хамтран ажилласны дүнд орлогын бүтцээ ил тод танилцуулж эхэлсэн. Ингэснээр мэдээний чанар сайжирч, иргэдийн мэдээлэлд итгэх итгэл нэмэгддэг. Цаашид улирал бүр тайлангаа танилцуулаад явна. Бидэнтэй зэрэгцэн орлогын бүтцээ ил тод хуваалцах редакц нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо хараат бус, чөлөөт сэтгүүлчдийн мэдээ, нийтлэлээ түгээх боломж бүхий “Pluma” платформоо танилцуулсан. Тэрбээр “Манай байгууллагаас 3 сарын хугацаанд таван вэбсайт, хоёр телевизийг хамарсан ажиглалт хийж, судалгаа гаргасан. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гарч буй нийтлэлийн 70-80 хувь нь улс төр, эдийн засгийн агуулгатай байгааг тогтоосон. Харин үлдсэн хэсэгт эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад сэдэв багтаж байв. Харин хэрэглэгчдээс ямар төрлийн мэдээлэл авахыг хүсдэгийг судлахад боловсрол, эрүүл мэнд, технологи гэсэн сэдвүүд тэргүүлсэн. Үүнээс үзэхэд Монголын мэдээллийн орчинд эрэлт, нийлүүлэлтийн том зөрүү анзаарагдсан. Тиймээс бид мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийг “уулзуулж, сэтгүүлчид хүссэн сэдвээрээ бичих, уншигчдад илүү өргөн хүрээний мэдээ, нийтлэл санал болгох “Pluma” чөлөөт талбарыг хөгжүүлж байна. Бүртгүүлэх сонирхолтой сэтгүүлчид ёс зүй, ур чадварын цөөн цагийн цахим хичээлийг үзэх, оруулсан мэдээнүүдэд баримт шалгалтыг хиймэл оюунаар хийх, уншигчаас санхүүжих төлбөрийн системийг боловсронгуй болгох зэрэг маш олон боломжийг Pluma бий болгоно” гэв.

“Оптимал Эн Макс ХХК”-ийн зөвлөх, “Positive Dadal” төслийн санаачлагч Д.Лхамсүрэн нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх платформууд хэрэгтэйг онцолсон юм. Жишээлбэл, 2022 онд хийсэн судалгаагаар өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож байсан, 57 хувь нь сэтгэл гутралтай, 56 хувь нь сэтгэл түгшүүртэй гэсэн үр дүн гарч байжээ. Энэ мэт чухал тоонууд үе үе гарч ирдэг ч олон нийтэд дасал болж буйг Д.Лхамсүрэн анхаарууллаа. Тийм ч учраас сэтгэл зүйн асуудал чухал болсон энэ үед мэргэжлийн, ёс зүйтэй, судалгаатай мэдээллийг хүргэж, нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийн тулд “Positive Dadal” төслөө эхлүүлсэн байна. Тус компанийнхан цаашид илүү бодитой, тогтмол үйл ажиллагаатай медиа компани болохоор зорьж, ирэх жил “positive dadal” вебсайтаа нээхээр болсон сайхан мэдээг хуваалцсан.

Юнител группийн олон нийтийн харилцааны мэргэжилтэн Э.Мөнхцэлмүүн, Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн хөтөлбөрийн менежер Л.Анударь нар залуу сэтгүүлчдэд зориулсан “TechJourno” хөтөлбөрийн тухай мэдээлэл өгсөн. Э.Мөнхцэлмүүн “Юнител групп яагаад технологийн компани байж сэтгүүлчдийг бэлтгээд байгаа юм бол?” гэх асуулт олон хүнд төрж байгаа байх. Үнэндээ бид сэтгүүлч бэлтгэж байгаа юм биш, харин технологийн экосистемийг үнэн зөв, хүртээмжтэй тайлбарлаж, олон нийт технологийг зөв ойлгоосой гэсэн зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэрэглэгчдийн технологийн хэрэгцээ, шаардлага огцом өсөж байгаа энэ үед технологийн талаар үнэн зөв, мэдээлэл түгээж чадах нь сэтгүүлчид гэж харсан учраас эл хөтөлбөрөө хэрэгжүүллээ” гэсэн бол Л.Анударь “Манайх анх удаа дотоодын компанитай хамтран төсөл хэрэгжүүлж буй нь “TechJourno” болж байна. Дотоодын төсөл хөтөлбөр тул ойлголцоход хялбар, үр дүн ч хурдан гарч байгаад баяртай байгаа. Бид хөтөлбөртөө 15 оролцогч шалгаруулсан. Сонгон шалгаруулалт нь технологийн талаар бичих эрмэлзэлтэй, редакцад харьяалагдаж байгаа эсэх гэсэн үндсэн хоёр шалгууртай. Энэ хөтөлбөр маань ирэх онд ч мөн үргэлжлэх бөгөөд сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 2027 онд хөтөлбөрийн үр дүн гарч, цааш үргэлжлэх эсэхийг шийдвэрлэх юм” гэлээ.

