UBLife Logo
Мэдрэмжтэй мэдээлье

Эмэгтэйчүүд улс төрд ороход гэр бүлийн дэмжлэг чухал нөлөөтэй

Ub.life
Ub.life
Эмэгтэйчүүд улс төрд ороход гэр бүлийн дэмжлэг чухал нөлөөтэй

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдэл нь сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой билээ. Бид өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлан шалгарсан 15 сэтгүүлчид танилцуулсан санаагаа хөгжүүлж, бүтээл гаргах боломжоор хангасан. Тус тэтгэлэгт хөтөлбөрөөс шалгарсан сэтгүүлчдийн бүтээлийг Ub.life сайт цувралаар хүргэж буй.

Энэ удаа ”Монголын Үнэн” сонины сэтгүүлч Г.Нямсүрэнгийн нийтлэлийг хүргэж байна. 


XX зуун бол социалист үзэл санаа дэлхий даяар түгэж, эмэгтэйчүүд “дайвар хүйстэн” биш төрийн албанд эрчүүдээс дутахгүй гэдгээ баталсан үе байлаа. 1960 онд Шри Ланкийн сонгуульд намаа ялуулж Ерөнхий сайдаар томилогдсон Сиримаво Бандаранаикегаас хойш олон улсад 76 эмэгтэй төр, засгаа тохинуулжээ. Өдгөө ардчиллын өлгий АНУ-ын Дэд Ерөнхийлөгч, Шинэ Зеланд, Финланд гээд барууны ертөнцөд залуухан бүсгүйчүүд Засгийн газраа тэргүүлж байна.  Манай улс төрийн халуун тогоонд ч карьераа амжилтай эхлүүлсэн  бүсгүйчүүд олон. Угаас монголчууд эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрх, улс төрийн оролцоог өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудаас түрүүлж хуулиар баталгаажуулсан байдаг. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл “Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах  түвшин дэх оролцоог тоон үзүүлэлтүүдээр харах юм бол маш хангалтгүй байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтууд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө авсан амлалтаа бид хангалттай биелүүлж чадахгүй байна. Одоогоор 17 хувь гэдэг бол дэлхийн болон Азийн дунджаас доогуур үзүүлэлт. Орон нутгийн түвшинд ИТХ-уудад ч эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна” гэв. “Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгааны тайланд Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл тун хангалтгүй байна. Тухайлбал, аймаг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын таван  төлөөлөгч тутмын дөрөв нь эрэгтэй байна. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл аймгуудын ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөс 2-3 дахин зөрүүтэй байна.

Монгол Улсын Ардчилсан сонгуулийн түүхэнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга  тэр ч байтугай аймгийн Засаг даргаар эмэгтэйчүүдийг сонгосон удаагүй. Шинэ Үндсэн хуульдаа “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй оролцоно” хэмээн тунхаглаад 30 жилийг үджээ. Өрх гэр, улс орныхоо төлөө амьдарч, хөдөлмөрлөдөг бүсгүйчүүдийн дуу хоолой болсон улстөрч цөөн байгаа нь харамсалтай.

30 нас хүрэхээсээ өмнө гурван ном бичжээ

Хатуу хэлэхэд манай жишигт бараан  ч гэж хэлж болох улс төрд хүчтэй, тууштай, байр суурьтай, зөв өнцөгтэй л байхгүй бол эмэгтэйчүүдэд оногдох зай талбай хомс. Хүн амынх нь талаас илүү тодруулбал, 50.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг атал УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэйчүүдийн тоог харахад чамламаар. Нэр дэвшигчдийн 25, тангараг өргөсөн УИХ-ын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүдийн төлөөлөл эзэлж байна. Олон улсад доогуур гэж хэлж болох энэ үзүүлэлтээрээ манай улс 187 орноос 129 дүгээрт жагссан билээ. Чамлахаар чанга атга гэдэг. Одоо үйл ажиллагаа явуулж буй парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэдгийг тодотгох хэрэгтэй. 

Зөвхөн УИХ гэлтгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн дунд ч хүйсийн тэнцвэргүй байдал үргэлжилсээр. ИТХ-ын дарга нарын 80-90, төлөөлөгчдийн 71-84 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлдэг. Гэхдээ залуус цаг үеэ бүтээдгийн жишгээр үлгэр дуурайл авмаар, үг үйлдлийг нь дэмжмээр шинэ үеийн төлөөллүүд гарч ирж байна. Тэдний нэг Үнэнбатын Оюунзултай уулзсан юм. 

