UBLife Logo
Ok to be different

Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголттой тэмцэх 7 АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголттой тэмцэх 7 АРГА

Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

"Эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суух ёстой", "Эмэгтэйлэг эмэгтэйчүүд л үзэсгэлэнтэй", "Эмэгтэй ажилтан албан байгууллагын "нэргүй" цэвэрлэгч, үйлчлэгч байдаг" гэх мэт хэвшмэл ойлголт хуучирч, шинэ цагийн залуус "хэвшмэлээр" бус мэдрэмжтэйгээр нэгэндээ болон нийгэмдээ хандан, хүндэтгэх болжээ. Та ч бас эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудтай хэрхэн тэмцэх арга замыг эрэлхийлж байвал дараах нийтлэлийг уншаарай. Бид хамтдаа өөрчилж, бүтээж, хэвшмэл ойлголтыг халж чадах билээ. 

#1 Хүйсээр нь тодотгосон "муухай" үгсээс зайлсхийх

"Муухан эрээс дээр", "Эмэгтэй юм байж...", "Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг байх ёстой", "Эмэгтэй захирал/ ажилтан байх хэцүү байх даа", "Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино" гэх мэт хүйсээр нь тодотгосон магтаал ч биш, шүүмжлэл ч биш явцуухан үгсээс татгалзаарай. 

#2 Ажил мэргэжил, хувь хүний сонирхол, хүүхдийн тоглоом... Юуг ч хүйсээр ангилахгүй байх

"Эмэгтэй хүүхэд машинаар тоглох муухай", "Охин юм чинь хөөрхөн ягаан өнгийн хувцас өмсүүлье", "Эмэгтэй хүн цэрэг цагдаа, механикч, инженер, гагнуурчин, барилгачин гэх мэт эрэгтэй хүний ажил хийх нь зохимжгүй" гэх мэт хүйсээр нь ангилж ялгасан хэвшмэл ойлголтоос татгалзаарай. Ажил мэргэжил, хобби сонирхол, бүр хүүхдийн тоглоомонд ч "охидын", "хөвгүүдийн" гэх пайз зүүх шаардлагагүй. 

#3 Хүйс, хувцаслалтад нь бус хувь хүнд нь ач холбогдол өгөх

Эмэгтэйчүүдийг хувь хүн талаас нь бүрэн сайн таниагүй байж гадаад үзэмж, эмэгтэйлэг байдал, өнгө төрхөөс нь дүгнэхээс зайлсхийгээрэй. Эмэгтэй улстөрчдийг хийж буй ажлаар нь бус өмссөн хувцас, гадаад үзэмжээр нь дүгнэн, нэр тодотгол өгөх хэвшмэл ойлголт түгээмэл бий... Мөн "Эмэгтэй хүн өндөр өсгийт, бариу хувцас өмсөж байж гоё харагддаг" гэх ойлголт ч хуучирчээ. 

#4 Хэвшмэл ойлголт бүхий хүүхэлдэйн кино, ном зохиол, мэдээллийг хүүхдэдээ тайлбарлаж өгөх

Баатарлаг эрс гүнжийг авран, амар сайхандаа жаргадаг үлгэрүүд бишгүй л бий. Гэлээ гээд бүгдийг нь хүүхдээсээ нууж хаах нь утгагүй. Харин гүнж бүр адилгүй, зарим нь баатарлаг, зарим нь эрх танхил, зарим нь адал явдалд дуртай байдаг гэхчлэн хэвшмэл ойлголт, ялгаатай байдлын талаар хүүхдэдээ энгийнээр ярьж тайлбарлан өгч байгаарай. 

#5 "Эмэгтэй" болохоор нь л дутуу үнэлэхгүй байх, эсвэл илүү эрх олгохгүй байх

Хүйсээр нь хамааран эмэгтэйчүүдийг дутуу үнэлэх болон илүү эрх ямба олгохын аль алинаас  татгалзаарай. Ялангуяа ажлын байран дээр эмэгтэй ажилтнуудад чухал үүрэг даалгавар оноохоос зайлсхийх, ижил үүрэгтэй эрэгтэй ажилтнаас доогуур цалин өгөх зэрэг хэвшмэл ойлголтуудтай тэмцэцгээе. Жендэрийн тэгш байдал нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байж, хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэх тэгш боломжоор хангагдсан байдал юм шүү.

#6 Охид хөвгүүдээ ижилхэн хайрлах, ижилхэн үүрэг даалгавар өгөх

Охид хөвгүүддээ нэгэн ижил түвшинд хандах нь хэвшмэл ойлголтын эсрэг таны хийж чадах хамгийн энгийн алхам юм. Охид л гэрээ цэвэрлэж, дүү нараа харж хандах ёстой мэт хандах тусам тэдний дундах хүйсийн ялгаа нэмэгдсээр байх болно. Гэрийн ажилд хүйс байхгүй шүү дээ. Хэн хэнд нь ижилхэн хандах нь гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөөтэйг санаарай. 

#7 Эцэст нь, өөрийн дуу хоолойг чангаар илэрхийлдэг байгаарай

Хэвшмэл ойлголттой тэмцэхийн тулд та чанга дуугарч, үзэл бодлоо хэлж, эргэн тойрон дахь хэвшмэл ойлголттой хүмүүст хэлж ойлгуулж чаддаг нэгэн байх хэрэгтэй. Хэвшмэл ойлголтыг халж, тэмцэх нь зөвхөн эмэгтэйчүүдэд ч бус эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гээд нийгмийн бүрэлдэхүүн хэн бүхэнд үр ашгаа өгдөг юм шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.