Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Философийн туршилт| Гучин жилийн дараа ЧИ хэн байх вэ?


Чи хэн бэ? Чи цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж хувьсах вэ? Гаднаасаа ч, дотроосоо ч тасралтгүй хувьсаж буй чи 30 жилийн дараах өөрийгөө төсөөлж чадах уу? Тэр хүн одоогийн чиний итгэлийг хүлээхүйц хүн мөн үү? Тэр хүн болохоор хувирч яваа энэ аялал чинь хэр үнэ цэнтэй вэ? Туршилтын философич Жошуа Ноб дараах асуултуудыг танд тавьж байна. Эдгээрт хариулж үзэхэд өөрийн хэн болох тухай багахан төсөөлөл бууж мэдэх юм.


Чи хэн бэ? Яг одоо, энэ хором мөчид чамайг ЧИ хэмээн тодорхойлох зүйлс гэвэл чиний бие мах бод, чиний амьдралын зорилго, итгэл үнэмшил, үнэ цэн, сэтгэл хөдлөл байна. Төсөөлье. Одоогоос яг гучин жилийн дараах өөрийгөө төсөөлж үзье. Дэлхий дээрх энэ үй түмэн хүн байдгаараа байж л байх болно. Тэдний дунд нэг хүн мөн урьдынхаараа амьдарч байна. Тэр бол чи. Тэр хүнийг чи хэрхэн өөрийгөө хэмээн таньж байна вэ? “Энэ би мөн” гэдгээ яаж мэдэж байна вэ?

                                                                    Жэймс Жойс, "Улисс" романы хэвлэлийн иллюстрэшн

Та бүхэнд маш абсурд нэгэн тасуулт тавья гэж бодлоо. Франц Кафкагийн “Хувирал” роман дээр гардаг шиг хэн нэгэн хүний биед метаморфоз явагдаж, өөр нэгэн болж хувирч эхэлсэн гэж бодъё. Ийм жишээ их татаж ярьдгаар нь философич Дерек Парфитыг агуу жүжигчин Грета Гарбо болж хувирч буйгаар төсөөлье л дөө. Бүх бие махбод нь молекулаас молекулт хувиран шилжиж, Парфит аажмаар Гарбо болж байна. Энэ хувирах үзэгдлийн эхэнд тэнд Парфит байсан нь үнэн. Гэвч төгсгөлд нь Парфитын оршихуй хумхийн чинээ ч үгүй болж, Гарбо бий болжээ. Энэ бол төсөөллийн туршилт шүү, мартуузай. Одоо асуулт юу байх вэ гэвэл: Энэхүү хувирах үзэгдлийн яг аль хэсэгт өөрчлөлт мэдрэгдэж, бодитой хувирал явагдаж эхэлсэн бэ? Яг хэзээ нь Парфит үгүй болж Гарбо оршиж эхлэв? Хэрэв нухацтай бодоод үзвэл яг тэр хором, мөчид гэж тодорхой заах цаг хугацааны ухагдахуун энд байсангүй. Хувирал хувьсал аажмаар явагдаж, бага багаар Парфит байхаа больж, бага багаар тэс өөр хүн болсныг үзэхэд аль ч цаг хугацаанд “Парфит явж Гарбо ирж байна” гэдэг ерөнхий дүгнэлтийг л хийж чадахуйц.



Одоо энэхүү уран зөгнөлт төсөөллийн араас, саяны хэлсэн бүхэнтэй дүйцүүлэн, 30 жилийн дараах өөрсдийгөө төсөөлцгөөе. Гучин жилийн тэртээх цаг хугацаанд өөрийгөө ЧИ гэж бодсон нэгэн алхаж явна. Гэтэл үнэндээ энэ хүн одоогийн чамаас олон талаараа тэс өөр хүн байх болно. Өнөөдрийн чамд төрдөг сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил, зорилго, үнэ цэн тэр хүнд байхгүй. Гэсэн хэдий ч яагаад ч юм тэр хүнийг чи өөрийгөө гэж бодсон хэвээр. Гэхдээ... Тэр хүн үнэхээр чи мөн үү? Яах вэ зарим талаараа чамархуу л юм. Гэвч Дерек Парфит Грета Гарбо болж хувирсан шиг, тэр хүн чи биш болж хувирсан шүү дээ. Тэгэхээр энэ чи мөн үү?

Энэ талаас нь бодож үзвэл чи ирээдүйн өөрийнхөө талаар буюу уулзаж үзээгүй тэр хүний талаар тэс өөр төсөөлөлтэй болно. Гучин жилийн алс дахь цаг хугацааны уулзвар дээрх тэр танихгүй хүн рүү очих гэж чи амьдралын уртыг элээж байгаа ч юм шиг. Тэр хүн болж хувирах аялал чиний энд ирсэн гол утга учир ч юм шиг. Сайн мэдэхгүй тэр хүний төлөө чи ажил хийж, амьдарч, даван туулж, мөнгөө хуримтлуулж, буй бүхнээ зориулж байгаа ч юм шиг. Яг одоо хамгийн их хайрлаж нандигнаж буй бүхнийг чинь үнэлж хүндэтгэх эсэх нь эргэлзээтэй, зорилго, итгэл үнэмшил, сэтгэлийг чинь ...хнмм байдаг л зүйл гэж хэлэх тэр хүн рүү чи хувирч явна шүү дээ.

Энэхүү туршилтын төсөөлллийн дараа та бүхэнд нэг бодол төрж байж магад. Хүнд өөрчлөгдөн хувирдаггүй, хэдэн жилийн дараа ч ЧИ хэвээрээ гэдгийг батлах “core self” буюу “цөм мөн чанар” эсвэл гүний гүн дэх "жинхэнэ өөрөө” гэж байдаг уу?  Энэ асуултанд гүн ухаантан, сэтгэгчид хариулах гэж мянга мянган жил хичээжээ. Аристотель, Платон зэрэг эртний сэтгэгчид хүний “true self” буюу “жинхэнэ өөрөө”- г тодорхойлохдоо “бодож, шалтгааныг хайж, дүгнэлт хийж, түүндээ өөрийгөө тусган харж чадах оюун сэтгэлийн чадварт тухайн хүний жинхэнэ мөн чанар оршдог ” гэж тайлбарласан. Харин сүүл үеийн сэтгэгчид эсрэгээрээ, “хүний жинхэнэ мөн чанар бодож, ухамсарлаагүй үедээ буюу гэнэтийн үйлдлүүдээр илэрдэг. Огцом сэтгэл хөдлөл, ухамсаргүйг эзэгнэж байдаг далд хүсэл, өөрийн мэдэлгүй гаргадаг авир зэрэг үүнд багтана ’ гэжээ. Харин туршилтын философичид үүнд хариу өгөхийн оронд, бие хүн өөрөө өөрийнхөө болон бусдын цөм мөн чанарыг хэрхэн тодорхойлж, аль нь жинхэнэ би гэдгээ юунд үндэслэн шийддэгийг судалдаг юм. Эхэнд туршсан ирээдүйн ЧИ, одоогийн ЧИ төсөөллөөс уншигч та өөрийн “жинхэнэ би”-гээ эрж хайх багахан ч болов бодолд хөтлөгдөж, магадгүй тодорхой дүгнэлтэнд хүрсэн бол бидний зорилго биелж буй нь тэр.

Эх сурвалж: edge.org



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
3 өдрийн өмнө
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2022.01.20 192.82.78.153

ene medeelel chni dutuu l bnda. ymr negen dasgal ymuu test bh ystoi doo

0 Хариулах