“UBCab Holding”-ийн маркетинг хариуцсан захирал П.Бат-Эрдэнэ “Ubcab” компани хэрхэн үүсгэн байгуулагдсан түүхийг хуваалцаж, такси үйлчилгээгээр нийтэд танигдсан ч угтаа технологийн компани гэдгийг тодотгосон. Тэрбээр “Монголд үйл ажиллагаа явуулж буй ямар ч компанийн ирээдүй улс орны хөгжил, экосистемийн чанартай шууд холбоотой. Улс орны орчин тогтвортой, экосистем нь эрүүл байвал компаниуд ч хэвийн, өгөөжтэй ажиллана. Тиймээс Монгол Улсад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх эхний алхам нь бид нийтээрээ асуудлаа зөв тодорхойлж, зөв ойлголттой болох явдал. Үүнд сэтгүүлзүй хамгийн чухал үүрэгтэй оролцоно. UBCab Holding-ийн үнэ цэн ч мэргэжлийн, ёс зүйтэй байхад чиглэдэг” гэв.

Менежментийн зөвлөх Б.Мэндбаяр хэвлэл мэдээллийн байгууллагын орлогын эх үүсвэр “солонгорох нь” зөв гэдгийг онцлоод энэ дундаас олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авахад төслөө хэрхэн зөв бичиж, ялгарах талаар илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Менежментийн зөвлөх Б.Мэндбаяр “Медиа салбар тогтвортой оршин тогтнохын тулд орлого маш чухал үүрэгтэй. Орлого, ашиг олох нь ямар ч бизнесийн зорилго шүү дээ. Ашигтай байна гэдэг бол үнэ цэнтэй зүйл хийсний баталгаа. Медиа бизнесийн хувьд зөвхөн контент бүтээж, зар сурталчилгаанаас орлого олж болох ч үүний дараагийн орлого олох бусад боломжуудыг бодож, олон төрөлт болгоход анхаарах шаардлагатай. Үүнд чухал нэгэн боломж нь төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт. Энэ нь зөвхөн медиа контент бий болгохоос гадна сэтгүүлчдэд ур чадвараа ахиулах, мэргэжлийн чадавхаа бэхжүүлэх давхар боломжийг олгодог давуу талтай” гэсэн юм.

“The Media show” арга хэмжээний төгсгөлийн хэсэгт хэлэлцүүлэг болж, залуусын дуу хоолой болсон редакцын сэтгүүлч, редакторууд оролцлоо. Тодруулбал, TsoilogsoZ, Posted.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Батзориг, Ub.life сайтын ерөнхий редактор О.Анхзаяа, Unnu.news-ийн ерөнхий редактор Б.Лхагвацэрэн, HumanZ сайтын Үйл ажиллагаа хариуцсан менежер М.Мөнх-Отгон нар редакцад нь тулгарч буй асуудал, уншигчидтайгаа хэрхэн хамтран ажилладаг тухай чухал асуудлуудыг хэлэлцсэн юм. Бүгд өөрийн онцлогтой редакц боловч community буюу сонирхлын бүлэг, нэг үнэ цэн, үзэл санаанд тулгуурласан уншигчидтай гэдгээрээ нэгдэж байв. Тэд залуучуудын дуу хоолой болж, өөрсдийг нь оролцуулж, эргэх холбоотой ажиллаж байгаа бөгөөд мэдээ мэдээллийг найз шиг, хамтрагч шиг, сонирхолтой байдлаар гэхдээ үзэл бодлыг нь тулгахгүй хүргэх нь чухал болсныг ярьж байсан юм.
Оролцогчдын сэтгэгдлээс:

