Өнөөдөр /2022.03.02/ Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ, "Анлимитед медиа групп" ХХК хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгуулж буй "Мэдрэмжтэй мэдээлье" сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн хаалт болж, мэргэшүүлэх сургалтад хамруулсан шилдэг 15 сэтгүүлчид батламж гардууллаа.
"Мэдрэмжтэй мэдээлье" тэтгэлэгт шалгарсан ШИЛДЭГ 15 санаа


Хөтөлбөрийн оролцогч сэтгүүлч, ментор болон судлаачийн онцолж буй өнцөг, үр дүнгүүдийг хүргэж байна.
1. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн хүйсийн бус хөгжлийн асуудал

Жендэрийн тэгш байдлыг хангах нь сэтгүүл зүйн суурь бөгөөд баталгаатай, тэнцвэртэй, олон талын эх сурвалжтайгаар мэдээлэх нь нийгэмд байгаа олон талын төлөөлөлд үйлчилж буйн нэг хэлбэр. Нэн тэргүүнд бид хүйсийн тэнцвэртэй байдлыг хэвлэл мэдээллийн агуулгад хангах шаардлагатай байна. Судалгаанаас үзэхэд цахим мэдээллийн сайтуудын улс төрийн мэдээ мэдээллийн топ 30 эх сурвалжийн ердөө 3 нь эмэгтэй, 27 нь эрэгтэй эх сурвалж байна. Сэтгүүлчид хүйсийн тэгш байдлыг хангах, дадал болгох шаардлагатай. Мөн дээрх 3 эмэгтэй эх сурвалжийнхаа хийж буй ажил, үйлдэлд нь бус өнгөц харагдаж буй байдал, гадаад төрх, үг хэллэгт хэт анхаарч, хоч өгөх ч юм уу хэвшмэл хандлагууд гаргаж байна. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх сэтгүүлчийн ёс зүй атал сэтгүүлч мэдэхгүйн улмаас алдаж байна. Иймээс ч бид “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлчдийн нэгдлийг байгуулан уриалгыг хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр гарган, сэтгүүлчдийг хамруулан өнөөдөр тэтгэлэг гардууллаа. Өнгөрсөн онд бид 370 орчим хэвлэл мэдээллийн байгууллагыг хамарсан 20 орчим сургалт үйл явдлыг зохион байгуулжээ. Ийн шалгарсан 15 сэтгүүлчид тэтгэлэг олгож, сэтгүүлч нар үлгэр жишээ буюу “мэдрэмжтэй мэдээлсэн” бүтээлүүд дээр ажиллаж байна.
“Мэдрэмжтэй мэдээлье”-ийн үр дүнд сэтгүүлч нар нэгдэн, нэгнээ дэмжин хамтран ажиллах бүлэг үүсэж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн хүйсийн асуудал бус хөгжлийн асуудал хэмээн бид том зургаар нь харж байна.
Сэтгүүлч нарт мэдрэмжтэй мэдээлэхэд дараах 2 алдаа түгээмэл тулгарч байна.
1-рт, улс төрийн холбогдолтой нийтлэл нэвтрүүлгийн агуулгадаа хүйсийн тэнцвэртэй байдлыг барихгүй байна. Улс төрийн мэдээ мэдээллийн топ 30 эх сурвалжийн ердөө 3 нь эмэгтэй, 27 нь эрэгтэй эх сурвалж байгаа нь үүний жишээ.
2-рт, сэтгүүлч нар анзааргагүй байдлаасаа болон хүний эрхийн мэдрэмжгүй, нэр хоч өгсөн, гутаан доромжилсон, хийсэн ажлыг нь бус харагдаж буй байдалд нь анхаарсан хэвшмэл байдал гаргаж байна. Үүнээс улбаалан олон нийтэд эмэгтэйчүүд улс төрд ажиллаж чаддаггүй юм байна, эрэгтэй улс төрчид л хийж бүтээж байна гэх дүр зураг буудаг.
Тиймээс цаашид редакцын түвшинд бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, хэвшмэл ойлголтыг халсан, жендэрийн мэдрэмжтэй мэдээлсэн сэтгүүлчийн дадал хандлагатай болох хэрэгтэй юм.
"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн фэйсбүүкт нэгдэх бол ЭНД, инстаграмыг дагах бол ЭНД дарна уу.