Тэрбээр оюутны, залуучуудын, эмэгтэйчүүдийн, сургалтын гээд 100 жилийн түүхтэй, улс төрийн ууган намын шат шатны түвшинд бүтээлч ажиллажээ. Найзууд нь түүнийг “Одоо ахмадын холбоонд ажиллах л үлдлээ” гэж цаашлуулдаг тухай наргиа болгосон юм.

Монголчууд залуу, эмэгтэй хүнийг “Туршлагагүй, мэдлэггүй” гэж ташаа үнэлдэг. Хүнийг найзаар нь таньдаг. Түүнтэй олон жил нөхөрлөж яваа Д.Ядамжав “Ү.Оюунзул миний багын найз. Нийгмийн идэвхтэй, аливаа зүйлд тууштай, хичээл зүтгэлтэй зан нь одоо ч хэвээр. МУИС-д сурч байхдаа “Оюутны хөдөлмөр зуучлал”-ын төвийг санаачлан байгуулж, 600 гаруй оюутныг цагийн ажилд зуучилсан. Үеийнхнээ уриалан дуудаж, өөрийгөө хөгжүүлж ирсэн манлайлагч найзаараа бахархдаг. Нийгмээ мэдэрч, шийдлээ эрэлхийлдэг зангаараа МАН-д оюутан байхдаа элссэн. Ажлыг хойш тавилгүй, цаг хугацаатай уралдаж гүйцэтгэдэг. Улстөрчдийг тодорхойлдог олон сайн чадвар миний найзад бий. Товчхон тодорхойлоход дайчин, тууштай эмэгтэй” хэмээсэн юм. 

Нийтлэлийнхээ баатартай ярилцахад улс төрд төдийгүй хүнийхээ хувьд эерэг эмэгтэй байлаа. Оюутны зөвлөлийн идэвхтэй гишүүн байхдаа 2005 онд Ардчилсан социалист оюутны холбоо одоогийн НАМОХ-д элсэж, намын амьдралтай холбогджээ. Төр, иргэний холбоос намын гишүүн болоод арав гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд Монголд хэвшүүлэх гэж ярьж, бичиж, мөрөөдөж байгаа мерит зарчмаар ажилласан байна. Оюутны, залуучуудын, эмэгтэйчүүдийн, сургалтын гээд 100 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын шат шатны түвшинд бүтээлч ажиллажээ. Найзууд нь түүнийг “Одоо ахмадын холбоонд ажиллах л үлдлээ” гэж цаашлуулдаг тухай наргиа болгосон юм. Хөндлөнгийн хүний нүдээр бол карьер нь тасралтгүй дэвшсэн Оюунзул эх орноо дөрвөн удаа тойрч, аймаг сумын эмэгтэйчүүд, сурагч охидод хувь хүний хөгжил, манлайллын сургалт зохион байгуулжээ. 

30 наснаасаа урьтан “Долоон гарагийн тэмдэглэл”, “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” номоо хэвлүүлсэн. Дэлхий ээжээ хайрлах, байгальтай зүй зохистой харьцах, хүүхэд залуусын экологийн боловсролд зориулсан ном бичих хүсэлтэйгээ нуугаагүй юм.

Ү.Оюунзул: Гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал байсан

Нягтлан бодогч мэргэжилтэй аав нь “Охиндоо мэргэжлээ өвлүүлнэ. Даруухан хүн чамбай нягтлан болно” гэж боддог байв. Оюунзул аавынхаа төсөөлснөөс огт өөр шийдвэр гаргаж улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжил сонгожээ. Тэрбээр 2004 онд Үндэсний аварга шалгаруулах, илтгэлийн тэмцээний “Шилдэг илтгэгч”-ээр шалгарч, аавынхаа бодлыг урвуулж чадсан аж. Тэр эцэг эхийнхээ итгэлийг алдаагүй. 2009 онд “Монгол Улсын шилдэг оюутан” болж аав, ээжийгээ баярлуулжээ. Зорьсондоо, хэлсэндээ хүрдэг охиноо орон нутгийн сонгуульд нэр дэвших тухайгаа дуулгахад тэд дэмжиж, итгэл найдвар хүлээлгэсэн байна. 

Ү.Оюунзул “Сонгуульд нэр дэвших шийдвэр гаргахад гэр бүл чухал нөлөө үзүүлсэн. Аав, ээж минь намайг дэмжээгүй бол нэр дэвшихгүй байлаа” гэв. Гэр бүлийн дэмжлэг улстөрч эмэгтэйчүүдийн түших багана болдог. “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаанд эмэгтэй улстөрчөөс үл хамааран тэдэнд ар гэрийн татлаа сул тал болдгийг онцолжээ. 

Эмэгтэйчүүд улс төрчдийн хувьд амжилт үзүүлэхэд хөрөнгө санхүү, боловсрол, туршлага, гэр бүл, танилын хүрээ, сүлжээ, олон нийтэд танигдсан байдал, ур чадвар, тууштай байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэжээ.

