Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Танихгүй ертөнц дэх жүржийн амтат амьдрал


Хайрын шүлгийн “Цагаан Уул-2015” наадамд бие биедээ зориулсан шүлгээ уншаад түрүүлж байлаа, тэд. Яруу найрагч Д.Сосорбарамын анхны ном нь “Жүржийн амтат амьдрал” нэртэй. Тэрбээр “Тагтаа” хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдийн дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг шилдэг бүтээлийн уралдаанд яруу найргийн төрлөөр Тэргүүн байрт шалгарч, мөн өгүүллэгийн төрөлд хоёр ч удаа шилдэгт шалгарсан юм. Харин хоёр дахь яруу найргийн түүврээ “Нэвтрэх шугам” нэртэйгээр хэвлүүлсэн. Яруу найрагч Л.Лхагвасүрэн анхны номоо “Танихгүй ертөнцөд илгээх миний нэрийн хуудас” нэрээр уншигчдийн хүртээл болгосон юм. Тэрбээр “Тагтаа” утга зохиолын уралдааны яруу найргийн төрөлд 2018 онд шилдэгээр шалгарсан. Түүний хоёр дахь яруу найргийн ном “Үндэс” нэртэй. Мөн энэ онд хүүрнэл зохиолын төрлөөр “Тэврэгч” номоо хэвлүүлээд буй. Тэдний ертөнц дэх жүржийн амтат амьдралаар аялцгаая.

 - Хүмүүс яруу найрагчдын залуу насыг дүрэлзсэн, хэмжээгүй дэврүүнээр төсөөлдөг. Гэр бүлийн хоёр хоёул яруу найрагч байх үед юу болдгийг төсөөлөхөд ч бэрх санагдах юм?

Сосорбарам: Оюутан үеийн олон гайхалтай дурсамж бий. Их сургуулийн гудамжнаа юунд ч яаралгүйгээр, бороонд хөтлөлцөөд алхаж асан мэдрэмжээ нандигнадаг юм. Хүмүүс бороонд хаа нэгтээ яарч явахад бид хоёрт яарах шалтгаан байгаагүй. Хөтлөлцчихөөд хоёулаа чангаар дуулж явсан.

Намайг дэмжиж, хүлээн зөвшөөрөх хүн хажууд байгаа гэж бодохоор хийж бүтээх, шинэ зүйлийг туршиж үзэх хүч өгдөг. Сүүлийн үед аз жаргал хол байдаггүйг илүү мэдрэх болсон. Хамтдаа хоолоо хийх, гэр бүлээрээ шинэ жилийн модоо засах, ширээ тойрч суугаад хооллох, бороонд хамт алхах л жаргал юм билээ.

Лхагвасүрэн: Амьдралд үл ойлголцох асуудал цөөнгүй л тулгардаг. Тийм үеүдэд дэвтэр дамжуулж харилцан бичдэг байсан. Ярилцахаасаа бичих нь амар санагддаг. Уншиж байгаа нь илүү ойлгодог, бичиж буй хүн ч бас санаагаа тодорхой, бодитоор илэрхийлдэг. Бид хоёрын хоорондоо харилцан бичсэн дэвтэр байдаг юм. Захиа шиг. Заримдаа хэлмээр юм байвал биччихвэл амар санагддаг. Харин сүүлийн үед бичилцэхгүйгээр ойлголцдог болжээ.

Сосорбарам: Хол байгаа тохиолдолд хажууд эзгүй үеийнх нь мэдрэмжээ биччихээд ирэхэд нь уншуулчихвал, “Санасан шүү” гэж хэлэхээс илүү бодитой санагддаг.

Лхагвасүрэн: Нэгэнтээ намайг хол байх хойгуур охиндоо зориулж бичсэн шүлгийг нь уншаад би уйлж байсан.

“- Ааб аа, ааб аа...

       Эн ээд ээ

- Тийм ээ, охин минь ээжийнх нь зураг, энэ...

