Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

"Өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай тэмцээн эх оронд маань зохиогдож байна"


“Эх орондоо тэмцээнд орж байгаа тамирчдыг харахаар атаархаад байсан юм. Гэтэл өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай тэмцээн  эх оронд маань зохиогдож байна” хэмээн хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг өөрийн цахим хуудсанд сэтгэгдлээ хуваалцжээ. Үнэхээр л олон спортын холбоо, тамирчин, дасгалжуулагчийн мөрөөдөл энэ өдрүүдэд биелж байна. Монголын спортын корпорацийн анхны том төсөл 15 холбооны нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн өргөөнд долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм. 

Тэд 10 хоногийн арга хэмжээг Азийн наадмын түвшинд зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогоор шатар, байт харваа, жюү жицү, рөүинг, фүүтгольф, олон улсын шага, пара шага, хүндийн өргөлт, хөгжөөн дэмжигчийн тэмцээнийг амжилттай зохион байгуулаад байна. Нийтдээ 21 төрлийн тэмцээн зохион байгуулах юм.

Уг нэгдсэн арга хэмжээний нэг хэсэг хөгжөөн дэмжигч тамирчдын дөрөв дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдав. Энэ төрөлд 542 тамирчин оролцож буйгаас хамгийн балчир нь дөрвөн настай, хамгийн ахмад нь 76 настай тамирчин байлаа. Монголын спортын корпорацийн “Зүгээр л хөдөлгөөн хий” хэмээх зарчим энэ хоромд бодолд харван орж ирэв. Гэхдээ тэдний хамгийн том зарчим нь хамтын үнэ цэнийг бүтээх билээ. Тэмцээний зохион байгуулалт Монголын спортын хөгжлийг хэд хэдэн шат урагш ахиулжээ. Мөсөн ордны уур амьсгал, тамирчдын эрчим, өрсөлдөөн зэрэг нь Олон Улсын тэмцээнийг үзэж буй мэт мэдрэмж төрүүлэх аж.

Хөгжөөн дэмжигч тамирчдын тэмцээнтэй зэрэгцээд Олон улсын шагай холбооны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд явагдав. Уг төрөлд анхны улсын аваргуудаа өлгийдөн авахаар оролцогч тамирчид нэлээд догдолж, бас хоорондоо ширүүн өрсөлдөж буй нь илт байлаа. Үндэсний спортын төрлүүдээ олон улсад таниулах, түүгээр дамжуулж өв соёлоо дэлхий нийтэд сурталчлах нь олон үеийн хүсэл байсан юм.

Б.Хосбаяр: Хамтын үнэ цэнийг бүтээе

15 холбооны нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай ярилцсан юм. Тэрбээр Монголын үндэсний олимпийн хороо, Саудын Арабын Үндэсний олимпийн хороо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын Рагбигийн холбоонд ажиллаж байсан туршлагатай спортын салбарын чадварлаг менежер билээ. 

-Улсын аваргаа анх удаа шалгаруулж байгаа спортын төрлүүд нэлээд байна. Зарим спортын төрлүүд өмнө нь тэмцээн, уралдаан зохиож байсан ч зохион байгуулалтын хувьд ийм өндөр түвшинд байсангүй. Энэ тэмцээнд туршиж буй зохион байгуулалтын шинэ загварыг хэрхэн боловсруулсан бэ?

-Олон жилийн өмнө төрсөн санаа хэдий ч бодит ажил болгож чадахгүй байсаар өдийг хүрсэн юм. Хөл хорионы үеэр уг санаагаа төсөл болгож бичсэн. Дижитал хувьсгалын нөлөөгөөр олон спортын төрлүүд устаж, мөн шинээр төрлүүд бий болж байна. Тиймээс үүнд суурилсан моделиудыг боловсруулъя гэсэн санаа төрөөд, түүн дээр бид төслүүдээ угсарсан юм. Бүх спортын үйл ажиллагааг ерөнхий загварчлал руу шилжүүлж байгаад хийе. Холбоо болгон дуртай зүйлээ хийхэд бид түүнийг нь нэгтгээд хамтын үнэ цэнийг бүтээвэл том үр дүнд хүрч болно. Энэ төслөөс гадна олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд бий. Тэр болгонд инновацыг шингээсэн. 