2. Gogo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал: Шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш харьцаа нь аз жаргалтай нийгэм бүтээхэд чухал нөлөө үзүүлдэг

Жендэрийн сургалтуудтай харьцуулахад энэ удаагийн сургалт нь улс төрд төвлөрсөн агуулгатайгаараа онцлог, үр дүнтэй байлаа. Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах чадваргүй”, “Үс нь урт, ухаан нь богино" гэсэн хэвшмэл бодлоосоо салах цаг нийтлэлдээ шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш харьцаа нь аз жаргалтай нийгэм бүтээхэд чухал нөлөө үзүүлдгийг онцолсон. Хэвшмэл ойлголт нь “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах чадваргүй”, “Үс нь урт, ухаан нь богино”, “Оргүйгээс охинтой нь дээр”, “Муухан эрээс дээр эмэгтэй” гэх мэт үг хэллэг, эмэгтэй хүн гэр ахуйн ажил хийж, үр хүүхдээ төрүүлж өсгөх, асарч халамжлах л үүрэгтэй гэх мэт ойлголтоор илэрдэг. Эмэгтэйчүүд олон байх ёстой гэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай хэмжээнд байснаар аз жаргалтай нийгэм бүтээх боломжтой юм.

Түүний нийтлэлийг эндээс бүрэн эхээр нь уншаарай
3. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, хөтөлбөрийн ментор Г.Золжаргал: Улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, шийдвэр гаргагч чадварыг нь чухалчлах нь зүй

Цаг үе өөрчлөгдөж буйгаас хамааран шийдвэр гаргах түвшний улс төр эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоонд онцгойлон анхаарах цаг иржээ. Эмэгтэй хүнийг сонгохдоо намууд ихэвчлэн популист талаараа танигдсан эмэгтэйчүүдийг “түлхэх” нь түгээмэл байна. Олонд алдартай, ямар нэгэн үйл явдлаараа танигдсан эмэгтэйчүүдийг гаргаж ирэхдээ тухайн эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, хүндлэгдсэн байдал, байнга нийгмийн амьдралд оролцон бусдыг манлайлсан эсэхийг нь орхигдуулдаг. Миний хувьд АНУ, Франц, Шведийн сайн дурын, хүмүүнлэгийн ажилд бүх насаа зориулсан хүмүүстэй 13,14 жил ажиллах явцдаа тэдний бүхий л амьдралаа ажилдаа зориулж буй шаргуу чанарыг нь ажигласан. "Гоо үзэсгэлэнтэй, олон сайхан дүр бүтээсэн, буяны ажил хийсэн" гэх мэтээр тухайн хүнийг субьектив байдлаар нь буюу өөртөө л оноо нэмсэн байдлаар нь харахаас биш улс төр, нийгмийн амьдралд ханцуй шамлан оролцсон эсэхийг нь чухалчлахгүй байна.
Эмэгтэй хүний мэдрэмж, оролцоо огт өөр. Нялх нярай хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэх мэт нийгмийн эмзэг асуудлуудад эмэгтэй хүн мэдрэмжтэй хандаж чаддаг. Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй, бүрэг, дуугай, ичимхий ямар ч байж болох ч улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, тэмцэгч, шийдвэр гаргагч чадварыг нь чухалчлах нь зүй. Тиймээс ч “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөр хэвлэл мэдээллийнхнийг мэдрэмжтэй хандахыг уриалах зорилготой юм.
4. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга: Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь зөвхөн хүйсийг тодотгосон бус тэгш эрхийн ойлголт юм

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь зөвхөн хүйсийг тодотгосон бус тэгш эрхийн ойлголт юм. Дэлхий нийт, ялангуяа Азийн орнуудтай харьцуулахад манай улсад энэ оролцоо маш дутмаг байна. Дэлхийн дундаж 25 хувьтай байхад манай улсад 16 хувьтай. Ялангуяа ковидын үед эмэгтэй удирдагчтай улс орнууд эрэгтэй удирдагчтай улс орнуудаас хэд дахин зөв менежменттэй, хохирол багатай даван туулсан. Би хөтөлбөрийн хүрээнд хямралын үеийн эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт төвлөрөн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлтэй ярилцаж, “Антикорона багийн 11 эмэгтэй” нэрт бүтээлийг олон нийтэд хүргээд байна.
Олон улсад үнэхээр эмэгтэй удирдагчтай улс орон амжилттай ажилласан юм бол манай улсад ямар байсан талаар судалсан нь энэ. Эхний нэг жил дотооддоо халдвар алдаагүй нь ч эмэгтэй удирдагчтай байсантай холбоотой.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.