Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь цэцэг өгөхөөс илүү үнэ цэнтэй

Эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийнх биш


“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдэл нь сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой билээ. Бид өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлан шалгарсан 15 сэтгүүлчид танилцуулсан санаагаа хөгжүүлж, бүтээл гаргах боломжоор хангасан. Тус тэтгэлэгт хөтөлбөрөөс шалгарсан сэтгүүлчдийн бүтээлийг Ub.life сайт цувралаар хүргэж буй.

Энэ удаа ”Medius” ХХК-ийн сэтгүүлч Т.Намуунболорын нийтлэлийг хүргэж байна. 


Жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь үхэшгүй мөнхийн цэцэг тарьж буйтай адил...

“Эзэгтэй таны гэрийн ажлын супер туслагч” гэсэн томоос том бичигтэй, нар салхинд хэдэн сар болсон нь үл мэдэгдэх халтартсан сурталчилгааны самбарыг үзэн ядах зуур өчигдөрхөн “Эмэгтэй хүн байж намбатай байгаач” гэсэн өөр нэгний үг гол зурж байв... Байз, утсанд минь мэдэгдэл ирж байна. “Охид минь гэдэс арилгаж, гэрийн ажил сайн хийж сурсныхаа дараа л айлын эхнэр болно гэж ярь” гэх нэгэн залуугийн постыг 18-хан настай охин дүү минь хуваалцсан байх юм. Угаалгын нунтаг зөвхөн эмэгтэйчүүдэд л тусалдаг юм бол эрчүүд хэзээ ч хувцсаа угаах шаардлагагүй юм биш үү? Эмэгтэйчүүд бид гэр цэвэрлэж, гэдэс арилгахын төлөө л энэ ертөнц дээр оршдог гэж үү? Бухимдаж ч амжаагүй байтал залгуулаад “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртдаа цэцэг бэлэглээрэй” тэргүүтэй хэдэн арван сурталчилгаа нүдний өмнө эрээлжлэх нь тэр.

Жилийн 364 өдрийн турш санаатай, санаагүй байдлаар эрхийг нь зөрчдөг боловч яруу алдарт тэрхүү өдрөөр янаг халуун үгсээр булж, янз янзын бэлэг сэлтээр торддог нь заримдаа утгагүй санагддаг юм. Жендэрийн мэдрэмжгүй сурталчилгаа самбараас буухын адил эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтууд нийгмийн оюун санааны индрээс бууна гэдэгт итгэж амьдрахыг хүсэвч тэрхүү цагийг бүтээхэд олон хүчин зүйл шаардлагатай нь доорх графикаас харагдана.

Дээр дурдагдаж буй тэгш бус байдлуудаас гадна охид эмэгтэйчүүд олон төрлийн хэвшмэл хандлагатай нүүр тулдаг байна.

Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг бууруулахад эрэгтэйчүүд ямар үүрэгтэй вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хүүхдийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэхэд аавуудын оролцоо хамгийн чухал

Хүүхэд асран хүмүүжүүлэх ажил зөвхөн ээжүүдийн үүрэг биш. Аав нар хүүхэд хүмүүжүүлэх үүрэг зөвхөн эмэгтэйчүүдэд ногддог гэх хэвшмэл хандлагаасаа салж, үр хүүхдээ жендэрийн мэдрэмжтэй болгож хүмүүжүүлэхэд маш чухал үүрэгтэй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд хүйс үл ялгаварлан эцэг, эхийн хэн хэн нь ажлаасаа чөлөө авах, гэр бүлдээ цаг зарцуулах боломжийг тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх тухай ярих бус бодитоор хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх шаардлагатай

Эмэгтэйчүүдийн оролцоог онцлон ярихаас илүүтэй тэдний төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч, дараагийн шатны хөтөлбөрүүдийг бодлогоор дэмжих ёстой. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн төлөөлөл байнга өндөр хувьтай байж ирснээс үүдэн хүйсийн ялгаатай байдлын талаарх ойлголт мэдлэг илт дутуу байдаг. Тиймээс эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт хандлага, мэдлэгийг өөрчлөхөөс энэ ажил эхэлнэ.