-Монгол Улс олимпод найдлага тавьдаг спортын төрлүүдээ түлхүү дэмждэг шүү дээ. Бусад спортын төрлүүд дэмжлэг сул, анхаарлын гадна үлдэх тал ажиглагддаг. Тэдгээр орхигдсон спортын төрлүүдээ менежмент, санхүүгийн талаас нь сайн дэмжээд өгвөл топ спортын төрлүүдтэй ижил түвшинд очих боломж хэр үнэмшилтэй харагдаж байна, үүнд хэр их хугацаа шаардлагатай бол?

-Одоогоор бид тогтсон загварыг боловсруулж амжаагүй байна. Тийм учраас энэ 15 спортын холбоог сонгохдоо аль болох солонгоруулж сонгохыг хичээсэн. Манай компани “Зүгээр л хөдөлгөөн хий” гэсэн уриатай. Дижитал шилжилтээс шалтгаалаад хөдөлгөөн хүний чухал хэрэгцээ болчихлоо. Заавал фитнесст очдог биш. Булчингийн үйл ажиллагаагаараа хөдөлгөөн хийхэд ямар ч спортын төрлөөр хичээллэсэн нээлттэй. Уг хандлагыг олон улсын олимпийн хорооноос сайшааж тэмцээн уралдааны төрлүүд нь байнга өөрчлөгдөж байна. Тиймээс 1996 оноос хойш төрсөн залуучуудын сонирхлын дагуу спортын арга хэмжээ хийж үзье гээд эдгээр спортын төрлүүдийг сонгосон юм.

-Олон төрлийн тэмцээн уралдааныг нэгтгэж зохион байгуулахад их хэмжээний санхүү, хүний нөөц, технологийн боломжууд шаардагдах болов уу. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэв?

-Бид 15 холбооны тэмцээнийг загварчилж үзэхэд зардлыг 50 орчим хувиар бууруулаад, түүнээсээ хэд дахин өндөр үр ашигтай байж болох санагдсан. Манай компани одоогоор 16 төсөл боловсруулаад байна. Бид бүх төсөлдөө таван зарчмыг л шингээдэг. Аливаа ажлыг дангаараа хийхгүй, хамтын үнэ цэнийг бүтээе. Мөн хүртээмжтэй гэдэг зарчмыг бүх төсөлдөө баримталдаг. Тусгай олимпийн тамирчид манай тэмцээн уралдаанд нээлттэй оролцож байна. Зүгээр л хөдөлгөөн хий. Идэвхтэй хөдөлгөөнийг ашиглаж үнэ цэнийг бүтээгээд түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой. Тэгээд бүх зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд хийхийг хичээсэн. Төслөө хил хязгааргүй ертөнц буюу олон улсын зах зээлд гаргахыг зорьж байна. Монголд Азийн наадмыг зохион байгуулдаггүй юм аа гэхэд бид багаараа Азийн наадмын зохион байгуулалтын багт ажиллахыг зорьж байгаа.

-Орон нутгийн тамирчид тэмцээнд оролцох боломж хэр хүртээмжтэй байв?

-Энэ удаа нөхцөл бололцооноос хамаараад үүнд ач холбогдол өгч чадсангүй. Уг нь төлөвлөгөөндөө тусгасан. Ирэх жилээс зочид буудал, унааг нь нэгдсэн журмаар хямдруулах систем рүү шилжих юм. Гэхдээ 21 аймгийн тамирчид манай тэмцээнд оролцож байна.

