Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Оны сүүлчийн захиа


Боож зэхсэн бэлэг сэлтээ тараачихсан, оройн хоолоо барьчихсан, мэйлээ шалгасан, баярын ширээнийхээ өнгө төрхийг сэргээчихсэн, бүгдэд хариу бичсэн, за байз, гацуурынхаа гэрлийг асаачихсан, ирэх долоо хоногийн сэтгүүлд төлөвлөгдсөн ярилцлагаа бэлэн болгоод өгсөн... Ерөнхийлөгчийн үгийг сонсоод, оргилуун дарс буудуулах л үлдэж. Ингэхэд юундаа яараад л, хамаг үйлдлээ тоолоод яваа билээ? Нээрэн би яг бүртгээд, бүр нягтлаад байна шүү дээ. 00 цаг болоход хугасхан цаг үлдсэн учраас ямар нэг зүйлийг дутуу хийсэн байх вий гээд адгаад яваа аж. Тооллого тооцооноос хол хөндий мань мэт ингэж байхад оны сүүлчийн өдрүүдэд Монгол Улсын нягтлан бодогчид, ерөөс дэлхийн Сангийн яамдынхан, аудитынхан, татварынхан “галзуурах” шахдаг нь гарцаагүй. Одоо тэд бүгд тайлангаа тушаачихаад, өрөөнийхөө гэрлийг унтрааж аваад гэр гэрийн зүг, өөр нэг гэрэл асаахаар одоцгоосон нь лавтай. Харин жижүүрт гарсан эмч, цагдаа, онцгой албаныхан ажил дээрээ оноо солих нь ээ. Амьдрал үргэлжилж, шинэ хүмүүс мэндэлж, үйл явдал өрнөж байгаа хойно энэ мөчид ч бидний өмнөөс хэн нэгэн маань ажиллаж л байгаа шүү дээ. 

Шинийг угтахын өмнөхөн он тооллын сүүлчийн хормуудад дэлхийн хүмүүсийн үүсгэсэн долгион манай гэрийн цонхоор нэвтрэн орж ирээд намайг бас догдлуулж байгаа янз даг шүү. Хормогчоо тайлж аваад түрүүнээс хойш гэрт анхилах жүрж, шоколадны үнэрт хэсэг азнан сууя байз. Багад ногоон гацуурын даруухан зурагтай жижиг цаасан уутанд боосон бэлэг барьсаар гаднаас орж ирэхдээ ээжийн минь жижигхэн гар дандаа л даарчихсан байдагсан. Бэлгээ аваад ээжийгээ тэврэхэд дээлнээс нь жавар бас “Может быть” ус сэнгэнэдэг хар багын дурсамж одоо надад ердөө хэдхэн хормын өмнөх мэт ямар ойрхон бодогдоно вэ. Яагаад ч юм, шинэ жил болохоор л би тэр усны үнэрийг, бэлэгнээс гарч ирдэг жүржийг, бас ээж минь яагаад огт бээлий өмсдөггүй байсан тухай боддог юм. Хойморт засаатай ёолкан дээр зочид гоёмсог зурагтай Зөвлөлтөд хэвлэсэн ил захидал тавьдаг байж билээ. Өнөө үед олон зүйл элбэг болсон ч шинэ жилээр ил захидал солилцдог, бие биедээ өөрийн гараар зурвас бичин хайр, хүндэтгэлээ үлдээдэг тэрхүү нандин соёл бүдгэрчээ. Гэсэн ч би зурвас тэрлэж байна, он солигдох мөчийн өмнөхөн амжуулахаар суугаад авсан минь энэ. 

Гудамжны цаанаас өнгө өнгийн галт бороо орон байруудын дээрээс асгарч, баярын шөнийг гэрэлтүүлж байна. Цонх руу гүйлдэх том, жижиггүй бүгдэд дуу шуу нэмдэг тэр салютыг манай хорооллын хамгийн өгөөмөр сэтгэлтэн энэ үдэшт зориулан жилийн жилд зэхдэг юм. Хорвоо дээр цонх болгоны цаана зогсох зүрх бүхнийг баяртай, жаргалтай болгох тухай бодож явдаг харамгүй сэтгэлтнүүд байдаг нь ямар их зол заяа вэ. 

Яг өдийд цонх бүрийн цаана, тооно болгоны доор хүн бүхэн улирч одсон цаг хугацаанаас аль тодыг нь сугалж аваад ямар нэг зүйлийг эргэцүүлж, ирж буй үзээгүй, хараагүй өдрүүдийн талаарх хүсэл мөрөөдөлдөө умбаж байгаагаараа ижилхэн. Тиймээс жил жилийн сүүлчийн өдрийн 00 цагт ойртох мөчийн долгион адилсан адислагдаж, асар хүчтэй эрчмээр дэлхий ертөнц онцгой хэмнэлд оршдог байх даа. Үүгээрээ шинэ жилийн шөнө ер бусын ид шидтэй, өгөөмөр, харамгүй болж хувирдаг билээ. 

Хүний хорвоо юм хойно төгс бишийн, мөнх бусын орчлонд бид амьдарч байна. Гэвч ганцхан энэ мөчид бидэнд уйлах шалтгаан байлаа ч нулимсаа арчъя. Сайн сайханд тэмүүлж, ирээдүйн тухай, ирэх өдрүүдийн тухай хүсэн мөрөөдөж инээмсэглээрэй. Амьдралд ямар их хайртайгаараа зүрх сэтгэл бүхэн ижилсэж ер бусын хүчирхэг нэгэн долгионд оршиж байна. Нүдээ аниад өөртөө, хайртай хүмүүстээ, салют буудуулж энэ үдшийн тэнгэрийг үзэсгэлэн болгодог хэн нэгэн оршин суугчид, бидний дэлхийд ирж байгаа шинэ 2022 оныг угтаж буй хүн бүхэнд эрүүл энх, амар амгалан, хайр сэтгэл, аз жаргалыг хүсэн ерөөе. 

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.13
Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй
2
2022.05.11
Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам
3
2022.05.05
Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан
санал болгох
1
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
2
8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?
3
9 цагийн өмнө
Хүн бүр иддэгээсээ 20 хувь бага үхрийн мах идэхийг уриалжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.