Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Эрүүл саруул шинэ үе эрх баригчдад Үндсэн хуулийн хичээл заалаа


Залуус төв талбайд хоёр өдөр цуглалаа. Худал, хулгайд гүн идэгдсэн Монгол орноос зугтахыг, гадаадад очиж боолын хөдөлмөр эрхлэхийг тэд хүсэхгүй байна. Хүүхдээ тэврээд ирсэн залуухан эцэг эхчүүд тайван жагсаалын утга учир, бэлгэ тэмдэг байлаа. 

Нам бус, элдэв холбооны сэтэр зүүлтгүй энгийн иргэд хүлцэнгүй ноомой байж тэссэнгүй. Тэгэх шалтгаан зөндөө байна. Үнийн өсөлт, шударга бус явдалд сөхөрсөн эцэг эх, гэр бүл, ерөөс цаг үеэ тэд өмгөөлөн, өнөөдрийн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл нь биежих учиртай ирээдүйнхээ төлөө гэрээсээ гараад энд ирцгээсэн. Нэг л өглөө гэнэтхэн ийм зүйл болоогүй. Энд дэлхийгээр тарсан ковид, Орос-Украины дайн огтхон ч хамаагүй. Бидэнд зөвхөн бидэнд хамаатай өөрийн ужиг асуудал байдаг. Энэ бол ердөө л шударга ёс. 

32 жил өөд уруугүй, зогсоо зайгүй, хайр энэрэлгүй улс орноо тоносон үе үеийн улстөрчдийн эсрэг залуучууд босож байгаа юм. Амьдрах нөхцөлгүй болтлоо хэдэн үеэрээ хууртаж, ашиглах боломжгүй болтлоо залуу насаа хулгайлуулсан гурван сая монголын хоёр саяыг нь гуйлгачин болгосонд л уурлан эсэргүүцээд байгаа юм. Ямар ч ковид, дайн цөлмөж дийлэхээргүй асар их баялаг хэдхэн улстөрч, прокурор, тагнуул-нүүрсчдэд ногддогийг одоо залуус мэддэг болжээ. Үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн нь өр зээлэнд дарагдаад, хоол хүнсээ авч хүчрэхгүй байхад хулгай хийж, худлаа ярьж, бөгс долоосон, бусдын боломжийг завшигчид амар жимэр амьдардаг бусармаг явдалд залуус дургүйцээд байгаа юм. Ийм хөгийн нийгмийг үр хүүхдэдээ үлдээхийг жигшин зэвүүцээд байгаа юм. 

Залуус талбай дүүрэн цугласан ч үймээн, хөөрөлд автсангүй. Хонжоо хайгсдад жолоогоо өгсөнгүй, итгэл үнэмшлээ булаалгасангүй. Эрүүл саруул шинэ үеийн эв нэгдэл, тууштай байдал эрх баригчдад Үндсэн хуулийн хичээл заалаа. Энэ удаагийн жагсаал улс төрчдөд сонгогч гэж хэн байдгийг, ямар эрх үүрэгтэйг ойлгуулсан парламентын боловсрол олголоо. Шударга ёсны уриа цуурайтуулж, эв нэгдлийг сахин Засгийн газраас шаардсаныхаа хариуд Ерөнхий сайдаас амлалт сонсож чадлаа. Иргэдээс Ерөнхий сайдад уламжилсныг УИХ одоо яаралтай хуульчилж, хямралын шалтгааныг арилгах алхмуудад шуудрах үлдлээ. 

Үе болгонд шударга нийгэмд аз жаргалтай байхыг хүсэгч залуу үе амьдарсан. Одоо л... гэх хүлээлттэй сонгуулиуд, шударга хүн гэж байдаг бол энэ л... гэж итгүүлсэн улс төрийн лидерүүд 30, 20, 10 жил өнгөрөхөд залуусын найдварыг унтрааж, ямагт төлөө нь байсаар ирсэн хөгжил дэвшил гэдэг зүйл цаг хугацаанд алдуурсан. Гэхдээ цаг хугацаа хүчтэй юм. Цагийн хүрд эргэх бүрт Монголын залуу үе улам ихээр өндийн цөлхжиж өнөөдрийн тэмцэлд нэгдсэн юм шүү. Үүнээс хойш итгэх хэмжүүр, тэвчих хүлээс гэж байхгүй болсон нь энэ цаг ажээ.  

Улаанбаатарын үе үеийн залуусын жаргал зовлонг хуваалцаж, өнөөдөрт дамжин ирсэн хит дуунуудыг жагсагчид төв талбайд гитартай дуулж байлаа. Гитарын аялгуунд хайр дурлал, итгэл сэтгэл, эх орон эгшиглэж, залуусын гэгээнд Улаанбаатарын үдэш намуухан.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2022.05.13
Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй
2
2022.05.11
Өнөөдрийн зурвас: Инээдэм, ханиадам
3
2022.05.05
Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан
санал болгох
1
11 цагийн өмнө
Анхны ажил | Ажиллах компаниа сонгохдоо заавал харгалзаж үзэх ЗУРГААН зүйл
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ташуур, халуун ус, Хаан банк, Жонни Депп
3
3 өдрийн өмнө
Өнөөдрөөс эхэлж буй НОМЫН БАЯРААР номууд хэрхэн хямдрах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.