-“Pubg Mobile”-ийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд болно. Монголчууд өмнө нь төдийлөн зөвшөөрдөггүй байсан тоглоом шүү дээ. Дэлгэцийн донтолт үүсгэлээ гээд хэн хүнгүй л хүүхдүүдээ энэ тоглоомоос гаргахыг хүсэж байв. Гэтэл “Pubg Mobile” нь өдгөө спортын төрөл хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, анхны Улсын аваргаа тодруулах гэж байна. Таны хувьд үүнийг спортын төрөл мөн эсэх талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Бид технологийн хөгжлөөс хаашаа ч зугтаж чадахгүй. Хүүхдүүдийг дэлгэцнээс яагаад ч холдуулж чадахгүй. Нэгэнт ийм байдал үүссэн учраас шинэ үеийнхэнг яаж дэлгэцийн өмнө зөв байлгах вэ гэдэг нь л чухал. Мөн Pubg Mobile-ийг спорт болгож хөгжүүлэх хэрэгтэй. Esport-оор мэргэших тусам тархиа сэргэг байлгахын тулд тоглох цаг нь багасч, биеийн тамираар хичээллэх нь нэмэгддэг гэсэн судалгаа бий.

Төгс мэдрэмж, чимээгүй аяз

Үргэлжлүүлэн хөгжөөн дэмжигч тамирчдын Улсын аварга шалгаруулах IV тэмцээнд Para Jazz Doubles төрлөөр өрсөлдсөн “Хатан туул” хамтлагийн бүжигчин, спортын мастер Б.Батманлай, тэргэнцэртэй анхны мисс Д.Цолмон нартай ярилцлаа. 

-Та бүжгийн төрлөөр анхны томоохон тэмцээндээ оролцлоо. Цаашид спортын энэ төрлөөр хичээллэхэд хэр боломжтой санагдав?

Д.Ц: Би пара олимпийн тэргэнцэртэй бүжгийн төрөлд оролцохыг хүсдэг. Хэрвээ хүмүүс дэмжээд хамт бүжиглэх аваас хүсэл маань биелэхэд ямар нэгэн саад байхгүй болов уу. Зорилгоо биелүүлэхэд саад болдог зүйл хүний бодолд л байдаг. Хүн өөрөө чадахгүй, болохгүй гэж бодож байвал тэр л жинхэнэ бэрхшээл юм.

-Бүжгийнхээ зохиомжийг хэрхэн гаргав, бүжгээрээ ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ? 

Б.Б: Олдмол байдлаар тэргэнцэр дээр суусан хүмүүс олон байдаг. Тэр хүмүүст урам зориг өгөх, тэргэнцэртэй хүмүүс ч бүжиглэж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Зохиолын хувьд, автомашины ослоор тэргэнцэр дээр суусан эмэгтэй болон түүний хайртай залуугийн дотоод сэтгэлийг нь бүжгээр илэрхийлэхийг эрмэлзсэн. Бүжгийн төгсгөлд хамтдаа хөтлөлцөж газар хэвтдэг.  Бид унтахаар хэвтэхдээ яг ижил түвшинд байдаг. Хэрэв орчинг нь ээлтэй болгочихвол бүх хүнд адилхан гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

-Энэ удаагийн тэмцээн зохион байгуулалтын хувьд хэр өвөрмөц болж байх шиг байна?

Б.Б: Спортын арга хэмжээ бүхэлдээ шинэлэг болж байна. Манай хамтрагч энэ сарын 16-нд тэргэнцэртэй сэлэмний тэмцээнд оролцоно.

Д.Ц: Өнгөрсөн онд тэргэнцэртэй сэлэмний намрын сорилго тэмцээнээс алтан медалийг авсан. Гэвч Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа болохоор айдастай л байна.

-Та тэмцээнийх нь өдөр хамтрагчаа ирж дэмжих үү?

