Монголын хөлбөмбөгийн холбооноос “Найман жил найман зорилго” урт хугацааны стратеги хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” цогц төслийг боловсруулжээ. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, ивээлдээ авсан бөгөөд төслийн нээлтийн өдөрлөгийг энэ сарын 8-18-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа аж.
Нээлтийн өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөлбөмбөгийн тэмцээн, бүх оддын хөлбөмбөгийн тоглолт, хөлбөмбөгийн хэрэгсэл материалын экспо, танилцуулга, гишүүн холбоод, байгууллагуудын танилцуулга тайлан зэрэг үйл ажиллагаа явагдах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэйгээр зохион байгуулагдана. МХБХ-ноос бүх оддын хөлбөмбөгийн тоглолтыг үүнээс өмнө гурван ч удаа амжилттай зохион байгуулж урлаг, спортын оддыг хөлбөмбөгийн ногоон талбайд цуглуулсан билээ.

"Нийтийн хөлбөмбөг" төслийн үйл ажиллагаанууд үүгээр дуусахгүй бөгөөд цаашид 21 аймгийг стандарт хөлбөмбөгийн талбайтай болгох, дунд сургуулийн арга зүйч нарт мэргэжлийн сургалт зохион байгуулах, тэмцээн уралдааныг нь зохион байгуулах, аймаг сумд болон дүүргүүдийн сургуулиудад 2100 бөмбөг хуваарилах гэх мэт томоохон ажлуудыг хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа ажээ.