Ард Лайф ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Амарболд: Эрэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагаа нэмэгдүүлж, хамтын хариуцлага хүлээх хэрэгтэй

Өнөө цагт эмэгтэй хүн хүүхдээ хардаг, гэртээ үлддэг гэсэн ойлголтууд үеэ өнгөрөөж, хамтын хариуцлагыг ухамсарлах шаардлагатай болсон. Хөлсгүй хөдөлмөр буюу гэр орны ажил, хүүхэд асрах зэрэгт ижил тэнцүү хариуцлага хүлээх нь эрэгтэйчүүдийн хамтын үүрэг болсон гэж хэлж болно. Зөвхөн гэр бүлийн хүрээнд төдийгүй бизнесийн үйл ажиллагаандаа ч жендэрийн мэдрэмжтэй бодлогыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Маяара брэндийн үүсгэн байгуулагч, захирал Э.Азжаргал: Ажил хэргийн харилцаанд хүйс үл хамааран хүндэтгэлтэй хандах ёстой

Бизнесийн талбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг зарим эрэгтэйчүүд эсрэг хүйстэн гэсэн байр сууринаас харж, өөрсдөө ч анзаарахгүйгээр таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Улмаар ажлын байран дээр эрэгтэйлэг шинж байдал үзүүлэх, амжилтад хүрэхийн тулд өөрөөсөө өөр хүн мэт дүрд хувирах шаардлагатай болдог. Хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг физиологи, соёлын зарим шинжээрээ ялгаатай боловч ажлын хэргийн харилцаанд хүйс ямар байх нь огт хамаагүй учраас эрэгтэйчүүдийн зүгээс хүндэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг: Аливаа ажил хөдөлмөрийг эмэгтэй хүнийх гэж хязгаарлахгүй байх нь чухал

Эмэгтэй, эрэгтэйгээсээ үл хамааран нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх нь хэвшмэл ойлголтыг бууруулахад хувь нэмэр оруулж буй хэлбэр гэж боддог. Нөхөр бид хоёрын хувьд гэр орны ажлаа хэн боломжтой нь л хийж, бие биеэ дэмждэг. Аливаа ажил хөдөлмөрийг зөвхөн эмэгтэй хүнийх гэж хязгаарлахгүйгээр харилцан бие биедээ туслах нь жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад хамгийн чухал.

3x3 үндэсний шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням: Аав нар хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй

Ээж маань аав, дүү би гэсэн гурван эр хүний дунд амьдардаг байсан учраас дүү бид хоёр үнээ саахаас эхлээд, тараг бүрэх, хоол хийх, хог асгах гээд бүх л ажилд гэрт гадаагүй тусалдаг байлаа. Ажил хөдөлмөрт суралцаагүй хүн л ийм ажлыг “эрэгтэй хүн хийх ёсгүй” гэх мэтээр хойш суудаг болов уу. Тиймээс хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, аливаа ажил хөдөлмөрт хүйс үл хамааран сургах хэрэгтэй.

Кино нийтлэлч А. Мөнгөн: Эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, сайн талыг илэрхийлсэн дүрүүд нэмэгдээсэй

Монгол кино, тайзны бүтээл, сошиал контентуудад эмэгтэй хүнийг өөрийгөө өмгөөлж хамгаалах чадамжгүй, эрэгтэй хүнгүй бол амьдрал нь сүйрэх гэж буй мэтээр дүрслэх нь элбэг. Гэтэл бодит амьдрал дээр олон төрлийн авьяастай, мэдлэг чадвартай, эрэгтэй хүнтэй жишигдэх нь бүү хэл тэдэнд үлгэр дуурайл болсон хүчирхэг эмэгтэйчүүд олон. Тиймээс үнэ цэнийг нь зөвхөн гаднах төрхөөр нь тодорхойлдог, нэг хэв шинжид баригдсан дүрүүдээс татгалзах нь эмэгтэйчүүдийн талаар хэвшмэл ойлголт хандлагыг бууруулахад ач холбогдолтой байх болов уу.

Найруулагч, жүжигчин М.Аззаяа: Эрэгтэй уран бүтээлчид жендэрийн талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлэх нь зөв

Анх энэ салбарт хөл тавьж байхад эмэгтэй уран бүтээлчдийг дутуу үнэлэх, удирдах албанд байх ёсгүй гэж үзэх хандлагууд мэдрэгддэг байсан. Тухайн салбарт аль нэг хүйсийн хүн давамгайлсан эсэхээс үл хамааран ажил мэргэжилд хүйс гэж байдаггүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэвшмэл хандлагыг бууруулахад эрэгтэй уран бүтээлчид жендэрийн мэдрэмжээ дээшлүүлж, уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөх нь чухал гэж боддог.

Энэхүү нийтлэл нь гуравдугаар сарын 8-ны өдөр Presscenter сайтад нийтлэгдсэн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.