"Угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа адил" хэмээх үг бий. Цагаан сараар бид хамаатан садантайгаа танилцан, ураг төрлөө мэдэн авдаг эртний уламжлалтай. Тиймээс танд ургийн бичгээ хөтлөх хялбар зөвлөмжийг хүргэж байна.
#1 Ургийн мод, ургийн зураглал бүтээх
Удам угсаанд байгаа хүн бүрийн нэр, хүйс, гэр бүлийн байдал, амьд сэрүүн буй эсэх, үр хүүхдийн тоо зэргийг хараад мэдэж болохуйц хөтлөөрэй. Зөвхөн нэр, овгийг бичих нь цааш үргэлжлүүлэхэд хангалтгүй байдаг. Эцэг, эхийн талыг аль алиныг нь хөтлөх нь зүй.
Ургийн бичигт өөрөөс дээших дараах 9 үеийн ясан болон цусан төрлийг оруулан хөтөлнө.
Өндөр өвөг, өндөр эмэг
Холбоо өвөг, холбоо эмэг
Хулан өвөг, хулан эмэг
Элэн өвөг, элэн эмэг
Хуланц өвөг, хуланц эмэг
Элэнц өвөг, элэнц эмэг
Өвөг эцэг, эмэг эх
Эцэг, эх
Би
Хэрхэн хөтлөх тухай дараах заавар бичлэгийг үзээрэй.
#2 Мэдээлэл цуглуулах
Ахмад настай эмээ, өвөө, буурлуудаасаа мэдээлэл цуглуулж ургийн бичгээ үнэн зөв хөтлөөрэй.
#3 Мэдэх хүртлээ бичих, зохиож бичихгүй байх
Мэдэхгүй, мэдэх боломжгүй хүмүүсийн мэдээллийг зохиож бичихгүй байх нь чухал. Нэг л хүний мэдээллийг зохион бичсэнээр тухайн ургийн бичгийн утга учир алдагдахыг санаарай.
#4 Ургийн овгоо үнэн зөв бичсэн бичиг баримттай байх
Монголчуудын дийлэнх нь "Боржигон" овогтой болсон нь нууц биш. Та дээрх алхмуудыг хийж, мэдээлэл цуглуулах явцдаа үнэн зөв ургийн овгоо мэдэж авсан бол бичиг баримтаа үнэн зөв болгохоос бүү цааргалаарай.
#5 Ургийн бичгийн дэвтэр хөтлөх, шинэчилж занших
Ургийн нэгдсэн дэвтэр, хөтлөлт хийж, түүнийгээ жил бүр шинэчилж, шинээр төрсөн хүүхдүүд, гэр бүл бологсдыг нэмж байх нь чухал.
Ургийн бичиг хөтлөх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Urgiinbichig.mn сайтаас аваарай. Мөн энэ сайтаар ургийн бичгээ цахимаар хөтлөх боломжтой юм шүү.