  Ээжийгээ санаж байна уу?...” гээд л уншихаар дүрслэл нь нүдэнд харагдаад байсан. Хүнд сэтгэлээ илэрхийлж бичнэ гэдэг зүйрлэшгүй сайхан. Нөхрөө таних тусмаа дурлаж байгаа. Хүн өөрийгөө байнга л өөртөө шинээр нээдэг шүү дээ. Түүнтэй адилхан он улирах тусам гэр бүлийн хүндээ итгэлтэй болж байна. Нөхөр маань намайг үргэлж хүлээн зөвшөөрдөг юм. Намайг дэмжиж, хүлээн зөвшөөрөх хүн хажууд байгаа гэж бодохоор хийж бүтээх, шинэ зүйлийг туршиж үзэх хүч өгдөг. Сүүлийн үед аз жаргал хол байдаггүйг илүү мэдрэх болсон. Хамтдаа хоолоо хийх, гэр бүлээрээ шинэ жилийн модоо засах, ширээ тойрч суугаад хооллох, бороонд хамт алхах л жаргал юм билээ.

Сосорбарам: Эхнэрийн маань шийдэмгий, итгэлтэй байдал болоод хүн болгонтой эелдэг дотно харилцаа үүсгэж чаддаг зан нь таалагддаг юм. Өөр олон гайхалтай татах хүч түүнд бий. Түүнийг бүрэн гүйцэт илэрхийлье гэхээр яруу найрагч Б.Эрдэнэсолонгын

“Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг

Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг...” хэмээх шүлэг л санаанд буудаг. Бид хогшил цуглуулахаас илүү сэтгэл бүлээцүүлэх дурсамжууд бүтээхийг хичээж байна. 

-Та хоёр яруу найргийн “Уран өд” дугуйлан дээр анх танилцсан юм билээ. Тухайн үеийн мэдрэмжийг сэдрээх ямар нэгэн дурсамж үлдсэн үү?

Сосорбарам: Эхнэр маань шүлгээ гоё уншдаг. Цангинасан хоолойтой, бас гоё инээнэ. Бидний анх уулзсан “Уран өд” дугуйлан дээр шүлгээ уншсан хүүхдүүдийн мэдрэмжийнх нь гол өнцгийг ярилцдаг байлаа. Тэнд шүлэг хэрхэн бичих тухай заадаггүй. Тухайн үед мэдрэмжээ хуваалцах гэж л тэнд очдог байв. Улмаар аливаа зүйлийг олон өнцгөөс харах хэчнээн чухал гэдгийг анзаарсан. Мөн өөртөө дандаа асуулт тавьж байх хэрэгтэй юм байна гэдгийг ч тэр үед ойлгосон л доо. Би хэн бэ, яагаад гээд л өөртөө байнга тавьдаг тэдгээр асуултаар өөрийгөө нээсэн юм. Шүлэг бичихэд намайг асуултууд хурцалж байсан байх. Хүн болгонд үнэт чанар буйг багш маань бидэнд ухааруулсан.

Лхагвасүрэн: Бид тавдугаар ангиасаа хойш л бие биенээ мэддэг. Нөхөр маань даруухан, дуугүй хүү байсан. Дугуйланд анх тааралдахдаа надаас дүү байх гэж бодсон ч хожим мэдэх нь ээ чацуу болж таарсан юм. “Уран өд” дугуйланд шүлгээ унших гэж, шүлэг сонсох гэж яарч очихоос гадна хүүхдүүд хоорондоо ярилцдаг нь таалагддаг байсан. Тэнд хэний ч буруу, бас хэний ч зөв гэж үгүй. Ямар ч шүүлт байхгүй. Хүүхэд бүр өөрийн мэдрэмжээ хуваалцдаг байлаа. Энгийн зүйлийг хүн хэдэн ч янзаар харж болохыг таньсан даа. Дугуйлан намайг сэтгэлгээний хувьд хайрцаглагдахаас аварсан юм. Тэнд уран бүтээлч гэхээсээ хувь хүнийг төлөвшүүлсэн.

-Та хоёрын шүлгүүдийг уншихад Монголын яруу найрагчдад нийтлэг ажиглагддаг хөдөөгийн ахуйн дүрслэл тааралдсангүй. Энэ нь магадгүй өссөн орчинтой тань холбоотой байх?

Сосорбарам: Би Эрдэнэт хотод өссөн. Гэхдээ хөдөөх ахуйг огт мэдэхгүй биш. Зуныхаа амралтаар хөдөө явдаг л байсан. Байгалийг мэдэрсэн болон уламжлалт ёс заншилтай холбоотой олон дурсамж надад бий. Цаашид ганцхан хотын тухай бичээд байхгүй. Гэхдээ яалт ч үгүй л надад морины тухай бичсэнээс унадаг дугуйн талаар бичвэл илүү танил байна. Бага байхад  аав маань нэг өдөр хөдөө явсан юм. Тэгэхэд аавыгаа санаад анх шүлэг бичсэн. Түүнээс хойш ямар нэгэн сэтгэл хөдөлгөх үйл явдал болох болгонд шүлэг бичдэг болсон доо. Дараа нь Д.Мандахсан багштай танилцаж, дугуйланд нь явж эхэлсэн. Яруу найраг уншаад өөрт төрсөн мэдрэмжээ ярилцдаг нэг долгионы хүмүүстэй уулзана гэдэг хүүхдэд гоё мэдрэмж байсан.