Б.Б: Ер нь үзэх байх шүү. Уулзах ёстой хүмүүс л учирдаг. Өмнө нь сурталчилгааны зураг авалтын үеэр тааралдчихаад “Ямар гоё эрч хүчтэй, бусдад эерэг хандлагыг түгээдэг юм бэ” гэж бодоод өнгөрч байсан юм. Өнөөдөр талбай дээр хамтдаа нэг зорилгын төлөө бүжиглэсэндээ баяртай байна. Хамтарч бүжиглэх саналыг дуртай хүлээж авсан мөртлөө эмээж байсан. Олон бичлэгүүд хайж үзсэн. Цоомоо маань дайчин, эрч хүчтэй эмэгтэй болохоор бэлтгэлд их цагийг зарцуулаагүй ч  хоорондын ойлголцол бүжгээ илүү сайн гүйцэтгэхэд нөлөөллөө. Бэлтгэлийн үеэр шатаар дээш, доош гарах тохиолдол олон байсан. Эхэндээ хоёулаа хүн гуйж, туслуулдаг байв. Сүүлдээ бараг гүйх шахуу, хүмүүстэй уралддаг болсон. Тулгарч байсан асуудал нь сэтгэл зүйнх л байлаа. Хоорондоо ойлголцож чадсанаар богино хугацаанд зорилгоо нэгтгээд бүжгийн талбайд хүссэнээ илэрхийлж чадсан болохоор одоо аз жаргалтай байна.

Д.Ц: Шатаар дээшээ, доошоо гарахад бэрхшээлтэй байсан нь биднийг илүү нэгтгэсэн. Яаж бүжиглэвэл эвтэй байх бол гэх мэдрэмжийг тэр үед л мэдэрсэн болов уу. Би тухайн үед өөрийнхөө жишээнээс ярьж өгдөг байсан. Найзтайгаа явахдаа ингэдэг, тэгэх юм бол надад эвтэйхэн байдаг гээд л. Хүмүүс тэргэнээс маань эв хавгүй зуураад байхаар хүнийг араас нь очоод угзарч байгаатай адилхан байдаг. Тийм болохоор хөтлөлцөөд явах нь надад илүү эвтэйхэн байдаг юм. Бид хөтлөлцөөд явж байхад яаж бүжиглэх талаар илүү бодитой бодож чаддаг.

Б.Б: Нэг өдөр сугадалцаад алхсан чинь маш эвтэйхэн байсан. Өмнө нь хөтлөлцөж явахаар тохирсон байсан бүжгийн хэсгээ сугадалцахаар болгосон. Тоглолтын хувьд ч илүү хээнцэр болсон байх. Гэхдээ бид хоёр өнөөдөр алдаа гаргасан. Дугуйгаа арай чанга хийлэлчихэж. Илүү гулгалттай болчихсон. Өмнө нь зууралттай бэлтгэлээ хийж байсан юм. Тэрнээсээ болоод алдаа гаргаад хамтрагчаа унагаачихлаа.  Хүмүүс тэр агшинд уулга алдацгаасан нь тод сонсогдсон. Гуравхан хоног бэлдсэн ч хоорондоо маш сайн ойлголцож чадлаа.  

-Таны хувьд олон хүнтэй хамтарч бүжиглэж байсан. Өнгөрсөн жил л гэхэд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон шүү дээ. Бүжиг хүнд ямар өөрчлөлт авчирдаг вэ?

Б.Б: Бүжиг миний хувьд төгс мэдрэмж.  Бүжиг цоо шинэ, онхи ондоо орчинд хэсэг хугацаанд орших боломжийг олгодог. Хүссэнээ хийж чадахгүй байгаа тохиолдолд бүжгээр тэр мэдрэмжээ илэрхийлэх боломжтой.  

-Та хоёрын бүжгээс жүжигчилсэн тоглолт голлож буй нь анзаарагдсан. Пара бүжгийн илэрхийллийн боломж хэр өргөн байдаг вэ?

Б.Б: Зохиолтойгоо уялдаж дотоод дүр маань амилж байгаа. Түүнээс пара бүжгээр юуг ч илэрхийлэх бүрэн боломжтой. 

Д.Ц: Хамгийн чухал нь хамтрагч маань намайг мэдэрч бүжиглэсэн. Бүжгийг илэрхийлэх аваас сэтгэлээс гарах чимээгүй аяз.

-Та хоёр цаашид хамтарч бүжиглэх үү?

Б.Б: Бид хоёр энэ спортыг хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийнэ гэдгээ амлаж байна. Боломж олдвол хамтдаа бүжиглэнэ ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
12 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
13 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.