Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээрээ амардаг ч та чухам яагаад энэ өдөрт онцгойлон ач холбогдол өгөх хэрэгтэйг мэддэггүй юм биш биз?
Энэ жил Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой тохиож байна. Монголчуудын хувьд нэн чухаг үнэ цэнтэй, бахархан дурсах түүхт энэ өдрийн тухай бид юуг мэдэх хэрэгтэй вэ?
#1 Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/23475137d8f1a709a56f97c5c8a62756.jpg)
Богд Живзундамба хаан нь Ар Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн зүтгэлтэн юм.
#2 Халх Монгол 1691 онд Манжид эзлэгдсэнээс хойш дэлхийн газрын зурагт Монгол гэсэн нэртэй улс үгүй болсон байв.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглаж байв.
#3 1911 оны Үндэсний хувьсгал XX зуунд Монгол Улс сэргэн мандах эхлэл байсан
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/4d9e3d5acd07806ca20fd1e38391cbf5.jpg)
1911 оны хувьсгал нь 1921 оны Ардын хувьсгалын хөрсийг тавьсан ард түмний нэгдэл байсан бөгөөд өнөөгийн Монгол Улс сэргэн мандах эхлэл болсон. Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм.
#4 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/94630a3c5917160fa4e36be09f2c7adf.jpg)
1912 оны наймдугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг.
#5 Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/3a26a186555f330cd3ec592e9c5391d0.jpg)
Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.
#6 Өнөөдөр бол бидний өвөг дээдсийн олон арван жилийн тэмцлийн биелэл
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/99d1614b616993eb8b7809683938067d.jpg)
Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн бидний өвөг дээдсийн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл юм.
#7 Шинэ засгийн бодлого гэж юу вэ?
Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлого нь Шинэ засгийн бодлого юм. XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/ae331a218aa0b14c04d7dbe20f0a36b5.jpg)
Шинэ засгийн бодлого нь 4 том хэсгээс бүрэлдэж байсан. Үүнд:
Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах
Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах
Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх
Бослого тэмцэл, үер усны гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох зэрэг монголчуудад ихээхэн харштай бодлого байв.
#8 Монгол Улсын Их Хурлын 2011 оны шийдвэрээр жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ныг Үндэсний баярын өдөр хэмээн бүх нийтээр амрах болсон.
#9 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг залуус тэмдэглэн өнгөрүүлдэг
Жил бүрийн шинэ жилийн бараа сүрд дарагдаж өнгөрдөг түүхэн чухал өдрийн тухай танин мэдэж, үнэ цэнийг нь тунгааж хамтдаа тэмдэглэцгээх үү?
"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-өөс энэхүү түүхэн үйл явдлыг сэргээн санах, ач холбогдлыг нь таниулж, нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр залуучуудад зориулсан уулзалт зохион байгуулж, хорол тоглож, үндэсний идээ ундаан хүртэж, судлаач эрдэмтдийн яриа сонсож, хэлэлцэн тэмдэглэж байна.
Энэ жилийн буюу зургаа дах удаагийн өдөрлөгийг "Тусгаар тогтнол ба шашин шүтлэг" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Эвент хүн бүхэнд нээлттэй бөгөөд такс нь нэг мянган төгрөг шүү.
Зураг дээр даран эвенттэй нэгдээрэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/62bcef212ade1283467ed96c2f81a826.jpg)
Түүхийн эх сурвалж: Mongoltoli.mn