Лхагвасүрэн: Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Бага ангиа Тосонцэнгэлд дүүргээд Эрдэнэтэд шилжин суралцсан. Шүлгүүд маань хүмүүст хийсвэр санагддаг байж магадгүй. Заримдаа хүмүүсийн яриан доторх ганцхан үгнээс сэрж мэдрээд тархиндаа боловсруулж шүлэг болгох нь бий.

-Хоёулаа яруу найрагч учир бие биенийхээ бүтээлийг редакторлах тохиолдол цөөнгүй байх гэж тааж байна. Ер нь бичвэрээ харилцан уншуулдаг уу?

Лхагвасүрэн: Бичсэн зүйл маань болчихлоо доо гэж бодсон үедээ хүнд уншуулмаар санагддаг юм. Тэгээд л би ийм шүлэг биччихлээ гээд уншиж өгнө. Ихэнх тохиолдолд бие биенийхээ уран бүтээлийн анхны уншигч байдаг. Ажилдаа төвлөрчихсөн үед “Одоохондоо шүлэг сонсмооргүй байна” гэж хариулах нь ч бий. 

Сосорбарам: Би заримдаа бичсэнээ эхнэртээ уншуулдаггүй. Уншуулмаар санагдсан үедээ бол уншаад өгчихдөг. Өөрийнхөө ертөнцийг заавал хэн нэгэнд тулгаад байх шаардлагагүй мэт санагддаг юм.

Харман уулын шатаар уруудах амархан,

                     өгсөх хэцүү.

Тэр уулын оройд гэр минь байдаг.

Тэртээх бэлд интоорын цэцэрлэг байдаг.

Жимс түүх сайхан,

                      харих хэцүү...

Хэц шатны хоёр үзүүр шиг

Хэтэрхий хол зайтай

Амьдрал

             х

               и

                  й

                      г

                         э

                            э

                               д

                                      яруу найраг!

Х.Нямхишиг ахын энэ шүлгийн талаар хааяа боддог юм. Амьдрал хийгээд яруу найраг ийм хол зайтай байдаг. Ер нь уран зохиол, амьдрал хоёр хоорондоо авцалдахгүй тохиолдол бишгүй бий.

-Шүлгээ хэр их засдаг вэ?

Лхагвасүрэн: Миний хувьд нэгэнт бичсэн шүлгээ засдаггүй. Энэ маань том дутагдал гэдгийг сүүлийн үед ойлгож байна. Яруу найрагт нэгэнт бичсэнээ засахгүй байж болох ч үргэлжилсэн үгийн зохиол бичээд эхлэхээр бичвэрээ дахин засах сахилга бат маш чухал юм билээ. 

Сосорбарам: Харин би шүлэг бичсэнийхээ дараа хэд хэдэн удаа засдаг. Мөн шүлэг бичихдээ нуршихгүй байхыг эрмэлздэг юм. Нэгэнт илэрхийлсэн санаагаа дараагийн мөртүүдэд давталгүйгээр өөр санаа илэрхийлэхийг хичээдэг.                                 

    Хүүхдийн гэнэн цайлган ертөнц яруу найраг мэт. Тийм гэгээн чанараа гээчихээр л хүн яруу найраглаг байхаа больчихдог байх. Тэнгэрт буй одыг хараад түүнийг авмаар байна хэмээн нэхээд уйлж байгаа нь яруу найраг юм.                    

-Шүлэг тэрлэх, хүүрнэл зохиол бичих хоёр арга барилын хувьд ялгаатай юу?

Лхагвасүрэн: Хүүрнэл зохиол бичихэд сахилга бат чухал. Их уншихыг, их бичихийг шаарддаг. Мөн илүү боловсрох, уйгагүй судалгаа хийх шаардлагатай. Миний хувьд, цаашид хүүрнэл зохиол бичнэ ээ.