МУИС-ийн Сэтгүүл зүйн 3-р дамжааны оюутан Б.Цагаандалай “Сэтгүүл зүйн салбарт анхлан суралцаж, бичиж сурвалжилж дадаж буй оюутан бидэнд “Юу бичих вэ, хэнээс яриа авах вэ, хаанаас юу сурвалжлах вэ?” гэсэн асуултууд өдөр бүр тулгардаг. Алдаа мадаггүй, уншигчдадаа бага ч болов өгөөжтэй дөмөгхөн юм гараасаа гаргадаг сэтгүүлч болохын тулд бага багаар суралцсаар л байна. Заримдаа бичиж байгаа зүйлээ өөрөө ч ойлгохгүй, “ийм мэдээ ч гэж юу байх вэ, над шиг ийм муу бичдэг хүн сэтгүүлч болно ч гэж худлаа юм байна” гэж бодож шантрах үе бишгүй гардаг. Харин ‘’The Media Show’’ дээр салбарын туршлагатай сэтгүүлчид, бидний үлгэр дуурайл авдаг хүмүүс ажиллах арга барил, туршлагаасаа эхлээд яг бидэн шиг залуу сэтгүүлч байх үеийнхээ түүхийг хуваалцсан нь урагшлах хүч, хичээх урам зориг өгсөн. Сэтгүүл зүйн салбарт, мэргэжилдээ хайртай хүмүүсийн дунд өнгөрүүлсэн болоод ч тэр үү талархал, шинэ мэдлэг мэдээллээр дүүрэн өдөр өнгөрлөө. Жил бүр Плейтаймыг хоног тоолон хүлээдэг шигээ The Media Show-г ч бас хуруу даран хүлээдэг болох шинжтэй шүү” гэв.

Ata.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ш.Даваадорж “МАН-ын хурал хуралдаж, машин, хүн зоны түгжрэл анхаарал тийшээ чихэлдэж байх анхдугаар өдрөөр би энд нүд нээгдэж, чих онгойж, сэтгэл, тархи цэлмэж суулаа гэж. Бишгүй л нэг хэлэлцүүлэг, арга хэмжээнд уригдаж, оролцож, зорьж очиж, ажиглаж, сонирхож байсан юм аа. Тэгээд л ихэнх нь мартагдчихсан байдаг. Ач холбогдол багатай зүйлийг ер нь мартчихдаг гэм надад буйг мэддэг л дээ. “The Media show by Khulan” гээд хэлэлцүүлэг зөвхөн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт хамаарагсдад бус энэ мэдээллийн эринд шинэ санаа, шинэ хандлага, шинэ туршлага сонирхож, хайж, эрхэмлэж яваа ер нь амьдралдаа цоо шинээр “аппдэйт” хийхийг эрэлхийлж буй өөдрөг хэн бүхэнд маш хэрэгтэй, маш чухал, маш сонирхолтой эвент байдгийг мэдсэндээ, мэдэрсэндээ баяртай байна. Монголд тэр тусмаа хэвлэл мэдээллийнхэнд хамгийн ач холбогдолтой хэлэлцүүлэг, арга хэмжээг нэрлэ гэвэл би одоо шууд л “The media show by Khulan” гэж хамгийн итгэлтэйгээр хэлж чадна. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүд ямар ч сонирхолтой юм. Илтгэгч залуучууд ямар ч чадварлаг, эрх чөлөөтэй юм бэ дээ” гэсэн юм.
“The Media show” арга хэмжээнд оролцсон илтгэгчид болон цугларсан зочид медиа салбар мэргэшиж өөр өөрсдийн онцлогоор хөгжих, орлогын олон эх үүсвэртэй болох, ил тод, итгэлцэл бүхий байх нь зөв гэдэгт санал нийлсэн. Мөн техник технологи, эдийн засаг гэхчлэн нийгмийн олон талт салбарынхан сэтгүүлчдийг мэргэшүүлж, мэдээ нийтлэлээ уншигч, үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. Медиа салбарын ийм нэгэн арга хэмжээ амралтын өдрийг мэдээллээр цэнэглэж, “амттай” болгосон билээ.