UBLife Logo
Өнөөдрийн зурвас

Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан

Өнөөдрийн зурвас: Зүлгэн дээр суух юмсан

Зүлгэн дээр гишгэдэг хүнийг хээр бэлчиж яваа малтай зүйрлэн зүхэцгээдэг байлаа. Зам дагуу зурвас хайсан хашаатай мод зүлгээ хүний хөлөөс хамгаалан “Зүлгэн дээр бүү гишгэ” гэсэн пайз тавьдаг байлаа. Гэвч хотын хүмүүс өнөө зүлгэн дээр нь алхмаар, тэрийн хэвтмээр том хүрээлэнгүүдтэй болмоор байна. Байгаль хамгаалах ухамсарт эргэлт иржээ. Өмнө нь хүн зүлэгний төлөө байсан бол өнөөдөр зүлэг хүний төлөө болж байна.    

Хээр амьдрахгүйгээс хойш хүнд олон эд хэрэгтэй. Орон гэрээс эхлээд хөл дүүжлэх унаа, хөлний иллэг хийлгэх газар, бүр хөл бөмбөгийн талбай хүртэл бидний хэрэглээ төрөлжин нарийсчээ. Хоёр хоногийн өмнө Сүхбаатарын талбайд хуванцар ширдэг дэвсэхэд бидэнд онц хэрэгтэй ч огт байдаггүй нэгэн зүйлийг бултаараа ойлгов. Хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах газарт ширдэг дэвсэж дуусаагүй байтал хүмүүс аль хэдийн гутлаа тайлсан юм. Улаанбаатар аз жаргалтай хот болохгүй, амьдралын чанар сайжирч өгөхгүй байсны учир ингэж тайлагдлаа. Тарьж ургуулсан зүлэг ч биш, ногоон будагтай хуванцар бидэнд амьдралын чанарыг мэдрүүллээ шүү дээ. Бид цементэн дунд амьдарч, ногоон байгууламжаар гачигдаж байснаа сая хүлээн зөвшөөрч өөрсдийгөө өрөвдөв. 

Олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хот суурин газар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 24 ам метр байх учиртай. Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуульд хот суурингийн газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой хэмээн хуульчилсан байдаг ч энэ үзүүлэлт 4-6 ам метр орчмоос хэтрэхгүй байна гэсэн дүн бий. Дэлхийн томоохон 34 хотыг олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээгээр эрэмбэлснээс үзвэл, Европод Польшийн нийслэл Варшав 17 хувь, Их Британийн нийслэл Лондон 33 хувь, Италийн Ром 34.8 хувь, Испанийн Мадрид 35 хувь, Шведийн Стокгольм 40 хувь, Азид Хонконг 40 хувь, Шэнжень 45 хувь, Сингапур 47 хувь гэсэн дүн гарчээ. Эдгээрээс Азийн хотуудын газар нутгийн хэмжээг хүн амтай нь харьцуулахад хязгаарлагдмал боловч ухаалаг төлөвлөлтийн үр дүнд олон нийтэд нээлттэй ногоон талбайг бий болгох боломжтойг харуулсан үзүүлэлт юм. Улаанбаатарт зүлгэн дээр хөлөө жийж зүгээр л нэг суухын тулд заавал хөдөөг зорих, зуслантай болохоос нааш бүтэхгүй санаа билээ. 

Нийслэл Улаанбаатарт Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь төвлөрч, дөрвөн уулын дунд байгаль орчны доройтлыг бүтээн байгуулжээ. Хараа булаах шилэн цамхагууд тэнгэр цойлон сүндэрлэвч нүд амраах ногоон байгууламжид зай тавьсангүй. Талбайг цэцэрлэгжүүлэх, замын хажууд мод бут суулгах, зай чөлөө бүрт зүлэг, цэцэг, ургамал тарих цогц төлөвлөлтийг хийгээгүйгээс ногоон байгууламж гээгджээ. Гэтэл бид зүлгэн дээр зүгээр л суумаар байна.

Харин өнөөдөр хиймэл зүлгэн дээр сууж байгаад жинхэнэ зүлэг, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Улаанбаатарын засаг захиргаанаас хашаа буулгах аяны хүрээнд Хүүхдийн паркын газрын хашааг буулгахад хувийн компани Улаанбаатарын нүд цэлмээсэн том газрыг хашчихсан байсан нь илчлэгдсэн. Олон нийт энэ газраа буцааж авах, дээр нь олон нийтэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барихыг шаардсаар байгаа ч өнөөг хүртэл ямар нэг нааштай шийдэл эхлээгүй байна. 

Олон нийтэд нээлттэй цэцэрлэгт хүрээлэн гэхлээр зөвхөн америк киноноос хардаг романтик орчин байв. Улаанбаатарт нэг сайн жишээ бий. MCS групп өнгөрсөн жил нийгмийн сайн сайхны төлөө Улаанбаатарын төвд орших түүх дурсгалын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн эргэн тойронд зүлэг тарьж, хана туургыг нь явган хүний зам, автозогсоолоос тусгаарлан хамгаалсны гадна урд талын талбайг тохижуулан олон нийтэд зориулсан ногоон байгууламж бий болгосон нь хүмүүсийн тухалдаг газар болсон. Ойр тойрны офисын ажилтнууд савтай үдийн хоолоо аваад тэнд сууж иддэг, цайны цагаа зүлгэн дээр амарч өнгөрүүлдэг газар болсон. Гэхдээ энэ талбай Улаанбаатарт ганцдаад байна. Манай хотын нүргээнт хөл хөдөлгөөн, стресс бухимдалд олон цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.