Сосорбарам: Хүн болгонд үнэт санаа төрдөг. Тэр санааг бүтээл болгож буулгах нь тусдаа асуудал юм. Санаагаа цаасан дээр буулгахын тулд тархиндаа сайтар боловсруулах хэрэгтэй юм билээ. Анх өгүүллэг бичихэд надад амархан юм шиг санагдсан. Шүлэг бичихээс ч хүртэл. Тухайн үед шүлэглэсэн өгүүллэг бичсэн байх. Бичих тусмаа өгүүллэг бичих арга зүй рүү ойртдог юм байна. Ном уншиж байхдаа хүртэл тухайн зохиолоос ямар нэгэн бичлэгийн арга зүйг хайгаад л илүү бүтээлч болчихдог юм шиг. Одоогоор өгүүллэг бичих арга зүйд суралцаж л байгаа. Бичиж буй маань өгүүллэг мөн эсэхийг хэлж мэдэхгүй.

-Бичихдээ тусгай орчин бий болгодог уу. Өрөөнийхөө эмх цэгцтэй байдлыг чухалчилдаг гэх ч юм уу?

Сосорбарам: Миний хувьд, бичихийнхээ өмнө өрөөгөө цэвэрлэж, бүх зүйлийг цэгцтэй болгодог. Тэгэхгүй л бол бүрэн төвлөрч бичиж чаддаггүй.

Лхагвасүрэн: Өрөө маань эмх цэгцтэй байх эсэх нь надад төдий л чухал биш. Би ямар ч нөхцөлд бичиж чаддаг юм. 

-Ганцаардал гэдэг уран бүтээлчийг нэг төрлийн өдөөгч мэт. Яруу найрагчид ганцаардлаас үүдэн төрж буй мэдрэмжээ шүлэг болгох нь олонтаа шүү дээ? 

Лхагвасүрэн: Заримдаа хүмүүсийн дунд ганцаардах нь бий. Бусдад инээдтэй байгаа зүйл надад тийм ч хөгжилтэй санагдахгүй байх ч юм уу тэднээс ондоо байх нь ганцаардах шалтгаан болдог. Ганцаардал муухай зүйл биш байх. 

Сосорбарам: Ганцаардал гэдэг өөртэйгээ өрнүүлж буй яриа юм болов уу. Хоёулаа хамт алхаж яваа хэрнээ эхнэрийнхээ ярьсныг сонсоогүй байх нь бий. Тухайн агшинд доторх хүнтэйгээ ярилцаж таарсан байдаг юм. Ямар ч нөхцөлд би өөртэйгээ байдаг. Уран зохиолгүйгээр би нэг өдөр ч тэсч чадахгүй байж магадгүй. Өдөр болгон шүлэг бичээд, ном уншаад байдаг хүн биш л дээ. Гэхдээ өдөр болгон ямар нэгэн зүйлийн талаар боддог. Энэ дадал маань үгүй болчихвол утгагүй байх. Би ямар нэгэн төлөөсөнд шүлэг, зохиол бичдэггүй. Харин уран зохиолд өдөр болгон дурлуулдаг хүч бий. Өдөр болгон чихэнд хашгичаад байдаг тэр дуу хоолой байхгүй болчихвол уйтгартай. Үүнтэй адилхан ганцаардал байхгүй болчихвол гунигтай.

-Ингэхэд та хоёр ямар мэргэжилтэй, одоо ямар ажил эрхэлдэг юм бэ? 

Сосорбарам: Би Singapore school of Mongolia сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг. Хүүхдийн гэнэн цайлган ертөнц яруу найраг мэт. Тийм гэгээн чанараа гээчихээр л хүн яруу найраглаг байхаа больчихдог байх. Тэнгэрт буй одыг хараад түүнийг авмаар байна хэмээн нэхээд уйлж байгаа нь яруу найраг юм. Түүнчлэн өнөөгийн нийгэмд монгол хэл, англи хэл, эсвэл өөр гадаад хэлний аль чухал вэ гэдэг зөрчилдөөн хүчтэй байна. Хүмүүсээс асуухаар монгол хэл чухал гэж хариулдаг. Гэтэл яг чухалчилж сурч байгаа нь гадаад хэл байдаг. Ийм цаг үед монгол хэл яагаад чухал гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж буй нь миний ажил мэргэжлийн бахархал юм. Хүүхдүүдтэй уран зохиолын тухай, дүрийн задлал, уран дүрслэл, мэдрэмжийн тухай ярилцахад сайхан байдаг.