Манай улсын хувьд залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар түвшинд байгаа мөн тэдэнд тулгамддаг асуудал, бэрхшээл юу байгааг судлах зорилгоор хийсэн “Улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлүүд” судалгааны тайланд улс төрчдийн амжилтад хувь хүний дараах хүчин зүйлс голлох нөлөөтэй байна. Үүнд хөрөнгө санхүү, боловсрол, туршлага, гэр бүл, танилын хүрээ, сүлжээ, олон нийтэд танигдсан байдал, ур чадвар, тууштай байдлыг жишээ татдаг. 

Улс төр судлаач мэргэжилтэй тэрбээр “Улс төрд оролцож байгаа л бол шидэж буй чулуунд оногдохгүй, оногдсон ч дахин босож ирэх сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Миний хувьд бага залуу наснаасаа намд орж, улс төрд хүч үзэж буй залуучуудаас суралцаж ирсэн туршлага бий. Улстөрч болохоор шийдвэл өөрийгөө сайтар бэлтгэх хэрэгтэй. Туршлагаас гадна сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх хэрэгтэй. Би сонгуульд нэр дэвшихээсээ өмнө улстөрч гэж дуудуулахаасаа ичдэг байлаа. Сонгуульд нэр дэвшээгүй хүн спортоор бол дэвжээнд гарч үзээгүй тамирчинтай адилхан” хэмээсэн юм. Ү.Оюунзул улс төрд өөрийгөө бүх талаар бэлтгэн эцэст нь 2020 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Гараа сайн бол бариа сайн. Тойргийнхоо бүх хэсгийн хороонд ялалт байгуулж, улстөрч гэж дуудуулах эрхээ авчээ. Энэ бол сайны дохио. 30 хэдхэн настай эмэгтэйг төлөөлөгчөөрөө сонгоно гэдэг улс төрд эмэгтэйчүүдийн орон зай үгүйлэгдэж буйг харуулж байна.

“Эмэгтэйчүүд бие биеэ дэмждэггүй” гэдэг нь худал

Эмэгтэйчүүд улс төрд хөтлөлцөн орж, хамтын хүчээр амжилт гаргаж чадна. НИТХ-ын сонгуулийн үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Т.Ганди “Ү.Оюунзулын шударга, дайчин чанарыг нь би үнэлдэг” хэмээн дэмжсэн нь сонгогчдын итгэлийг олоход сайнаар нөлөөлжээ. Тууштай зан бусдад итгэл төрүүлж, өөрт амжилт дагуулдаг. 

Ү.Оюунзул НИТХ-ын найман эмэгтэй төлөөлөгчийн хамгийн залуу нь. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны зохицуулагчийн сонгуульт албатай. Ү.Оюунзул одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байна. Тус хүрээлэнгийн Хөгжил, төлөвлөлтийн албаны дарга Г.Уянга “Ер нь ажилчдаа олон талаас нь хөгжүүлэхэд анхаардаг. Манай хамт олон дунд дотогшоогоо хаалттай нэгнийг илтгэгч болгон хөгжүүлж чадаж байна. Их дайчин, аливаа ажлыг маш хурдтай чанар сайтай гүйцэтгэдэг. Үүнийхээ адилаар биднээс хурдтай ажиллахыг хүсдэг. Ер нь аливаа ажлыг гүйцэтгэхдээ сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Сэтгэлтэй хүний ажил бүтдэг гэж байнга хэлж захидаг” хэмээсэн юм. 

Ү.Оюунзул НИТХ-ын найман эмэгтэй төлөөлөгчийн хамгийн залуу нь. Тэр "Би сонгуульд нэр дэвшихээсээ өмнө улстөрч гэж дуудуулахаасаа ичдэг байлаа. Сонгуульд нэр дэвшээгүй хүн спортоор бол дэвжээнд гарч үзээгүй тамирчинтай адилхан” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье” гэхэд эрчүүд надаас “Тэр ажиллах эмэгтэйчүүд чинь хаана байна” гэж асуудаг тухай ярьсан. “Эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвш гэхээр зоригтойгоор шийдвэр гаргаж чаддагүй. Би чадахгүй гэж хойш суудаг. Бид энэ байдлаараа амьдарч буй нийгмээ өөрчилж чадахгүй” хэмээн шантардаг жишээг Оюунзул дурдсан. Түүн шиг чадварлаг бүсгүйчүүд зориг гарган улс төрд орох шийдвэрээ гаргаж, нийгмээ өөрчлөхөд өөрсдийн хүч, оюун ухаанаа зориулахыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.