Баярын уур амьсгал орж, амьдрал бужигнасан арванхоёрдугаар сард гэр бүлээрээ гадуур гарч, цагийг зугаатай өнгөрүүлж амжихгүй л байна уу? Кино театр орж амжихгүй байгаа хүмүүст нэг гоё мэдээ дуулгая. Шүүдэр продакшн, VOO-ын хамтын бүтээл “Хотулун гүнж – Алтан судрын эрэлд” түүхэн, тулаант кино нээлтээ хийхээсээ өмнө үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж, дэлгэцнээ гарсан даруйдаа шуугиан тарьж байгаа билээ. Тэгвэл энэхүү бүтээлийг театрын дэлгэцнээс буусны дараа VОО-ээс хамгийн түрүүнд албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой болжээ.
Баатарлаг монгол гүнжийн тухай өгүүлэх “Хотулун гүнж"-ийг үзэх долоон шалтгааныг нэрлэж байна.

Мандухай цэцэн хатнаас хойш үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан, түүхэн баатарлаг эмэгтэйн дүрийг М.Цэрэндолгор чадварлаг бүтээжээ. “Хотулун гүнж”-ийг хэрсүү, тэмцэгч чанараар нь төсөөлөхөд ч тэр хэн хүнээс илүү дайчин, баатарлаг байх ёстой. Үзэгчдийн энэ хүлээлтийг жүжигчин ур чадвараараа сайн нөхөж өгсөн. Хотулун бол ямар ч хүнд тоглолтгүй хэрнээ сэтгэлд нэг зүйл тороод байх эрэмгий баатарлаг гүнжийн дүр юм.


Сүүлийн үед хийгдэж буй түүхэн, тулаант кинонууд дуу оруулалт, жүжиглэлтийн хувьд орилж, хашгирсан тоглолт, үзэгчдэд өөрсдийн мэдрэмжээ шууд тулгах байдлаар хандах нь түлхүү ажиглагддаг. Харин “Хотулун гүнж” киног үзэхэд төвөгтэй санагдахуйц аймшгийн дуу оруулалт, нүд хальтрам хэтэрхий сүржин сценүүд таныг тавгүйтүүлэхгүй. Тиймээс уг киног гэр бүлээрээ үзэхэд тун тохиромжтой. Хүүхдүүдтэйгээ хамт суугаад санаа зоволгүй үзэх боломжтой киног хэн бүхэн л хайдаг шүү дээ.


Түүхэн киноны нэг чухал үзүүлэлт бол тулаант хэсгүүдийг харуулсан найруулагчийн шийдэл билээ. “Хотулун гүнж” киноны зураг авалт, жүжигчдийн тоглолт киног үзсэн хэн бүхэнд үзэмшил төрүүлэхээр. Уран бүтээлчдийнх нь тоглолтоос ямар ч жүжиглэлтийг мэдрэхгүй. Яг л тухайн түүхэн цаг үед очсон мэт догдлон үзнэ.

Ахуй болон жүжигчдийн хувцас, хэрэглэл нь түүхэн, тулаант киноны бас нэгэн чухал үзүүлэлт байдаг. Киноны чухал хэсэг болж дэлгэцнээ харагдах хувцас, хэрэглэлүүд гял цал, загвар, эдэлгээ нь анхаарал татаад байх аваас үзэж буй хүнд худлаа мэдрэмж төрүүлдэг билээ. Харин “Хотулун гүнж” киноноос тийм гял цал, өнгөт мэдрэмжийг олж харахгүй. Түүнчлэн киноны зураг авалтууд нь байгалийн тансаг үзэсгэлэнг харуулах юм. Эх орныхоо сүрдэм байгалийг дэлгэцнээс тольдож, түүгээр бахархах нь амралт мэт таашаал билээ.


“Хотулун гүнж ” бол дэлхийн зах зээлд өрсөлдөх амбицтай бүтээл юм. Киног бүтээгчид энэхүү төслийг анхнаасаа л томоор харж, дэлхийн зах зээлд зорин урт хугацааны туршид тууштай хийсэн гэдгээ ярьжээ. Уг бүтээл нь энэ онд нээлтээ хийсэн хамгийн өндөр зардалтай кино гэдгээрээ онцлогтой. Монгол түүхэн эмэгтэйн дүр дэлхийн кино урлагийн өргөн зах зээлд хөл тавих аваас бид түүхээ дэлхийд сурталчлах, ингэснээр түүхийн дархлаа тогтоход маш том нөлөөтэй. Монголын түүх агуу гэдгийг дэлхий нийтэд хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудал сүүлийн жилүүдэд кино урлагтай салшгүй холбогдох болсон. Энэ нь “Хотулун гүнж”-ээр дамжуулж Монголын түүхийн хуудсан дахь олон баатрыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх том зорилтын эхлэл болох юм.


Киноны эсрэг талын дүр болох Зульфа бол зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн, илбэ жатгын аргыг эзэмшсэн шидтэн хүүхэн билээ. Зохиолд уг дүрийн нэр анхандаа Жасмин байж. Гэвч зохиолч Б.Шүүдэрцэцэгийн охид ээждээ “Аладин”-ы Жасминтай ижил нэртэй болчихлоо гэсэн аж. Иймд зохиолч өөр Ислам сүсэгтний аятайхан нэр хайрсаар эцэстээ Зульфа гэх нэрийг сонгосон байна. Зульфа нь “Шөнийн гэрэл” гэсэн утгатай юм. Жүжигчин Б.Сэтгэлтүвшин энэхүү дүрийг бүтээхдээ олон талт тоглолтыг харуулсан нь гол дүрээ тодотгоход нөлөөлжээ.


Хотулун гүнжийн бага насны дүрд Жаргалсайханы Индра бүтээжээ. Түүнийг дуучин Рокит Бэйгийн охинтой андуурах нь бий. Ж.Индра анхны зураг авалтанд ирэхдээ морь унаж үзээгүй байсан ч шууд моринд мордон хүнээр хөтлүүлэхгүйгээр унасан гэнэ. Түүний баатарлаг тоглолтыг уг киноноос харах боломжтой юм.

Киноны трэйлейрийг хүргэж байна.