Лхагвасүрэн: Би МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд Австралид Флиндерсын их сургуульд магистраа хамгааллаа. Одоо Японы хүүхдийг ивээх санд төслийн ажилтан хийж байгаа. Миний мэргэжил янз бүрийн түүхтэй хүмүүстэй ярилцдгаараа онцлогтой. Энэ нь хүмүүсийн дотоод сэтгэл рүү өнгийх боломж олгодог. Уран зохиол хүмүүсийн л тухай өгүүлдэг шүү дээ. Сүүлд хэвлүүлсэн “Тэврэгч” номондоо Австралид мэргэжлээрээ ажиллаж байх үед олдсон олон санаануудаа буулгасан нь бий. 

-Бие биенийхээ бичсэн шүлгүүдээс өөрийн дуртай шүлгээ уншиж өгөөч?

Лхагвасүрэн:         Чи бол миний шашин

Гоо үзэсгэлэнгийн туйлыг өөрөөр юу гэж нэрлэхээ

мэдэхгүй хүмүүс эргэлзэхэд хүрвэл гоо сайхан гэх

үгийг чиний нэрээр л өөрчилж бичнэ.

 

Амийг минь эзэмшдэг шидэт үрэлтэй

Амьсгалах агаар болдог. Чи надад

Буцлах цус минь ууршиж

Биенээс минь дусал ч цус үлдэхээргүй

халуу төөнүүлэх гал болдог. Чи надад

Галзуурал минь улаан, ув улаан

Ганцхан чамд л харагдах үл үзэгдэгч

улаан навчсын дэлбээлэх чимээ ч улаан даашинзтай

Яг түүн шиг хайр минь галзуурлын хувцастай юм.

Чулуун будда ч амь ороод

сахилаа гээж чадах инээмсэглэлд чинь

нууц тарнийн увидас, ариун библийн эшлэл,

Аллах хийгээд Мөнх тэнгэрийн хүч шингэсэн.

Амьд яваа минь

    чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг.

Хайртай гэж зэрэг шивнэлдэхэд л

өндгөн эсний үнэртэй хүү минь

хэвлийд чинь хөдөлж

Өглөө нь сэрэхэд өдөр хоногуудыг захирагч болсон.

Халуун алганы чинь хонхорхойд

хаврын улирал нуугдаж

Хацарт минь хүрэхэд л мөрнөөс минь цэцэг дэлгэрч

хаврын дуучин болсон.

Хайлах цасны аялгууг сүлжиж төгөлдөр хуур бүтээгээд

хүүдээ тоглуулахаар зүрхээ хүртэл зогсоочихсон байхад

Болжмор яаж жиргэхээ надаас асуугаад байдаг орчлонд

Зүрхнийхээ сүмд шавилан суугаад,

зүрхэн тарни болгож нэрийг чинь амандаа шивнэсээр

    Хувилгаан болох бясалгал үйлдэнэ.

Чи бол миний шашин юм.

Амьд яваа минь

    чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг юм.

Сосорбарам:    Цастай өглөө ажилдаа явах замд

                                          1

Хайртыгаа банштай цайгаар дайлангаа шүлэг уншиж

   Хавсарсан их цасны өөдөөс харааны шилтэйгээ

                                мэндчилээд

Яаран гүйх хүмүүсийг цонхон дээрээ удаан ширтсээр

  Явуулын хүн шиг инээмсэглэн маргаашийн өөдөөс

                                    угтахсан.

                                          2

   Өглөө бүхэн шүлэг ярилцан алхдаг энэ зам дээр

Өч төчнөөн цасан ширхэг үхсэн байна. Хайрт минь

   Дулаахан хөнжилдөө тэднийг хийж бүүвэйлээд

        Дуу аялан сүүлчийн замд нь үдэхсэн.

                                          3

Хүмүүс хүрэх газар руугаа яаран тэмүүлэх энэ их

                                   цаснаар

                          Алхаад л алхаад л

                        бүр буцаад алхмаар

                  Яаран хүрэх тэр газар минь

             Яруу найраг бодох завгүй гэхээр

               Яг эндээ зогсоод л баймаар...


У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Үндэсний номын баяраас онцлох нь: ЕСӨН шинэ ном
2
3 өдрийн өмнө
Номонд дуртай хүнтэй болзох 8 "хөөрхөн" санаа
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.